
Ноён К.Ж. Токаев манай улсыг АОХН-ийг амжилттай даргалж, энэхүү байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд, Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад оруулж буй хувь нэмрийг сайшаав. Тухайлбал, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй манай улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус ба олон улсын аюулгүй байдлын талаарх манай улсын санаачлагыг дэмжин ажилладагаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-д элссэн явдлыг онцолж, өнгөрсөн жил болсон НҮБ-ын 67 дугаар чуулганаар манай улсаас санаачлан батлуулсан “Ардчиллын төлөө боловсрол” тогтоолыг дэмжиж баяр хүргэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орлогч, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Кассим-Жомарт Токаев маргааш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүний илгээлтийг дамжуулна.
А.АМАР