С.Баярцогтын залгамжлагч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

С.Баярцогтын залгамжлагч хэн бэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр УИХ-ын дэд даргын төлөөх өрсөлдөөн өрнөж байна. Өнгөрсөн пүрэв гаригт суларсан дэд даргын суудалд суух нэр дэвшигчийг олонхийн бүлэг маргаашийн хуралдаанаараа хэлэлцэнэ. АОХН-ийн хурал өнөөдөр үргэлжлэх тул УИХ дахь намын бүлгүүдийн хурлыг маргааш хүртэл хойшлуулаад байгаа юм.

Гэхдээ бүлгээр хэний нэрийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх нь тодорхойгүй ч олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Г.Батхүү, Р.Амаржаргал, М.Батчимэг, Р.Бурмаа нарыг дэд даргын албан тушаалын төлөө намын бүлэг дотроо өрсөлдөх байх хэмээн таамаглаж байна.

Улстөрийн хүрээнийхэн дунд өрнөх магадлалаар олонхи нам доторх фракцийн хүчийг тэнцүүлэх зарчмыг өмнөх шигээ баривал “Алтан гадас”-аас дахин УИХ-ын дэд дарга “төрөх” аж. Эл фракцийг төлөөлж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Г.Батхүү нар өрсөлдөх бололтой. Р.Гончигдорж гишүүний хувьд 1996-2000 онд УИХ-ын даргаар томилогдож шинэ цагийн ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд онцгой үүрэг хүлээсэн хэмээн тодорхойлогддог төдийгүй өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа мөн УИХ-ын даргаар томилогдох магадлал өндөр гишүүний нэгээр тодорч байсан.

УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хувьд өмнөх парламентад УИХ-ын дэд даргын алба хашиж байсан туршлагатай ч цөөнхийн бүлгийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Учир нь Өвөрхангайн тойрог дахь УИХ-ын сонгуулийн маргаан цэгцрээгүй үед УИХ-ын гишүүний тангараг өргөсөнд нь цөөнх одоо хэр нь гомдолтой явдаг. Тиймээс УИХ-ын дэд даргад түүний нэр дэвшвэл цөөнхийн зүгээс сөрөг тоглолтыг үргэлжлүүлэн хийж, сонгууль дөхөж байхад намын рейтингээс чангааж болзошгүй.

Харин сөрөг хүчний зүгээс дэмжлэг хүлээж болохуйц эрхмүүдийн тоонд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг нар орж байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр олонхиос УИХ-ын дэд дарга хайх үеэрээ “Асуудалд эрүүлээр хандаж, эв нэгдлийн зарчмыг хангаж ажиллаж чадах хоёр гишүүний нэг нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, нөгөө нь Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг” хэмээн нэр заасан. Цөөнхийн бүлэг олонхийн бүлгээс ойлголцож болно гэж тооцсон хүнээ түүний үгээр дамжуулан дайлгасан байхыг үгүйсгэх аргагүй.
 
Тэр тусмаа хэтэрхий зожиг зан, ганцаарчилсан тоглолтоосоо болоод аливаа томилгооны ард сугарч үлддэг Р.Амаржаргал гишүүний мэдлэг туршлагыг Монголын төр ашиглах ёстой гэх үгийг улстөрийн хүрээнийхэн Ардчилсан намын гишүүдэд үе үе сануулах нь бий. Харин тэрээр намын даргаа болон Шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нь хажуугаас нь хааяа нэг шүүмжлэхээс өөр зүйл хийхгүй байгаа болохоор “Алтан гадас” фракци түүнд нэр дэвших боломж олгох уу гэдэг эргэлзээтэй.

М.Батчимэг гишүүний хувьд нам дотроо залуу улстөрчид тооцогдох ч өөрийн гэсэн үзэл бодол, үнэлэмжтэй нэгэн. Нам доторх болохгүй, бүтэхгүй зүйлийг шулуухан хэлчихдэг, дарга дорго гээд айж ичээд байдаггүй шинэ соргог байдлаараа бусдаасаа ялгардаг. Энэ чанар нь түүнийг сөрөг хүчний үйл ажиллагаанд суралцаж амжаагүй яваа сөрөгч хүчинд түшиг тулгуур мэтээр харагдуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэвч намын бүлгээсээ дэмжлэг хүлээх эсэх нь бас л эргэлзээтэй аж. Хоёрдугаарт тэр одоо УИХ-ын Ёс зүйн дэд хороог тэргүүлж байгаа. 

УИХ-ын дэд даргад нэр дэвших магадлалтай хүмүүсийн дунд Ж.Батзандан гишүүний нэр орж ирсэн нь харин анхаарал татах ёстой асуудал. Хааяадаа намын дарга, гишүүддээ хандан цөөнхийн бүлгийг хүндэтгэж ажиллахыг сануулахын зэрэгцээ “Монголын төрд С.Баярцогт шиг хүн байх ёсгүй. Тэднийг зайлуулахын төлөө тэмцэх болно” гэх үгийг чуулганы хуралдаан дээр чулуудсан түүнийг олон хүн “Цаадах чинь С.Баярцогтын эзгүйрч байгаа суудал дээр хараагаа унагачихжээ” хэмээн шивнэлдэж байгаа. УИХ-ын танхимд орж ирснээсээ хойш гудамжны тэмцэгчийн имиж, байр байдлаасаа салж, буйр суух гэж багагүй зовж байгаа түүнийг сөрөг хүчнийхэн “Ардчилсан нам дахь манай цэрэг” хэмээн үзэх болсон гэдэг яриа ч гараад байгаа. Үнэн худлыг бүү мэд. Харин сонгогчдын зүгээс Ж.Батзандан гишүүнийг “Дан ганц залуу хүний омголон зангаар асуудлыг шийднэ гэж байхгүй. Энэ дөрвөн жилийн хугацаанд илүү их боловсорч, туршлагатай парламентч болон төлөвших ёстой” хэмээн найддаг.
 
Тэгээд ч “Шонхор” фракцийн тэргүүн УИХ-ыг даргалж байхад дахиад нэг дэд даргаа өөрийн фракциас гаргавал намын бүлэг дотроо дэмжлэг авах магадлал бага. Энэ мэтчилэн нэр дэвших боломж хийгээд, няцаах үндэслэл аль алинд нь л байна. Тэгэхээр УИХ-ын дэд даргын суудалд хэн суух вэ гэдэг маргааш хуралдан Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас тодорхой болох нь. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж