
МЭРГЭЖИЛТНҮҮД БОЛОН ИРГЭДИЙН САНАЛЫГ ТУСГАСНААР САЙН ТОГТОЛЦОО БОЛОВСРУУЛЖ ЧАДНА
-Манайх Ром, Германы эрх зүйн тогтолцоотой орон. Үндсэн хуулиндаа ч энэ чиглэлээр шүүхийн тогтолцоог тусгасан байдаг. Энэ нь тийм ч буруу тогтолцоо биш. Гэхдээ Үндсэн хуулийн хүрээнд шүүхийн тогтолцоог боловсронгуй болгох, ялангуяа шүүгчдийг шударга ажиллах нөхцөлөөр хангах асуудал тулгамдаж байна. Тиймээс ч энэ чиглэлээр хуулийн төслүүд хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Гэхдээ энэхүү хуулийн төслүүдийг улам боловсронгуй болгохоор иргэд болон шүүх, хуулийн байгууллагын “гал тогоо”-нд буцалж байдаг хүмүүсийн шүүмжлэл, санаа оноог тусгахаар чуулган зохион байгуулж байгаа юм. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг үг байдаг. Чуулганаар хэлэлцэж гаргасан санааг хуулийн төслүүдэд тусгасны эцэст УИХ шүүхийн шинэчлэлийн талаарх бодлогоо гаргахаар зэхэж байна.
ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙГАА НЬ ШҮҮГЧДИЙН АЛДАА
-Шүүх бол Монгол Улсын нэрийн өмнөөс ажилладаг байгууллага. Өөрөөр хэлбэл, хоёр хүний маргааныг салгаж, шийдвэрлэдэг байгууллага юм. Шүүхийн шийдвэрээс хасах тэмдэг авсан нь шүүх засаглал муу, нэмэх тэмдэг авсан нь сайн гэсэн үнэлгээ өгдөг. Энэ утгаараа нийгмийн дунд шүүх хэзээ ч сайн нэр зүүдэггүй юм. Гэхдээ би шүүгчдийг яадгаа алдчихсан байна гэж боддоггүй. Учир нь хууль гайгүй гарсан учир тэднийг хуулийнхаа дагуу томилогдоод сайн ажиллаж байгаа гэж боддог. Үүнээс гадна гадны хөрөнгө оруулалтаар шүүх байгууллагын техник, технологийг шинэчилж, хүмүүсийг мэргэшүүлэх ажлууд олон хийсэн. Тэгэхээр шүүхийнхэн бусад салбарынхныг бодвол олон зүйл сонсож, мэргэшсэн хүмүүс. Харин үүнийгээ амьдралд хэрэгжүүлэхгүй байгаа нь л дутагдалтай байгаа юм. Энэ чуулган Монгол Улсын хэмжээнд шинэ үзэгдэл гэж болно. Үүнээс өмнө эрх мэдэлтнүүд тойрч суугаад л хууль боловсруулж, баталдаг байсан. Харин энэ удаад форум хэлбэрээр иргэд, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг тусгахаар зорьж байгаа нь шинэчлэлийн нэг хэлбэр. Гэхдээ шинэчлэл гээд уламжлалаа үгүйсгэж болохгүй. Уламжлал, шинэчлэлийг хослуулах хэрэгтэй.
ШҮҮГЧИД НАМААС ХАРААТ БАЙНА
-Шүүхийн хаалгаар ороод гарч байгаа хоёр хүн эсрэг тэсрэг үзэл бодол агуулж гардаг. Нэг ёсондоо 50:50 хувийн сэтгэл ханамжтай байдаг. Ялагдсан хүмүүс л “Шүүх буруу шийд гаргаж байна” гэсэн дүгнэлт гаргадаг. Энэ бол хаа ч байх үзэгдэл юм. Манай улс шүүхийн тогтолцоонд хууль зүйн хувьд шинэчлэл хийсэн. Үндсэн хуулиар нөхцөлдүүлсэн өөрчлөлтийг бүрэн хийсэн гэж бодож байна. Тухайлбал, хуулийнхны алхам бүрийг хуулиар зохицуулдаг. Гэхдээ зайлшгүй шинэчлэл хийх асуудлууд бий. Энэ нь сэтгэлгээний болон үйл ажиллагааны шинэчлэл юм. Үүнээс гадна шүүхийнхний өмнө тулгамдаж байгаа нэг асуудал нь улс төрийн шуналаас хол байх юм. Ер нь хууль, шүүхийн байгууллагууд улс төрөөс хараат бус байж чаддаггүй. Чин үнэнийг хэлэхэд өнөөдөр “гарын шүүгч, прокурор”-той болохын тулд зарлаагүй дайныг улаан цайм хийж байгаа шүү дээ.
Дээрх чуулганы үеэр шүүхийн буруу шийдвэрийн уршгаар хохирсон гэгдэх иргэд “Монгол Улсад шударга шүүх байхгүй” хэмээн бухимдаж байсан бол хуулийн байгууллагын төлөөлөгчид шүүх эрх мэдлийг шинэчлэхэд зориулж санал илэрхийлж байсан юм. Тэд шүүхийн байгууллагын хүний нөөцийг залуужуулахаас шүүхийн шинэчлэлийг эхлэх ёстойг хэлж байсан. Мөн арбитрын шүүхийг Монголд хөгжүүлэх асуудал нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байгаа учир үүнийг эргэн харах цаг болсныг ч сануулж байлаа. Харин прокурорын байгууллага муу ажиллаж байгаа гэдэг гомдлын хариуд Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Нэг прокурор сард 20 гаруй хэрэг хянаж байгаа учир хэрэгтэй биечлэн танилцаж чаддаггүй дутагдал бий. Тиймээс ийм гомдол цаашид гаргахгүй байхын тулд прокурорын тоог нэмэх зайлшгүй шаардлагатай” хэмээн хариулж байсан юм.
"Улс төрийн тойм" сонин