Я.Батсуурь: ”Урт нэртэй” хууль говийнхны эрх ашигтай зөрчилдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Я.Батсуурь: ”Урт нэртэй” хууль говийнхны эрх ашигтай зөрчилдөж байна

УИХ-ын гишүүн Я.Батсуурийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль бат­лагдаад хоёр жил болсон ч хэрэгжүүлсэнгүй. Харин та бүхэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьчихсан байгаа. Хуулийн төсөлд чухам ямар заалт орсон юм бэ?

-Хуулийн төслийн гол санаа бол ой, мод, устай газар уул уурхайн үйл ажиллагаа нэмж явуулах тусгай зөв­шөөрөл олгохгүй байя гэж байгаа юм. Хуулийн хүрээнд хүчингүй болж байгаа тусгай зөвшөөрлүүдийн хувьд нөхөн сэргээлтийг тусгай шаардлагын дагуу өндөр өртөгтэй, нарийн технологиор маш чанартай хийлгүүлье гэдэг байр суурьтай байна. Хэрэв одоогийн хуулийг ягштал мөрдүүлэх юм бол олон сөрөг үр дагавар гарна. Үүнийг УИХ болон хууль санаачлагчид нарийвчлан тооцолгүйгээр баталсан нь алдаа болжээ.

-Олны нэрлэж занш­санаар “Урт нэртэй” хуу­лийн хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь юу байна. Өөрөөр хэлбэл сөрөг үр дагаврыг нь хэлэхгүй юү?

-Ер нь олон шалтгаан бий. Юун түрүүнд гол гурван шалтгааныг нь хэлье. Нэгдүгээрт хуулийг хэрэгжүүлэхэд улс орны эдийн засаг, төсөв даахгүй хэмжээний нөхөн олговор олгох шаардлагатай болно. Мөн нөхөн олговрыг тооцох боломжгүй. Учир нь уул уурхайн компаниуд хайгуулын лиценз аваад олон жил хайгуул хийсэн байгаа. Хайгуул хийсэн компани бүрт нөхөн олговор олгох үндэслэл байхгүй. Эдгээр аж ахуйн нэгжүүд хайгуул хийгээд огт юм олоогүй бол эрсдлээ өөрсдөө даах ёстой. Гэтэл энэ хуулийн дагуу хайгуул хийсэн газраа хий ухасных нь төлөө улс зардлыг нь нөхөж өгөх гэж байгаа юм. Геологийн хайгуул гэдэг тэр чигээрээ эрсдэлтэй ажил шүү дээ. Азаа үзэж, олон сая төгрөгөөр өрөм тавьдаг. Үүнийхээ хариуд баялаг олох нэг нь бий, олохгүй хэсэг ч байдаг. Олоогүй нь хохироод, эрсдлээ өөрсдөө даагаад л явдаг жамтай. Тиймээс л геологийн хайгуулыг улсын зардлаар хийдэггүй, хувийнхан өөрсдөө хийж байгаа юм. Гэтэл эрсдлээ өөрөө дааж байгаа компаниудад Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу зардлыг нь нөхөж өгөх гэж байгаа нь шударга бус. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үргүй зарцуулж болохгүй биз дээ.

-Тэгэхээр энэ хууль хэрэгжих нь зарим уул уурхайн компанид ашигтай болох нь.

Тийм үү?

-Хэрэв хайгуул хийгээд баялаг олоогүй компаниудыг “Та нар баялаг олоогүй байна ш дээ” гэж хэлбэл “Уучлаарай, бид хайж байсан юм. Дөнгөж хайгуулынхаа 30 хувийг хийгээд явж байлаа. Цаашаа хайгуулынхаа 70 хувийг хийсэн бол найдвартай олох байлаа” гэх юм бол үүнийг нь хэн ч нотолж чадахгүй. Тийм учраас энэ хууль үндэслэл муутай хууль болчихсон юм. Зарим хэвлэлийн бичсэнээр олон жил хайгуул хийгээд баялаг олоогүй хэдэн томоохон компаниуд УИХ-ын нэр бүхий гишүүнийг лоббидоод “Ийм хууль батлаад өгөөч, бид шатчихлаа. Шархаа нөхөх гэсэн юм” хэмээн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлуулсан гэж байгаа. Би үүнийг нотолж чадахгүй учир “Үнэн” гэж хэлэх аргагүй. Гэхдээ үндэслэлтэй гэж бодож байна. Лоббидсон, лоббидоогүйдээ гол нь биш. Харин олон жил, хөрөнгө зарцуулан байж хайгуул хийгээд юу ч олохгүй нь тодорхой болонгуут төр мөнгө өгөхөөр болж байна. Энэ бол үнэхээр хүлээн зөвшөөрч болохгүй явдал. Тиймээс л бид хуулийн төсөл өргөн барьсан. Мөн 2007 онд УИХ-ын нэр бүхий гишүүд 47 дугаар өргөргөөс хойш уул уурхай эрхлүүлэхгүй гэдэг хууль санаачилж байсан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль бол дээрх хуулийн үргэлжлэл буюу өөрчилсөн хэлбэр юм. Монгол Улсын хангай, модтой, устай газар нь уул уурхай эрхлүүлэхгүй харин халцгай говь нутагт нь уул уурхай эрхлэе гэсэн үзэл санаа, утга агуулгатай хууль мөн. Би говиос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд үүнийг бүрэн эсэргүүцэж байна. Говийн нутаг эсэргээрээ байгаль орчин сүйдсэн, цөлжсөн, талхлагдсан, хүн амьдрахад хэцүү болсон байдаг. Тиймээс говьд уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй, байгаль орчныг нь хамгаалах ажил хийх ёстой. Говийнхны эрх ашигт тэрсэлсэн хууль болсон учир би “Урт нэртэй” хуулийг эсэргүүцсэн юм.

-“Урт нэртэй” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгай зөвшөөрлөө хураалгасан 200 гаруй компаниудыг яах юм бэ. Үргэлжүүлээд үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн үг үү?

-Үүнийг хуулийн хэлэлцүүлгийн явцад шийднэ байх. Тусгай зөвшөөрлийг нэмж олгохгүй, олгосон лицензүүдийг аль болох байгаль орчны нөхөн сэргээлтийн стандартыг тусгай хуулийн дагуу өндөржүүлэх үндсэн дээр явуулах хэрэгтэй. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжил байгаль орчныг одоо байгаагаас нь илүү сайжруулах боломжийг бий болгосон. Тэгэхээр хуульд хамрагдсан лицензүүдийг ерөнхийд нь нөхөн сэргээлтийн өндөр стандарт, шаардлагын үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой юм.

-Иргэний хөдөлгөөнийхөн “Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй” гэх шаардлага тавьснаас үүдэн уг хуулийг батлахад хүрсэн. Тэгвэл таны хэлснээр өндөр технологи, шаардлагын дагуу нөхөн сэргээлт хийхийн тулд юу хийх ёстой вэ?
-Хуулийнхаа өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Өнөөдөр нөхөн сэргээлтийн асуудлыг зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн хэдхэн бүлэг заалтад бүдэг заасан байдаг. Юун түрүүнд нөхөн сэргээлтийн талаар тусгайлан хууль санаачлах шаардлагатай. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд нөхөн сэргээлтийн стандартыг өндөржүүлэх шаардлага бий. Өрнөдийн орнуудын тавьдаг өндөр шаардлагыг тавиад, техник, технологийг нэвтрүүлээд тэр зарчмаар ажиллавал уул уурхайн үйл ажиллагаа явуулсны дараа байгалийн орчин нөхцөлийг сайжруулах боломжтой.

-Хангайд уул уурхай эрх­лүүлэхгүй говьд эрхэлж болно гэж байгаа. Тэгвэл сөргүүлээд говьд уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй гэхээр тодорхой хэмжээний зөрчил үүсэх юм биш үү?

-Тэгэлгүй яахав. Би говиос сонгогдсон гишүүдтэйгээ нийлээд говьд уул уурхай эрхлүүлэхгүй гэвэл бүгдээрээ л хохирно. Монгол Улс яаж уул уурхайдаа түшиглэж хөгжих юм. Ингэж хөгжих бололцоо нь бүрдэхгүй шүү дээ. Харин адилхан л эрхлэх хэрэгтэй. Хамгийн чухал нөхөн сэргээлтийнх нь шаардлагыг өндөржүүлэх ёстой.

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үү?

-Үүнийг холбогдох байнгын хороо мэдэх байх. Ямартай ч бид хуулийн төслөө өргөн барьчихсан байгаа.

-Хууль санаачлагч гишүүдээс зарим нь нэрээ татсан гэж байгаа. Чухам яагаад нэрээ татах болсон юм бол?

-Нэрээ татсан гишүүдээс өөрсдөөс нь асуух хэрэгтэй болов уу. Би тэдний өмнөөс хариулах эрхгүй шүү дээ.

-Лицензийг нь хураасан нэг уул уурхайн компанийн цаана нэлээд хэдэн хүний амьдрал эрсдэлтэй байдалд орох магадлалтай. Тиймээс хэн хэнийгээ хохироохгүйгээр зохицуулах ёстой болов уу?

-Энэ бол миний дээр хэлсэн шалтгаануудын дөрөв дэх нь юм. Олон компанийн ажилчдынх нь эрх ашиг, ажилгүй болсон иргэдийн гэр бүл гээд учрах хохирол их. Нөгөөтэйгүүр уг хуулийг хэрэгжүүлснээр санхүүгийн байдал хүндэрнэ гэж Монголбанкныхан албан ёсоор мэдэгдсэн. Уул уурхайн компаниуд лицензээ барьцаалаад арилжааны банкуудаас асар их хэмжээний зээл авчихсан байгаа. Лицензийг нь хураачихаар эдгээр компаниуд зээлээ төлөх боломжгүй болно. Ингэснээр Монгол Улсад дахиад банк, санхүүгийн хямрал нүүрлэх аюултай.

-Уул уурхайн бизнес эрхлэгчдийн ажил ид эхлэх цаг ирлээ. Гэтэл хэрэгжих боломжгүй хуулиас болж гацаанд орсон байдалтай байна. Харин энэ гацааг зөв гаргах арга нь таныхаар юу байна вэ?

-Хуулийг хэлэлцэх л хэрэгтэй. Тэр чигээр нь батал гэж байгаа юм биш. УИХ журмынхаа дагуу хэлэлцээд, нэмэлт, өөрчлөлт оруулбал оруулаад, үгүй бол хуулийг хүчингүй болгож болно. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Тиймээс УИХ ажлаа даруй хийгээд хуулийн гацааг арилгах ёстой.

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар одоо үүсээд байгаа төр, хувийн хэвшлийнхний зөрчлийг бүрэн байхгүй болгож чадах уу?

-Бидний хуулийн гол зорилт бол энэ. Засгийн газраас тавьсан “Хуулийг хэрэгжүүлэх боломжгүй, хүндрэлтэй, амьдралд нийцэхгүй байна. Улс орны эдийн засагт хохирол учруулах нь, иргэд хохирох гээд байна, иймээс энэ хуулийг эргэж хараач” гэсэн хүсэлтийг харгалзан байж бид хуулийн төслийг санаачилсан. Хуулийг хэлэлцээд нэг тийш нь шийдвэл гацаанаасаа гарна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

-Хуулийн төсөл санаачилсан ги­шүүдийг уул уурхайн компаниудын лоббинд орсон гэх яриа бий. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Биднийг уул уурхайн компанийн лоббинд орлоо гэж “Урт нэртэй” хуулийг санаачилсан гишүүд ярьж байна лээ. Үнэхээр ийм асуудал байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагад тавьж шийдүүл ээ, адилхан УИХ-ын гишүүд байж нэг нэгийнхээ нэр хүндэд халдах шаардлагагүй гэж хэлмээр байна.

-Уул уурхайн томоохон ком­паниуд “Нөхөн сэргээлт хийдэггүй жижиг компаниудын нөхөн сэргээлтийг бид хийх боломжтой” гэж байгаа. Үнэхээр ингээд явах боломж бий юү?

-Хэн нь аль нөхөн сэргээлтээ яаж хийх нь тусдаа асуудал. Хамгийн гол маш өндөр шаардлагатай, чанартай хийлгэх л хэрэгтэй. Хэрэв цаг алдалгүй, чанарын өндөр түвшинд хийдэг болчихвол байгаль орчны асуудал шийдэгдэнэ. Бас нөгөө талаас нөхөн сэргээлтийг маш муу хийдэг учир “Урт нэртэй” хууль батлагдахад хүрсэн болов уу.

-Нөхөн сэргээлт хийсэнгүй, муу байна гэхээсээ илүү хариуцлага хэрхэн тооцдог юм бэ?
-Одоогийн хуулиар нарийн зохицуулалт, хатуу хариуцлага тооцсон заалт маш муу байдаг. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нөхөн сэргээлтийг онцгойлон авч үзэж, хариуцлагыг өндөржүүлж, их хэмжээний татвар авдаг тэр хэмжээгээрээ чанартай хийдэг тогтолцооруу шилжсэнээр асуудлаа шийдэх юм.

-Орон нутгийн иргэд баялагт гар хүрэхгүй, онгоноор нь хойч үедээ үлдээнэ гэсэн шаардлага тавьдаг. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад төр, хувийн хэвшлийнхэн асуудлаа шийдлээ гэхэд орон нутгийн иргэдтэй зөрчилдөх юм биш биз?

-Аль нутагтаа уул уурхайн үйл ажиллагаа явуулах вэ, хаанаа эрхлүүлэхгүй вэ гэдэг нь орон нутгийн бүрэн эрх. Монгол Улсын газар нутгийн бараг 60 шахам хувь нь тусгай хамгаалалтад байдаг. Тусгай хамгаалалтын газар орон нутгийн болон улсын хэмжээний гэж ангилагддаг. Тэгэхээр орон нутгийн удирдлага нь онгон дагшин газар эсвэл байгалийн үзэсгэлэнт газраа тусгай хамгаалалтад авах эрх нь нээлттэй.

-Тухайн үед хуулийг хэлэлцэж байх үед үүсч болох сөрөг үр дагаврыг нь олж хараагүй гэж үү?

-УИХ амьдралд нийцэхгүй хууль баталдгийн нэг жишээ болсон. Үүнийг урьдчилж харсан гишүүд, байгууллага байгаагүй. Хуулийг хэлэлцэж байх үед би “Энэ хууль Үндсэн хуулийн үзэл санааг зөрччихлөө” гэж хэлж байсан. Стратегийн ач холбогдолтой ордуудыг энэ хуульд хамруулахгүй гэсэн заалт бий. Стратегийн орд газрын олонхи нь төрийн мэдлийнх байгаа. Төрийн мэдлийн том ордуудаа хуульд хамруулахгүй, харин хувийн хэвшлийн жижиг ордыг хамруулж, тусгай зөвшөөрлийг нь хурааж авсан нь Үндсэн хуулийн үзэл санаа болох өмчийн ялгаа, тэгш эрхийг зөрчсөн байгаа юм. Стратегийн төрийн мэдлийн томоохон ордууд тэр хэмжээгээрээ том хохирол учруулна. 

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж