ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төвөөс Зүүн бүсийн аймгуудыг хамран зохион байгуулсан "Биеийн тамир, спортын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь" сэдэвт өнгөрсөн долоо хоногт Дорнод аймагт боллоо. Зүүн бүсийн сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн спорт хорооны арга зүйч, биеийн тамирын багш нар гээд 80 гаруй төлөөлөгч оролцжээ.
Зүүн бүсийн сургалтад Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалаг нарын удирдлагууд, спортын судлаач, эрдэмтэд илтгэл тавьсан бол Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, Гавьяат тамирчин Н.Төгсцогт нар оролцож, дадлагын сургалтыг удирдан, орон нутгийн багш, дасгалжуулагч, тамирчидтай туршлага хуваалцжээ.
Түүнчлэн Зүүн бүсийн сургалтын үеэр МЗХ-ны дэргэдэх Спорт хороог төлөөлсөн шилдэг тамирчид өсвөр үе, залуучуудад зориулан орон даяар өрнүүлж буй “Спирт бус спортыг сонгоё” уулзалт, ярилцлагаа хийж, олимп, дэлхийн аваргууд зүүн бүсийн залуус, хилийн цэргийн алба хаагчидтай уулзалт хийжээ.
Энэ цаг үеийн спортын алдарт тамирчид, олимп, дэлхийн медальтнууд орон нутгийн спортынхонтой уулзаж, өсвөр залуу үеийн тамирчдад дадлага, сургалт өгнө гэдэг маш чухал арга хэмжээ болохыг Зүүн бүсийн сургалтад оролцсон багш, дасгалжуулагчид онцолж байлаа.
Ирээдүйн шилдэг тамирчдадаа урам зориг өгсөн энэ уулзалтыг өмнө нь Төв, Ховд зэрэг аймагт явуулаад байгаа юм. Шилдэг тамирчдын санаачилсан аян Монгол орны өнцөг булан бүрт хүрч, их спортыг сурталчлан таниулах биз ээ.