Гадаад хэргийн сайд Л.Болд Бага хурлын үйл ажиллагааг дүгнэж хэлсэн үгэндээ:
– Дэлхийн 100 гаруй орныг төлөөлөн ирсэн 1300 орчим хүндэт зочид, төлөөлөгчид гурван өдрийн турш Улаанбаатар хотноо ардчиллын ололт амжилт, алдаа оноо, цаашдын чиг хандлагыг дүгнэн хэлэлцэж, бие биеэсээ суралцан8 харилцан туршлага солилцлоо. Өмнөх Бага хурал 30 гаруй хөрш оронтой Литва улсад болоход дэлхийн олон орны төлөөлөгчид оролцож чадсан нь зүй ёсны хэрэг байсан бол хоёрхон хөрштэй Монгол Улсын хувьд хэчнээн орноос хэр олон төлөөлөгч хүрэлцэн ирэх нь тодорхой хэмжээгээр санаа зовоосон асуудал байв. Гэтэл өмнөх хурлынхаас илүү өндөр түвшний, илүү олон төлөөлөгч YII Бага хуралд хүрэлцэн ирж оролцлоо. Хамгийн гол нь энэ олон төлөөлөгч үнэхээр алс холын замыг туулж Монгол Улсыг чин сэтгэлээсээ зорин ирснийг тэмдэглэх нь зүйтэй гэсэн юм.
АОХН-ийн Сайд нарын YII Бага хуралд Тайландын Ерөнхий сайд Йинлак Чинават, Коста Рикагийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен, Нигерийн Дэд Ерөнхийлөгч Намади Самбо, Европын комиссын Дэд ерөнхийлөгч Катрин Аштон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кассым-Жомарт Токаев, Нобелийн шагналт Аунг Сан Суу Чи, Нобелийн шагналт Тавакул Карман, АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайсснар зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь дэлхий нийтэд Монголыг таниулж, дэлхийн олон оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа урагшлуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн чухал үйл явдал болсныг Л.Болд сайд онцлон тэмдэглэв.
“Гурван өдрийн дотор Бага хурлын хүрээнд 5 удаагийн салбар чуулга уулзалт, 9 удаагийн сэдэвчилсэн бүгд хуралдаан, бүс нутгийн 1, хоёр талын маш олон уулзалт, Сайд нарын албан ёсны хурлыг оролцуулаад нийт 18 хуралдаан болж, 100 гаруй хүндэт зочид, төлөөлөгч, иргэний нийгмийн төлөөлөл-олон хүн үг хэлж санал бодлоо хуваалцсаны эцэст “Улаанбаатарын тунхаглал” хэмээх төгсгөлийн баримт бичгийг батлан гаргалаа. Монгол Улс АОХН-ийг даргалсан хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, таван удаагийн салбар форумаас гаргасан зөвлөмж зэргийг албан ёсны баримт бичиг болгон энэхүү тунхаглалд тусгасан”-ыг Гадаад хэргийн сайд Л.Болд онцлон дурдсан юм.
Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт хатагтай Тавакул Карман, ардчиллын бэлгэ тэмдэг хэмээн нэрлэгдэх болсон, Нобелийн шагналт хатагтай Аунг Сан Суу Чи нарын зэрэг дэлхийн олон орны нэр хүндтэй зочид, төлөөлөгчид ирж албан ёсны яриа хэлцэл хийн, ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөсөн нь үнэхээр том түүхэн үйл явдал болохыг Л.Болд сайд тэмдэглэн өгүүлээд энэхүү том хурлыг эх орныхоо нийслэлд зохион байгуулахыг сэтгэл зүрхээрээ дэмжиж, уг үйл явдалтай холбоотой бүхий л өөрчлөлт, зохицуулалтыг хүлээн авсан нийслэлчүүддээ, Улаанбаатар хотын захиргаа, төрийн байгууллагуудад талархлаа илэрхийлсэн юм. Тэрбээр мөн “Энэ үйл явдал Монгол Улсад өөрт нь ардчиллыг бэхжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж буй”-г цохон тэмдэглээд дэлхий нийтийн анхаарлыг татсан Бага хурлын үйл ажиллагааг олон нийтэд амжилттай сурталчилсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд баяр хүргэн талархлаа дэвшүүлэв.
Үүний дараа АОХН-ийг дараагийн хоёр жилд даргалах Эль Сальвадор улсын Гадаад хэргийн сайд Хюго Рожер Мартинез Бонилла товч үг хэлэхдээ тус улс “Ардчиллын процессын олон төрөл зүйлийг хүлээн зөвшөөрч, ардчиллыг дэмжигч бүх улс оронтой хамтын ажиллагаа, харилцан ойлголцолд хүрч, ардчилсан хөгжлийн замыг тодорхойлох аливаа эрхийг хүлээн зөвшөөрч ажиллана” гэдгээ мэдэгдлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.