Хэргийн хянах явцын талаар прокурорын эх сурвалжаас тодруулахад “Нэр бүхий байцаагчдын хэргийг хянаж дуусах дөхөж байна. Шаардлагатай гэж үзвэл шүүхэд шилжүүлэх болно” гэв. Ямартай ч байаагчдын нэрийг прокурорын байгууллагаас сайтар нууцалж байгаа юм.
Хэргийг сануулахад, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас дээрхи байгууллагуудын өнгөрсөн 2012 оны захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтэд явуулсан материалуудыг зохих хууль, журамд нийцэж буй эсэхийг өнгөрсөн хоёрдугаар сард шалгасан байдаг. Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс болон Гаалийн улсын байцаагчдын захиргааны хэрэг бүртгэлт явуулсан 131 материалыг хянахад,
-Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбар хуулиудыг буруу хэрэглэсэн, хүчингүй болсон хуулиудыг хэрэглэж захиргааны шийтгэл ногдуулсан,
-Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчилд захиргааны хэрэг бүртгэлт явуулж захиргааны шийтгэл ногдуулсан,
-Хэрэг бүртгэлтийн материалыг нөхөж бүрдүүлдэг, шийтгэвэр, зөрчлийн тэмдэглэлд зөрчил гаргагчийн гарын үсэг зуруулдаггүй, зөрчил гаргагчид эрх үүргийг нь тайлбарлаж өгдөггүй, захиргааны журмаар эд зүйлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хурааж авдаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн юм.