Өмнөдүүд сэргэж, Испани ажилгүйдэв

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Өмнөдүүд сэргэж, Испани ажилгүйдэв

Испанид ажилгүйдэл нэмэгдэж, харин Өмнөд Солонгосын эдийн засаг өсч, Кесоны үйлдвэрийг нээх хүсэлтээ дэлхий нийтэд зарлалаа. Евро бүсийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаатай зэрэгцэн, хувьцааны үнэ өсөх хандлага ажиглагдаж эхлэв. Эдгээр үйл явдлаар өртөөлөн дэлхийн эдийн засгийн үйл явц өрнөж байна.

Компаниудын уналт, өсөлт

Энэ жил персонал компьютерийн худал­даа өмнөх жилүүдийнхээс буурсан. Ялангуяа технологийн салбарын тэргүүлэх компанийн нэг болох “Dell”-ийн ашиг 14 хувиар унажээ. Өнгөрсөн жил уналт гарч байсан ч энэ жилийнх шиг байгаагүй юм. Харин “Google”, “Microsoft”-ийн ашиг өссөн үзүүлэлттэй гарчээ.

“Google” компанийн жилийн эхний гурван сарын ашиг 3,35 тэрбум ам.доллар гарсан нь өнгөрсөн оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт юм. Ашиг өсөх болсон гол шалтгааныг онлайн зар сурталчилгаатай холбон тайлбарлаж байна. Харин “Microsoft” компанийн эхний гурван сарын ашиг 7 тэрбум ам.доллар гарсан нь өнгөрсөн оныхоос 17 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Ийм ашиг олох болсон шалтгааныг Windows 8 үйлдлийн системтэй холбож болох юм. “Аpple” компанийн үйл ажиллагааны орлого өссөн ч хөрөнгийн зах зээл дээр хувьцаа нь унасан нь 2011 оноос хойш гараагүй тааруу үзүүлэлт болов.

Хийжүүлсэн ундааны зах зээлийн томоохон компани болох “Кока-Кола”-ны ашиг Европт 15 хувиар буурсан байна. Компанийн удирдлагууд үүнийг евро бүсийн хямралтай холбон тайлбарлаж байгаа ч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Европийн иргэд хийжүүлсэн ундаа гэхээсээ илүү байгалийн гаралтай цэвэр шүүсийг түлхүү хэрэглэх болсонтой холбоотой гэж үзэж байгаа юм. “Кока-Кола” компани оны эхний гурван сарын байдлаар 1,75 тэрбум долларын ашиг олсон нь өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлт болжээ. 2012 оны эхний гурван сард тус компани 2,06 тэрбум ам.долларын ашиг олж байсан билээ.

Харин “Пепси” компанийн ашиг Европт 5 гаруй хувийн уналттай гарсан бол Хойд Америкт худалдаа 4 хувиар, Ази, номхон далай, Ойрхи дорнодын эдийн засаг өсчээ.

Үүнээс гадна эрчим хүчний томоохон компани “General Electric”-ийн эхний гурван сарын орлого 16 хувиар өсчээ. Ийнхүү өсөх болсон шалтгааныг NBC Universal-ын хувьцааг  Comcast-д 18,1 тэрбум ам.доллараар худалдсантай холбон тайлбарлаж байна. Одоогийн байдлаар тус компани 3,53 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн жилийнхээс 3,3 тэрбумаар өссөн үзүүлэлт аж. 2013 оны эхний гурван сард багтааж тус компани Австралийн байгалийн хийн “Күийснлэнд Кюртис” компанитай 620 сая ам.долларын гэрээ байгуулж чадсан байна. Мөн үүнээс гадна Арабын нэгдсэн Эмират улсын хөнгөн цагааны үйлдвэр, ОХУ-ын LNG төсөлтэй ашигтай гэрээ байгуулсан аж.

Кесоныг дахин нээхээр чармайж эхлэв

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Өмнөд Солонгосын талынхан Кесоны аж үйлдвэрийн цогцолборын хэвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр Хойд Солонгостой хэлэлцээ хийхээр чармайж эхэллээ. Одоогоор нааштай хариу илгээгүйг албаны хүмүүс мэдээлэв. Өнгөрсөн хоёрдугаар сард туршсан цөмийн туршилтын дараачаас хоёр Солонгосын харьцаа хурцдаж, улмаар Кесоны аж үйлдвэрийн цогцолборын хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн юм. “Засгийн газрын зүгээс хүсч байгаа нэг л зүйл бий. Энэ нь асуудлыг аль болох хүмүүнлэг аргаар шийдэж, хоёр улсын эрх ашгийг бодсон ч Кесоны үйлдвэрийн өдөр тутмын ажлыг хэвийн болгох. Хоёр Солонгос энэ л асуудал дээр нэгдэх ёстой” гэж Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ким Хён Сук ярьжээ.

2003 онд Өмнөд болон Хойд Солонгосын хооронд худалдааны эргэлтийг сайжруулах, нийгэм, эдийн засгийн салбарт энх тайванчаар хамтран ажиллах зорилгоор энэхүү аж үйлдвэрийн цогцолборыг нээсэн билээ. Кэсоны эдийн засгийн бүс өмнөдөд нэг их ашиг орлогоо өгч байгаагүй ч хоёр улсын харилцааг тогтоон барих эш үндэс хэмээн үзэж байсан юм. Харин хойдчуудад энэ үйлдвэрийн хүч нөлөө асар их байсныг үгүйсгэх аргагүй. Өөр хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл гэхээр юмгүй энэ нутгийн ганц эх үүсвэр нь энэ байсан билээ. Кесоны цогцолборт Хойд Солонгосын 53,000 гаруй ажилчин Өмнөдийн 123 компанид ажилладаг юм. Өмнөдийн талаас 800 гаруй ажилчин ажилладаг байсан ч хойдчууд тэднийг халгаагүй. Хэрвээ энэ хэлэлцээ бодитой үр дүнд хүрэхгүй бол өмнөдийн талаас тус үйлдвэрийн цогцолборт нийлүүлэх мөнгө, эрүүл мэндийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоох аж.

Испани анти рекорд тогтоов

Испани улсын ажилгүйдэл 27,2 хувьд хүрэв. Энэ бол өнгөрсөн долоо хоногийн томоохон мэдээллүүдийн нэг нь. 1975 онд Генерал Франкогийн уналтаас хойш Испани улс үүн шиг зүдэрч байсангүй. Испанийн ажилгүйдлийн төвшин таван жилийн өмнөөс унаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил эрчимжсэн эдийн засгийн хямрал ч энэ үеэс эхэлсэн гэж үздэг. Ажилгүйдлийн төвшин ийнхүү дээд цэгтээ хүрсэн нь нийслэл Мадрид хотод хүндээр тусч байгаа аж. Испанийн ерөнхий сайд Мариано Рахой энэ долоо хоногийн сүүлээр ажилгүйдлийг хэрхэн бууруулах, эдийн засгийн хямралыг бууруулахад эдийн засгийн ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэх юм. Өнгөрсөн онд 17-18 хувийг зааж байсан ажилгүйдлийн хэмжээг дараа жил гэхэд 10 хувьд хүргэнэ гэж мэдэгдэж байсан ч Испанийн Засгийн газар амлалтаа биелүүлж чадсангүй. Дээрээс нь Испани улс өнгөрсөн оны аравдугаар сараас 10 жилийн 7 хувийн хүүтэй 100 тэрбум еврогийн бонд авсан гэдгийг мартах учиргүй.

Европ тив даяар 19 сая хүн ажилгүй байгаа гэж мэдээлж байсан. Харин үүний зургаан саяыг Испаничууд бүрдүүлж байна. Оны сүүлээр тэднийг евро бүсээс бонд авахад ажилгүйдлийн төвшинг бууруулж, нэг оронтой тоонд барих гэдэг ганцхан болзолтойгоор худалдсан. Гэтэл яг одоо байдал хүнд байна.

Түүнчлэн Ирланд улс евро бүсээс дахин зээл авах талаар ярьж эхлэв. Кипр улсын байдал буцаад хүнд боллоо. Грек улс зээлсэн мөнгөө хэрхэн төлөх, инфляцийн өсөлтийг хэрхэн барих талаар анхны илтгэлээ зургадугаар сарын сүүлээр Европийн холбоонд өгнө.

Өөр мэдээллүүд

Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн нэг сарын хугацаанд 0,9 хувиар өссөн гэсэн таатай мэдээлэл олонд тарав. Блүүмбергийн мэдээлж байгаагаас харвал Өмнөд Солонгосын ерөнхийлөгч дотоод болон гадаадын 15 эдийн засагчийн бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулж, эдийн засгийг өсгөх талаар бодлого хэрэгжүүлсэн нь ийнхүү үр дүнгээ өгчээ. Өмнөдийн ерөнхийлөгч эдийн засгаа жигд хөгжүүлэх зорилго тавин 15 тэрбум ам.долларын төсвийн тодотгол хийжээ. Мөн автомашины томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Hyundai Motors” компани Хятадын зах зээлээс олсон ашиг нь эхний гурван сарын орлого ихсэхэд нөлөөлжээ. Мөн “Samsung” компанийн хувьцаа өнгөрсөн жилийнхээс 2-3-иар өссөн гэсэн таатай мэдээлэл гараад байв.

Европийн зарим компани тодруулбал Европийн хоёр дахь том газрын тос нийлүүлэгч “Technip SA” 14,8 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оныхоос 20 гаруй хувиар өсчээ. Харин “Юнилевер” компанийн ашиг гурван хувиар буурсан бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй байна. Ерөнхий төлвөөс нь дүгнэж үзвэл Европийн хувьцаанууд үл ялиг өсөх хандлага ажиглагдаж байгаа юм.

С.БОЛОР

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №009

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж