
Бага үдийн 11 цагийн үед хөвгүүд ажилдаа хараахан ирээгүй байв. Ойролцоох цагаан утсаар яриулдаг ахимаг насны эрээс асуувал “Тийм хөвгүүд бий. Одоо удахгүй гараад ирдэг юм” гэж байна. Хэсэг хүлээгээд “Tedy” төвийн өргөтгөлд байрлах залуучууд чөлөөтэй орж болдог гэх танхимд орлоо. Харин энд тэдний нэг нь харагдав.
Хүү бага зэрэг томдсон даавуун хүрэм өмсч, дотуур цамцныхаа юүдэнгээр толгой, духаа халхалжээ. Гартаа машины үнэртүүлэгчийг олноор нь хэлхэж барьсан харагдана. Биднийг анзаарах сөхөөгүй тоглох энэ хүүг Б.Төртөвшин гэдэг. Амьдардаг газар, сургуулиа хэлсэнгүй. Учир нь гэр, сургуулийг нь хэн нэгэн асуувал дараа нь харьяа хорооноос нь хүмүүс ирж эцэг, эхийг нь байцаагаад “Яагаад хүүхдээ сургуульд явуулахгүй байгаа юм” гэх зэргээр асууж, шалгаадаг бололтой. Түүний тоглож байгаа тоглоомыг “Soccer” гэх аж. Гэхдээ ширээний хөлбөмбөг гээд нэрлэх нь ойлгомжтой болов уу. Тоглох дүрэм нь их энгийн, талууд ширээний хоёр талд гарч өөр өөрсдийн тоглогчдоо удирдаж, эсрэг багийн хаалганд бөмбөг оруулна. Б.Төртөвшингийн эсрэг багийнхан түүний үеийн хоёр хүү байх бөгөөд ялгаа нь сурагчийн дүрэмт хувцас өмссөнд байв. Тэд 100 төгрөгийн бооцоотойгоор өрсөлдөж байгаа бололтой. “Мөнгөө бэлтгэж байгаарай” гэж бие биендээ сануулна. Энүүхэндээ л гэж хэлэхэд миний бие зурагчинтайгаа нэг баг болж энэ тоглоомыг тоглосон ч хөвгүүдэд 10х4 оноогоор хожигдсон. Гэхдээ би анх удаа энэ тоглоомыг тоглосон гэж өөрийгөө зөвтгөсөн. Энэ зуур бусад нь хаанаас ч юм гарч ирлээ.
“Ухар, ухар. Одоо баруун тийшээ дар” гэж хөвгүүдийн хамгийн бага нь хашгирч байв. Тэд 11.30 цагаас нэг их оройтолгүйгээр ажлаа эхлээд сурчихсан гэнэ. “Ах аа. Та яах гэж байгаа юм” гэж надаас асууж байна. Харин би мэдсээр байж “Миний дүү юу зарж байгаа юм” гэж асуухад олон үнэртүүлэгчээ нааш харуулав. Доллар, соёмбо, гүзээлзгэнэ, нүцгэн эмэгтэйн дүрс харагдана. Гааны үнэртэй нь хамгийн үнэтэй.
Хөвгүүдийн хамгийн бага нь 14 настай Б.Мөнхбат. Түүнтэй хэсэг хором ярилцлаа.
-Энэ зүйлийг хаанаас авдаг юм бэ?
-Захаас авдаг. Гэхдээ бид “Zig Zag”-аас ихэвчлэн авч зардаг.
-Хэдэн төгрөгөөр авч, ямар үнэтэй зардаг юм бэ?
-400-700 төгрөгөөр аваад 1000-1500 төгрөгөөр зардаг. Өдөрт 10 ширхгийг зардаг. Заримдаа 20, 30-аар нь ч зарах нь бий.
-Өдөрт хэдэн төгрөг олдог вэ. Олсон мөнгөөрөө юу авдаг вэ?
-Өдөрт 20 мянган төгрөг олдог. Ээждээ 15 мянгыг нь өгөөд таван мянгаар нь хоол идээд, тоглодог.
-Ээж, аав чинь чамайг ажил хийх хэрэгтэй гэж хэлсэн үү, эсвэл чи өөрийнхөө дураар энд зогсч байна уу?
-Би өөрөө ажиллаж байгаа. Үнэртүүлэгч зараад хоёр жил болж байна. Манай аав “Ажил хийж, эртхэн биеэ даах хэрэгтэй” гэж хэлдэг юм.
Бидний яриа удаан үргэлжилсэнгүй. “Ах аа, би наймаагаа хийлээ” гэж хэлээд яваад өгөв. Удалгүй зогсоолын хойноос машинаа тавих зай хайн орж ирэх жолооч нарыг амдаж очин “Ах аа тэнд нэг зогсоол байна лээ” гэж дагуулан одов. Бусад хөвгүүд нь ч түүнтэй адилхан ажиллах бөгөөд зарим шинэхэн жолооч нарыг зогсоолд машинаа тавих, гарахад нь тусална. Үгүй бол машинууд шүргэлцэж, хажуу бөөрөөрөө хавиралдах шахна. Б.Мөнхбат хүү Сүхбаатар дүүргийн 117 дугаар дунд сургуульд сурдаг. Гэхдээ өнөөдөр сүүлчийн цагаа таслан ажилдаа иржээ. Хүүгийн аав нь барилгад ажиллаж, ээж нь дүүг нь хараад гэртээ суудаг гэнэ. Ирэх жил хүү есдүгээр ангиа төгсөөд барилгын сургуульд орж цахилгаанчин болох юм.
Би лав энэ хөвгүүдийн насан дээр байхдаа машины маркийг тийм сайн мэддэггүй байж. Хонда, Бенз, Лексүс гээд л хаанаас нь ч хараад тэд танина. Гарцыг нь хааж машин тавьсанд бухимдан зогсох нэгэн эрийн дэргэд Б.Мөнхбат хүү очиж зогсоход нь би дагалдав. Өнөөх эр “Чи чинь өчигдөр надад нэгийг зарсан биз дээ. Өдөр болгон зарах гээд байна аа даа” гэж хүүгийн хүзүүн дээр гараа тавив.
Хөвгүүд нэлээд хөдөлгөөнтэй юм. Нэг харахад миний дэргэд байсан бол хэдхэн хормын дараа зогсоолын нөгөө талд зогсч байна. Заримдаа зогсоол руу орох хаалганы өмнө гиюүрч буй нь ч харагдана. Энэ зогсоолыг хариуцан ажилладаг “Нью Сек” хамгаалалтын албаныхны ярьж буйгаар хөвгүүд тэдний ажилд их л тус болдог бололтой. “Эд их сэргэлэн шүү дээ. Жолооч нарыг зогсоолд машинаа тавихад нь тусалчихаад очоод “Үнэртүүлэгч авах уу, ах аа” гээд хаалганаас нь зүүгдээд зогсчихно. Зарахгүй байна л гэж байхгүй. Гол нь эднийг байхгүй бол машин шүргэлцэх, зогсоол эмх замбараагүй байна” хэмээнэ.
Хөвгүүд энд хоёр жил ажиллаж байгаа аж. Тэднээс дахин асуухад “Жил болж байна” гэж хэлээд инээв. Мөн өнөөдөр ямар хичээл орсон бэ гэж асуувал “Хичээлдээ явсан гэж худлаа ярьсан юм” гэв.
"Улс төрийн тойм" сонин