Бангладешийн үйлдвэрийн эздийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Бангладешийн үйлдвэрийн эздийг баривчилжээ

Бангладешийн нийслэл Дака хотод чанаргүй баригдсан барилга нурснаас 323 хүн амиа алдсан хэрэг өнгөрсөн лхагва гаригт гарсан. Нурсан барилгад үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрийн эзэд өнөөдөр цагдаагийн газар өөрсдөө очжээ.  Тэднийг барилга тулгуур цуурч болзошгүй гэсэн анхааруулгыг үл хайхран хувцасны үйлдвэрийн ажилчдыг ажлаа үргэлжлүүлэхийг шаардсан хэмээн сэжиглэж байгаа юм байна.

“Рана Плаза” хэмээх найман давхар, нийтийн эзэмшлийн зориулалттай уг барилгад бэлэн хувцасны үйлдвэр, банк, дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж байжээ. Барилгад олон хүн дарагдсан бөгөөд өнөөдөр өглөө л гэхэд 15 хүнийг нурангин дороос гаргаж авсан байна. Аврах ажилтнуудын тогтоосноор нурсан барилгын гуравдугаар давхарт байсан 50 орчим хүн амьд байх магадлалтай гэнэ.

Аврах ажилтнууд нурангин дор дарагдсан хүмүүст хүчил төрөгчийн хоолой, ундны ус дамжуулж чаджээ. Барилга нурах үед дотор нь 3000 орчим хүн ажиллаж байсан бололтой. Ослоос хойш 2,200 орчим хүнийг барилгаас гаргасан бөгөөд  нурангид дарагдсан хүмүүсийг гаргах ажиллагаа үргэлжилж байна.  Баривчлагдсан үйлдвэрийн эздэд хүмүүсийг үхэлд хүргэсэн хэмээн буруутгаж буй гэнэ.

Гэрчүүдийн мэдээлснээр үйлдвэрийн эзэд барилга нурсан өдөр барилгын тулгуур баганад илт цууралт үүссэн байхад аюулгүй байдлыг үл тоомсорлон, ажилтнуудыг барилгаас гарахыг хориглож байжээ. Барилгад бэлэн хувцасны гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Харин “Рана Плаза”-гийн эзэн оргон зайлсан байна.

Орчуулсан Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж