
Царай.
Шууд утгаараа миний илэрхийлэл энэ
муу ширэн нүүр минь байх л даа. Зэгэл царайлчихсан нурмийж явсан ч, хөөрхөн
угаачихаад хөөрч явсан ч царай л бол царай “Жавхаа гэж нэг хөгийн юм явж байна
лээ” гэсэн үг гарч л байгаа бол царай маань нэрээ чирээд явсан л байж таарах
нь. Нэгэнт царайгаараа хоол олж иддэг хүн нь би биш болохоор царай намайг бүрэн
илэрхийлж чадахгүй.
Нэр алдар.
Өөрөө асар ойлгомжгүй бөгөөд хийсвэр
зүйл шүү дээ. Нэгдүгээр сургуулийн банди, нэг тийм залуу, нэг үйлдвэрт ажиллаж
байсан ах хүү, facebook дээр яваад байдаг хүн, урд цуг сургууль төгссөн найз,
Америкт нэг хотод байсан нөхөр, Солонгост айл нүүлгэдэг багийн гишүүн, сайн
залуу, худлаа гар … Хийгээд өнгөрсөн нь бодит, урагш харсан нь хийсвэр. Тэнгэрт
дүүлж яваад хальтирч гишгэвэл бусдын хувьд хэн ч биш, газарт танилцаад ангал
руу унасан ч цөөхөн хэдэн хүмүүстээ анд нөхөр.
Мөнгө.
Мөнгө байхгүй, тийм учраас мөнгөний
сонирхолтой хүмүүст би өөрөө ямар ч хэрэггүй. Өөрийнхөө төлөө бусдаас мөнгө
гуйдаггүй, тийм учраас алтан шүд алмаазан бөгжтэй байсан ч миний хувьд “Зүгээр
л нэг мөнгөтэй хүн”
Боловсрол
Harward төгсөөгүй, лаг гаруудад бол
гологдоно, гэхдээ өөртөө тэнэг итгэлтэй. Хичээвэл чадна, халтар хултар ихэнхи
зүйлийн захыг гадарлана. Халаасыг нь сэгсрээд, уртаашаа ганц хуудас цагаан
цаастай гэрийнх нь саарал өмд ногоон фудболкыг өмсүүлээд Сүхбаатарын талбай
дээр хаяхад түцнээс үзэг гуйж анкетаа бөглөөд талхны мөнгө бусдаас гуйлгүй
амьдарчихаж чадна гэдгээ мэддэг.
Энэ бүхэн аль нь ч намайг бүрэн
илэрхийлж чадахгүй.Та нар энэ зургийг харж байгаа биз дээ ? Би гол зүйлийг нь,
тэр улаан өнгийг нь хайгаад байна шүү дээ. Алдар нэр, хөрөнгө мөнгө, мэдлэг
боловсрол, зүс царай … Энэ дэлхийн бүх хүнд эдгээр зүйлс бий. Ихэнхи хүмүүс энэ
зүйлүүдийн аль нэг дээр нь л төвлөрч амьдардаг.
ДОТООД СЭТГЭЛ
Тэр их өрөвдөлтэй, тэр төдийлэн
гадагшаа гарч чаддаггүй. Хүмүүс түүнээс ичдэг, бас эмээдэг. Уул нь тэр
өрөвдөлтэй биш бид өөрсдөө өчүүхэн амьтад гэж би боддог. Ил гарч буй бүхэн
дотроос гарсан байдаг, өөр хаанаас ч гарах боломжгүй. Харин бид өөрсдөө дотоод
сэтгэлээс илэрсэн, хэлбэр болсон сүүдрийн гэрлээр амьдралыг төсөөлж амьдардаг.
Би тэр улаан өнгийг мэднэ. Тэр бол
дотоод сэтгэл, тэр бол би. Хэн ч чамайг ойлгохгүй, бүх зүйл үнэхээр боломжгүй
мэт санагдах тэр л мөчид хэн нэг нь чамайг сонсдоггүй гэж үү ? Эзгүй шатан дээр
суугаад цурхиртал ганцаараа уйлж суухдаа хэнд ч юм хандан чи ярьдаггүй гэж үү ?
Дотор чинь чамаас өөр хэн нэгэн, чамд хамгийн ойрхон, чамтай бүхнээс дотно
хэн нэг нь хамт байгаа юм шиг санагддаггүй гэж үү ? Тэр нь угтаа чи өөрөө биш
гэж үү ? Үүнийг ил гаргаж бичиж байгаа нь л би болохоос бүх хүн ялгаагүй дээ
үнэндээ.
Ч.Ганжавхлан