
Тив, үндэстэн дамнасан компани, корпорациуд өөрсдийн боловсон хүчин, хүний нөөцийн бодлогоо мөн л глобальчилж аль улсын иргэн, ямар үндэстэн байхаас үл хамааран шаардлагатай боловсон хүчнээ ур чадвараар нь шалгаруулан сонгодог. Энэ жишгээр шигшигдэн дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа цөөнгүй монгол залуус бий. Тэдний жагсаалтыг энэ удаад Б.Болд үргэлжлүүлж байна. Түүний хувьд шинэ салбарт дэлхийн төвшинд карьераа эхлүүлж буй хэрэг юм.
Б.Болд өмнө нь “New com” ХХК-ны захирлаар ажиллаж байснаар нь хүмүүс илүү мэддэг. Үүнээс өмнө олон улсын хэмжээний томоохон банк “JP Morgan”-д ажиллаж байсан туршлагатай. Харин сүүлийн жил гаруйн хугацаанд үндэсний “Шинэ Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулж, хувь эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж буй. ОХУ-ын иргэн С.Паушокийн эзэмшиж байсан “Алтан Дорнод Монгол” компани үйл ажиллагаагаа зогсоож, улсад төлөх татварын өр шир нь хуримтлагдаад байх үед нь монгол залуус, тодруулбал Б.Болд, Т.Ганболд нар шилжүүлэн авч байсан. “Монголын баялгийг гадаадын хөрөнгө оруулагчдаар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулахаас өөр арга замгүй мэт ойлголтыг өөрчлөх, монголчууд дэлхийн хэмжээнд ажиллаж, сэтгэж чаддагийг харуулах зориг, зорилго өвөрлөж, “Алтан Дорнод Монгол” компанийг өр ширтэй нь хамт худалдаж авсан” гэж тэд мэдэгдсэн нь бий. “Шинэ Алтан Дорнод Монгол” компани өнгөрсөн онд улсад 20 гаруй тэрбум төгрөгийн татвар төлснөөрөө үндэсний томоохон компаниудын өмнө гишгэсэн юм.
“Рио Тинто” компани нь уул уурхайн нөхөн сэргээлтээр дэлхийд тэргүүлдэг. Мөн өнөөдрийн байдлаар зэсийн салбарт Чили, Өмнөд Африк, Перу, Австрали, АНУ-ын Аляск мужид зэсийн томоохон уурхай эзэмшдэг, Монгол, Индонез зэрэгт төслүүд хэрэгжүүлж буй. Тэгвэл тус компанийн Зэсийн салбар дахь олон улсын төслүүдийг монгол хүн бодлого, удирдлагаар хангахаар болж байгаа нь бидний хувьд ч бахархал. Тэрбээр энэ оны зургадугаар сараас ажлаа хүлээн авч, Лондонд суурьшина гэж “Рио Тинто”-гийн албан ёсны сайтад мэдээлжээ.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №009