Хуулийн засаглал, авлига зэрэгцэн орших учиргүй

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Хуулийн засаглал, авлига зэрэгцэн орших учиргүй

-АОХН-ИЙН САЙД НАРЫН 7 ДУГААР БАГА ХУРЛЫН ХҮРЭЭНД БОЛОХ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГАНД УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ-


Эрхэм хүндэт парламентын гишүүд ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, Ноёд оо,

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эхэлж байна. Энэ хүрээнд зохион байгуулж байгаа Парламентчдын чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, ажиглагчид та бүхэнд монголын ард түмэн, Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, манай сайхан оронд тавтай саатан морилохыг хүсье.

Монгол Улс сүүлийн 20 гаруй жилд парламентын засаглалыг тогтоон хөгжүүлж ирлээ. Олон нам бүхий парламентын тогтолцоо төлөвшин, зах зээлийн харилцааны болон хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс улам бүр бэхжиж байна. Монголын парламентчид хөгжил, дэвшлийн үр өгөөжийг жигд хүртээмжтэй болгохын тулд эрх зүйн шинэчлэлийг хийж ажлын байрыг өргөтгөх, ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах замаар ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Гэвч улс орнуудын өмнө тулгамдсан нийтлэг бэрхшээл бидэнд ч бас бодитой тохиолдож байна.

Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг 2011 онд хүлээн авсан. Бид Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэхдээ Ардчиллын боловсрол, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх, авилгатай тэмцэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ бүх чиглэлд олсон ололт амжилтын талаар Монгол Улсын Ерөнхий сайд өнөө өглөөний нэгдсэн хуралдааны нээлт дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн болно.

Бид энэ удаагийн Парламентын чуулганаар Авилгатай тэмцэх үндсэн сэдвийн хүрээнд парламентын ёс зүйг дээшлүүлэх, парламентын хяналт, авилгатай тэмцэх чадавхийг бэхжүүлэх болон хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцсэн асуудлаар төгсгөлийн баримт бичгийг батлан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд зөвлөмж болгон хүргүүлэх юм.

Энэ баримт бичигт эрхэм хүндэт төлөөлөгчид, парламентын гишүүд Та бүхний хүсэл сонирхолд нийцсэн, Та бүхний төлөөлөн ирсэн улс орон, олон улсын байгууллагын өмнө тулгамдсан асуудлууд тусгагдана гэдэгт итгэлтэй байна.

Хүний эрхийг дээдлэх, хуулийн засаглалыг тогтоох явдал нь хүн төрөлхтний түгээмэл, салшгүй үнэт зүйл, баримтлах үндсэн зарчмууд юм. Хуулийн засаглал, авилга хоёр зэрэгцэн орших учиргүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлд хэлсэн үгэндээ “Авилга нь халдварт өвчний нян лугаа адил тул түүний өөдөөс урьдчилан довтолж, таслан зогсоох ёстой” хэмээн мэдэгдсэн. Ийм ч учраас авилгатай хийх тэмцэлд парламентын гишүүд Та бид тэргүүлэн оролцох учиртай.

Парламентын гишүүд ард иргэдийн төлөөлөл болохын хувьд авилгыг устгаж шударга ёсыг тогтоох, ард түмний чин эрмэлзлийг бодит үйл хэрэг болгохын төлөө ажиллах нь чухал. Үүний тулд бид авилгатай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, улс төрчид, төрийн байгууллага, албан хаагчдыг авилгаас ангид байх нөхцлийг бүрдүүлэх, хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэх явдлыг түгээн дэлгэрүүлэхэд хүчин чармайлт тавьж ажиллах хэрэгтэй.

Хөгжингүй улс орнуудад энэ үйл явц харьцангуй төлөвшиж, авилгатай хийх тэмцэлдээ багагүй амжилт олж байна. Харин хөгжиж буй болон ардчилсан шилжилтийн шатандаа яваа улс орнуудад авилгатай тэмцэх чадавхийг бэхжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймээс авилгатай тэмцэх чадавхийг бэхжүүлэх чиглэлээр парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж үзэж байна.

Авилгатай тэмцэхэд боловсрол чухал үүрэгтэй. Иргэд нь эдлэх эрхээ мэддэг, боловсролтой байх аваас удирдах хүмүүст албан тушаалаа урвуулан ашиглах боломж олгохгүй. Иймээс авилгын эсрэг үзэл санааг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх ажлыг улам эрчимжүүлж оновчтой зохион байгуулах хэрэгтэй байна.

Монгол Улс авилгатай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хууль хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлсэнээр багагүй амжилтанд хүрээд байна. Транспэрэнси Интернэшнл байгууллагаас хийсэн судалгаагаар Монгол Улс авилгын индексээрээ 2011 онд 120 дугаар байранд орж байсан бол 2012 онд 94 дүгээр байр руу шилжиж 26 орны өмнө орсон байна. Манай улс Авилгын эсрэг НҮБ-ын конвенц зэрэг олон улсын энэ чиглэлээрх гол баримт бичгүүдэд нэгдэн орсон төдийгүй Авилгатай тэмцэх асуудлыг хариуцсан бие даасан байгууллага болох Авилгатай тэмцэх газрыг байгуулсанаар зохих үр дүнгээ өгч эхэлж байна.

Төрийн байгууллага, түүний удирдах албан тушаалтнууд болон төрийн албан хаагчид авилгад хамгийн их өртдөг. Монгол Улсад төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах, түүний ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг нь бэхжүүлэхийн төлөө байна.

Монгол Улсын их хурал 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийг хэрэгжүүлснээр дээд албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавих, авилга, хээл хахуулиар албан тушаалтныг томилох, албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглах, өөртөө болон ашиг сонирхол нэгтнүүддээ давуу байдал олгох зэрэг шударга бус байдлыг арилгах боломж бүрдэж байна.

Эрхэм нөхөд өө

Энэ удаагийн чуулга уулзалтаас Та бүгдийн сэтгэл оюун шингэсэн чухал шийдвэр гарна гэдэгт би итгэл төгс байна. Чуулганы үйл ажиллагааг амжилттай явуулахын хамт парламентын гишүүд харилцан туршлагаа солилцож цаашид идэвхитэй хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж: http://open.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж