МАН шинэ “од” төрүүлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

МАН шинэ “од” төрүүлж чадах уу?

Улс төрийн тэмцлийн түүхээрээ онцгой нэгэн болох Бирмийн ардчиллын удирдагч Ан Сан Су Чи Монголд айлчлаад байгаа энэ өдрүүдэд амжиж хөндөх ёстой нэг сэдэв бидэнд бий. “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, эсвэл манлайлал” гэх зэрэг албаны үгийг хойш тавиад зүгээр л энгийн нэг асуултыг энд тавья. Монголд түүн шиг гэрэлтэх эмэгтэй лидер бий юү?!
“Дорны сар” гэгдэж буй Ан Сан Су Чид улс төрд орохгүй байх сонголт байсан, бас дараа нь энэ замаасаа буцаж, Бирмийг бүрмөсөн орхиж гарах сонголт ч байсан. Нөгөө зам нь илүү дардан, илүү аз жаргалтай байсан ч байж мэднэ. Гэхдээ тэр тэгээгүй юм. Эмэгтэй хүнд байгалиас заяасан тууштай зан, тэвчээр, зовлонгийн эцэст ч гэрэлтэж чаддаг гайхамшигтай чанар байдаг. Ан Сан Су Чи ч үүний үлгэр юм. Тэрчлэн Маргарет Тетчер, Индра Ганди гээд монголчуудын сайн мэддэг дэлхийн хэмжээний эмэгтэй лидерүүдийг ижилсүүлж байдаг мөн чанар нь энэ юм.

Монголын улс төр харин эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөхдөө дургүй. Зөвхөн эрчүүдийн тоглоом мэтээр ойлгож, энэ нь гажиж болохгүй хууль мэт хэвшиж буй. Нэгэнт эрчүүд тоглож байгаа учраас дүрэм нь ч бас тэдний мөн чанарын тусгал. Хатуу, чанд юм шиг атлаа хуурамч. Үүнийг шударга бус гэдэг ганц үгээр томьёолж болох байх. Гэвч тэр дүрмээр нь өрсөлдөж, өөрсдийг нь давж гарч ирсэн цөөхөн бүсгүйчүүдийг хүлээн зөвшөөрөхдөө эрчүүд харин хатуу. Чөлөөт сонгуулиар төрөө байгуулдаг болсон сүүлийн хорь гаруй жилд л гэхэд улс төрийн намуудын аль нь ч эмэгтэй нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлж байсан түүхгүй. Энэ хооронд гэтэл эмэгтэйчүүд маань улс төрд улам чангарч, энэ тогоонд олон жил чанагдсан нэгэн нь хэдийнэ удирдагчийн зэрэгт хүрснийг иргэд, олон нийт бэлхнээ хэлээд өглөө. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ олон нийтийн санал асуулгаар тодруулах сунгаа явуулахад “Д.Оюунхорол” www.politics.news.mn гэдэг нэр цойлоод гараад ирсэн нь үүний нэг илэрхийлэл юм. Ийм дүн гарахыг энэ нам дотор олон хүн таамаглаагүй байх. Бас түүнээс ч олон хүн хүлээн зөвшөөрч чадахгүй адгаж байгаа байх. Тэгвэл улстөрчдөөс түрүүлээд иргэд, сонгогчид түүнийг хүлээн зөвшөөрчихлөө гэсэн үг. Тэр тусмаа дархан аваргаас илүү санал авсан нь бүр санаанд ч оромгүй үнэлгээ юм.

Эмэгтэй улстөрч, удирдагчийг харах нүд, хандлага, үнэлэмж нийгэмд ийн өөрчлөгдөж байгааг сортоотой мэдрэх, алсын хараатай шийдвэр гаргах тулх харин МАН-д байж магадгүй юм. Улс төрд үзсэн туулснаараа яах аргагүй илүүрхдэг тус намын Удирдах зөвлөл намдаа үнэ цэн нэмэх гэнэтийн шийдвэрийг энэ удаад гаргахыг үгүйсгэх аргагүй. МАН парламентад сөрөг хүчин. Бас өнөөгийн Ерөнхийлөгч нөгөө талаас дахин өрсөлдөхөд хүрвэл “давагдашгүй хүчин зүйл” тэр болж мэднэ. Ийм тохиолдолд ялагдсан ч өөрсдөдөө өнгө нэмэх, үнэ цэнэ авчрах нүүдэл хийх нь алсын тусгалтай байж мэднэ. Д.Оюунхорол МАН-аас хэд хэдэн парламентад суусан. Тэр байтугай намын квотоос хасагдчихаад бие даан нэр дэвшээд гараад ирж л байсан. Энэ бол шалгуур. Ийм шалгуур давсан эрчүүд ч тус намд хэд билээ? Аль ч талаас бодсон байж болох сонголт. Санал асуулгын дүн “нүд”-тэй л гарч. Харин үүнийг МАН дахь шийдвэр гаргах төвшний эрчүүд хүлээн зөвшөөрөх эсэх эр зоригийн асуудал л энд үлдэж байгаа.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж