Л.Болд: Монгол залуу биш тогтворжсон ардчилалтай улс

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Л.Болд: Монгол залуу биш тогтворжсон ардчилалтай улс

ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТИЙН ХУРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Aрдчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал

2013 оны 4 дүгээр сарын 27

Хүндэт төлөөлөгчид, залуучууд аа,

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурлын хүрээнд зохиогдож буй Залуучуудын  чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхний амар амгаланг эрэн мэндчилэхийн ялдамд  энэхүү чухал арга хэмжээг санаачилан зохион байгуулж, оролцож байгаа залуус та нартаа чин сэтгэлийн талархал  илэрхийлье.

Юуны өмнө Монгол Улсын Засгийн газар Залуучуудын чуулга уулзалтад онцгой ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэмээр байна. байна. Монгол Улс ардчилсан хөгжлийн замаар замнаад даруй 20 гаруй жил өнгөрчээ. Хүн өөрийгөө үргэлж залуу, өтлөх болоогүй байна гэдэг шиг бид Монголын ардчиллыг залуу хэмээн хэлээд дадчихжээ. Гэтэл бид парламентын 6 удаагийн  сонгууль хийсэн, 20 жилийн түүхтэй тогтворжсон ардчилалтай улс болжээ. Бидэнд суралцах зүйл их ч биднээс суралцах үнэт зүйлс ч их буй болсон байна.  Өдгөө Монголын хүн амын 50 гаруй хувийг залуус эзэлж байна. Ардчиллын энэ 20 жилд өсч торнисон, ухамсар, сэтгэлгээ нь ардчиллыг сууриар нь хүлээж авсан залуустай орон бол Монгол юм. Энэ л залуус ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх  их үйлсийн эзэд юм. Хэдийгээр  садаа болох зүйлгүй мэт боловч хичээн зүтгэж байж л амжилтад хүрнэ гэдгийг энэ хүндэт индрээс  залуус Та бүхэндээ хандан хэлмээр байна.  

Ардчилал өөрөө дангаараа, хүнээс, залуусаас хамааралгүй хэзээ ч байдаггүй. Ардчилал цаг үргэлж түүнийг арчилж тордохыг, хамтарч ажиллахыг, сурч мэдэхийг шаардаж байдаг. Ардчиллын соёлд суралцахгүйгээр, иргэний чөлөөт оршихуй, эрхийг хүндэтгэхгүйгээр ардчиллыг хамгаалан хөгжүүлэх боломжгүй юм.  Иймээс манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг сүүлийн хоёр жил даргалах хугацаандаа ардчиллын боловсролыг хөгжүүлэх явдлыг тэргүүлэх чиглэлээ болгож ирсэн билээ. Ардчиллын боловсролын асуудал Залуучуудын чуулга уулзалтаар хэлэлцэх нэг гол сэдэв болж байгаад бид туйлын таатай  байна.  НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын санаачилгаар ардчиллын боловсролын асуудлаар тусгай тогтоол баталж гаргасан билээ. Та бүхэн энэ тогтоолыг хэрэгжүүлэх арга замын талаар тусгайлан хэлэлцэж, үнэтэй санал зөвлөмжөө Сайд нарын бага хуралд оруулж танилцуулна гэдэгт итгэлтэй байна.

Чуулга уулзалтаар хэлэлцэхээр төлөвлөсөн бусад асуудал ч мөн өнөөгийн тулгамдсан сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байна. Ардчиллын соёлыг бэхжүүлэхэд тулгарч буй сорилт ба боломжууд, тухайлбал, авлигатай хийх тэмцэл, залуусын идэвхи, санаачилгатай үйл ажиллагаа, нийгмийн хүрээнд үе үеийнхний хоорондын яриа хэлцээ, хамтын ажиллагаанд залуусын анхаарлыг хандуулах гэж байгаа нь туйлын чухал юм. Ардчиллын үнэт зүйлсийг залуус хэрхэн түгээн дэлгэрүүлж байгаа, өөрсдийн өдөр тутмын соёл, амьдралд хэрхэн өөриймшүүлж байгаа тухай туршлага, сургамжаа хуваалцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөхөд тус чуулга уулзалт үр дүнгээ өгнө гэдэгт би эргэлзэхгүй байна.

Энэ завшааныг ашиглан бас нэг зүйлд та бүгдийн анхаарлыг хандуулахыг хүсч байна., Монгол Улс дэлхийн бусад орны нэгэн адилаар өөрийн Мянганы хөгжлийн зорилтуудыг боловсруулж 2005 онд Улсын Их Хурлаараа батлуулсан. Чингэхдээ хүний эрх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, авилгатай тэмцэх тухай 9 дэх зорилтыг нэмж дэвшүүлсэн ба үүгээрээ ч онцлог гэж тооцогддог. Тиймээс энэхүү 9 дэх зорилтын хэрэгжилтийн асуудалд бид онцгойлон анхаарах учиртай юм.

Хүндэт төлөөлөгчид, залуучууд аа,

Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс залуучуудын төлөөлөгчид ирж оролцож байгаа бөгөөд ардчиллыг бэхжүүлэх, төлөвшүүлэх үйл явцад тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн, үзэл бодлоо солилцож, нэгдсэн дуу хоолойгоо энэ сарын 29-нд болох АОХН-ийн Сайд нарын бага хуралд хүргэх учиртай. Чингэснээр 2011 онд Литва Улсын нийслэл Вильнюс хотноо болсон залуучуудын чуулганаас эхлүүлсэн үзэл санаа, үйл явцыг үргэлжүүлнэ гэж ойлгож байна.

Чуулга уулзалтад Азийн шинэ ардчиллын төлөөлөл оролцож байгаад бид онцгой ач холбогдол өгч байна. Чуулга уулзалтын үеэр та бүхэн ардчилсан залуучуудын хөдөлгөөнийг хөгжүүлэх, бэхжүүлэх явцад хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа хуваалцах, санал бодлоо солилцох боломж олдоно гэж үзэж байна.  

Ингээд ардчилсан Монгол орны нийслэл Улаанбаатарт хуран цугларсан тив тивийн залуучууд та бүхэнд дахин баяр хүргэж, ажлын өндөр амжилт ерөөхийн хамт Монгол оронд тавтай саатан морилохыг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж