Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Дахиад л МАХН

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлын үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид жагслаа. МАХН-ын зүгээс зохион байгуулсан жагсаал цуглаануудаас хамгийн чимээ аниргүй цуглаан энэ удаагийнх болов. Тэдний “Намын даргыг минь сулла, Н.Энхбаярыг маань хэлмэгдүүлчихлээ” гэж хашгирах нь энэ удаагийн цуглаанд хэрэггүй. Учир нь цуглаанаа олж сонсгох гэсэн хүмүүс нь монголчууд биш гадаадынхан. МАХН-ын жагсагчид арай ч англиар орилцгоох хэмжээнд хүртлээ боловсроогүй байгаа учраас “Улс төрийн хоригдолтой Монгол Улс”, “Бид жинхэнэ ардчиллыг хүсч байна” гэх мэтийн англи хэл дээр бэлдүүлсэн лоозонг энгэртээ углацгаажээ. Өнөө гадныхан нь ямар учиртай хүмүүс, юуны төлөө ийнхүү жагсч байгааг нь ойлгохгүй, гайхсан царайгаар угтана. “Дү юү спиик энглиш”-ээр эхэлсэн ямар учиртай жагсч буй тухай асуултыг сонссон нэгэн нь “Хөөе, манай англи хэлтэй нөхөр хаачив. Энд хүн юм асуугаад байна” гэх мэтийг хэлнэ. Өчигдөрхөн л МАХН-ын шударга нөхөд автортойгоор өдөр тутмын сонинд “Монголд болж байгаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулганы үймүүлж, Монголд харгис дэглэм тогтсон гэдгийг харуулах ажилд бидний нөхөд зүтгэж байгаагаа дуулгая” гэх зэргээр Н.Энхбаярт хаягласан ил захидал гарсан нь ор үндэсгүй зүйл байгаагүй нь ийнхүү нотлогдов.

“Жагсч болно, үзэл бодлоо илэрхийлж болно” гэхдээ юуны төлөө вэ гэдгээ ойлгох учиртай л баймаар сан. Хүн хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх, эсвэл хийгээгүй зүйлийнх нь төлөө хэлмэгдүүлэх хоёр чинь өдөр шөнө мэт ялгаатай. Цуглаан зохион байгуулагчдын ойлгож буй “улс төрийн хоригдол”-ын асуудлаас илүүтэйгээр жагсч тэмцэх асуудал байхгүй гэвэл худлаа. Амьд явах баталгаа, агаарын бохирдол, байгаль орчныг сүйтгэж буй байдал гээд өөр асуудлыг хөндөж жагссан бол Шархүү нь хүртэл хоёр гараа өргөөд дэмжихэд бэлэн байлаа. Гэтэл дахиад л өнөөх Н.Энхбаяр. Одоо уг нь больчихмоор юм. 

Нам гэгч нь бүх нийтийн төлөө ажилладаг, бодлого тодорхойлдог, боловсруулдаг чиг үүрэгтэй байтал МАХН гэгч улс төрийн хүчин нь зөвхөн ганц хүнийг хэлмэгдсэн мэтээр ойлгуулах парламентад суудалтай “PR-ын томоохон баг” мэт ойлгогдох боллоо. Өнгөрсөн хугацаанд МАХН юу хийв гэдгийг ч асуух болсон мэт. Хэдэн удаа хийсэн жагсаал цуглаанаас өөр юуг нэрлэх вэ. Залхаж байна шүү, МАХН-ынхан минь.

Сүхбаатарын талбайд гадаадын төлөөлөгчдөд зориулан бэлдсэн жүжгийг чинь харсан иргэд юу гэж ярилцаж байгааг сонссон уу? “Дахиад л МАХН”.

Б.ШАРХҮҮ
















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж