
2011 оны Раллигийн ДАШТ-ий дөрөв дэх гараа Иорданд болох гэж байна. Энэ удаагийн уралдаан богиносгосон хөтөлбөрийн дагуу ердөө хоёр өдөр үргэлжилнэ. Сиритэй хил залгаа орших тус улсад болж байгаа уралдаанд оролцох багуудын Сири хилээрээ нэвтрүүлээгүй саатуулсан учраас энэ гараа ердөө хоёр өдөр болж байгаа юм. Гэхдээ сөнөсөн тэнгисийн эрэг орчим байгалийн үзэсгэлэнт газруудаар маршрут явагдах учир оролцож байгаа баг тамирчдын хувьд таатай байх нь гарцаагүй. Өчигдөр уралдааны өмнөх сорил гараа болов. Нийлбэр дүнгээр тавдугаар байранд бичигдэж байгаа 2003 оны дэлхийн аварга Норвегийн Петер Сольберг 2,5 км ийн урттай замыг нэг минут 15,1 секундэд туулж хамгийн их хурдлав. Тэрбээр тэмцээнийг төдийлөн амжилттай эхлүүлээгүй ч ахмад нисгэгчийг мартаж болохгүй гэдгийг энэ үзүүлэлт харуулж өглөө. Наймдахь жилдээ дараалан аварга болох зорилготойгоор байгаа Себастиан Лёб Солбергээс 0,4 секундээр хоцорч хоёрт бичигдлээ. ДАШТ эхэлснээс хойш ердөө ганцхан уралдаанд ялагч болоод байгаа ч Лёб тэргүүлэгч хэвээр байсаар байна. Тэдний араас Форд багийн Финлянд нисгэгч Яари Матти Латвала, Хирвонен нар нэг минут 15,8 секундээр бичигдлээ. Хирвонен Лёбын адилаар 58 оноотой дэлхийн аваргыг тэргүүлж байгаа. Тэрээр нээлтийн уралдаанд түрүүлж Мексикт хоёрт орсон. Харин өнгөрсөн уралдаан буюу Португалийн гарааны ялагч Себастиен Огие нэг мин 15,9 секундээр тавдугаар байранд бичигдсэн байна.
Score Studio