Уртасгасан цагаар ажиллах нь зүрхний шигдээсээр өвчлөх магадлалыг өндөрсгөдөг болохыг Англид явуулсан нэгэн судалгаа баталлаа. Лондонгийн “Юниверсити” коллежоос хийсэн судалгаа өдөрт 11 цаг буюу түүнээс дээш цагаар ажилладаг оффисийн ажилтнууд өдөрт 7-8 цаг ажилладаг хүмүүсээс зүрхний өвчинд өртөх магадлал 67 хувиар өндөр байгааг тогтоосон байна.
Ийнхүү ачаалалтай ажиллахын хамгийн гол дутагдалтай тал бол ширээний ард хөдөлгөөнгүй хэт удаан суух, буруу хооллох явдал гэнэ. Энэхүү судалгаанд 1991-2004 он хүртэл төрийн албанд ажилласан 7100 хүн хамрагджээ. Тэдний 70 хувь нь эрэгтэйчүүд. Яг ажил хийж байх үедээ өвчлөхгүй ч хожим нь зүрх муудаж эхлэхийн том шалтгаан илүү цагийн ажил байдаг байна. Үүнтэй жижл төрлийн судалгааг Япон, Европын зарим оронд хийсэн бөгөөд адилхан дүгнэлтийг гаргасан юм. Ялангуяа хөгжиж буй орнуудад илүү цагаар ажиллах, ажлын цаг дууссан ч ажлаа гэртээ харьж үргэлжлүүлэн хийх үзэгдэл түгээмэл байдаг. Энэ нь зүрхний шигдээс болон цус харвах өвчинд нэрвэгсдийг улам залуужихад хүргэж байгаа юм.