Лорн Крейнерийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Лорн Крейнерийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Лорн Крейнерийг өнөөдөр /2013.04.28/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII Бага хуралд оролцох урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд, Монгол Улс Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран ажиллаад удаж байгааг тэмдэглэсэн. Тэрбээр, тус хүрээлэнгийн зүгээс УИХ-ын Тамгын газрын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, арга зүйн зөвлөгөө өгч ирсэн явдал нь Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой зүйл гэдгийг онцлон дурдсан юм.

Ноён Лорн Крейнер Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн зүгээс Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн уламжлалт харилцаагаа үргэлжлүүлэхэд таатай байгаагаа илэрхийлж байлаа.

УИХ-ын дарга З.Энхболд, ноён Лорн Крейнер нар Мянганы Хөгжлийн Корпорацийн хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилтийн талаар санал солилцох үеэр УИХ-ын дарга Монгол Улсад Мянганы Хөгжлийн Корпорацийн төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гээд цаашид ч хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд улс орны эдийн засгийн талаар сонирхсон ноён Лорн Крейнерийн асуултад хариулахдаа далайд гарцгүй оронд тохиолддог бэрхшээл манай улсад ч тулгараад байгаа хэмээгээд нүүрсний экспорт, тээвэрлэлтэд тулгарч буй хүндрэл, түүнийг шийдэж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр уулзалтад оролцогчид НҮБ-ын Далайн эрхзүйн конвенци, далайн тээвэрлэлтийн тарифын талаар санал солилцлоо хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж