
Намар хичээл, сургууль цуглахтай зэрэгцээд бүтээн байгуулалтын ажил оволздог назгай байдлыг хотын шинэчлэлийн баг хална гэсэн. Ногоон эрээн хивс дэвссэн мэт хотын орчин, тойрныг зүлэгжүүлж тоос, шороогүй болно.
Ирэх зургадугаар сар гарахад хот өнгө засах талаар Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхантай ярилцлаа.
-Та ажлаа аваад удаагүй байна. Салбартаа өөрчлөлт хийж чадах нь уу?
-Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд ихээхэн анхаарч эхэлснийг иргэд харсан байх. Иргэд өглөө ажилдаа ирэх замд өөдөөс нь хог шүүрдээд зогсож байдаг бүдүүлэг байдлыг халъя гэж шийдсэн. Замын “нуух”-ны шороог хүний өөдөөс шүүрдэх биш тусгай зориулалтын машинаар цэвэрлэнэ. Зам, талбайг угааж, цэвэрлэдэг найман машин оруулж ирлээ. Эхний удаад гурван машиныг ажиллуулж эхэлсэн. Ирэх долоо хоногт бусад машиныг ажиллуулна. Замаа угааснаар хүмүүсийн унаа, тэрэг тоосонд дарагдахгүй, хувцас, гутал нь цэвэрхэн байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж байгаа нэг хэлбэр нь энэ.
-Хүмүүс гудамжаар алхахад гутал тоосгүй байвал сайхан. Танайхан нийслэлийн бүх замыг угааж амжих уу?
-Манайхан Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, их бага тойруу доторх бүх замыг угаана.
-Хотын төв хэсгийн замуудыг л угааж, цэвэрлэнэ гэж ойлголоо. Зөв үү?
-Хотын бүх замыг найман машинаар угааж барахгүй. Тиймээс хотын төв хэсгийн замуудаа угааж, яаж цэвэрхэн байж болдгийг харуулна. Хоёр төрлийн машин оруулж ирсэн. Гурван машин нь цэврийн есөн тоннын танкертай, бохирын долоон тоннын танкертай. Цэвэр усаа цацаж замаа угаагаад, бохир усыг тэр дороо соруулаад авна. Үлдсэн таван машин нь замын “нуух”-ны шороонуудыг норгож, соруулаад авна.
Эдгээр “ажилсаг машины ачаар ТҮК-ийнхан зам дээр тэрэг түрж, хог, шороо шүүрдэх хэрэггүй болно. Тэд замын хажуугийн цэвэрлэгээг хийж, том том түүвэр хогийг цуглуулах юм. Техникийн дэвшлийг ажилд нэвтрүүлснээр шар хантаазтнуудын хийх ажил хөнгөрч байгаа. Олон хүнээр хог шүүрдүүлснээс бага өртгөөр энэ машиныг ажиллуулна.
-Хотын төвөөр ногоон хувцастай хүмүүс ажиллаж байгаа нь их содон харагдах боллоо. Нийслэл анх удаа цэцэрлэгчидтэй болж байгаа гэл үү?
-Өнгөрсөн оны аравдугаар сард Улаанбаатар хотын ногоон байгууламжийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын ногоон байгууламжинд нэг ч төгрөг төсөвлөж байгаагүй. Дүүргийн Засаг дарга нарт эрх шилжүүлсэн маягтай, нөгөөдүүл нь тохижилт нэрээр аравдугаар сард зүлэг тарьсан болоод хар шороо асгаад л алга болчихдог юм байна. Тэдний хийсэн ажлыг хянадаг, хариуцдаг, арчилдаг хүн байгаагүй. Өмнө нь нийслэл ингэж эзэнгүйдсэн, гажиг тогтолцоогоор явж иржээ. НИТХ-ын төлөөлөгчийн хувьд би энэ асуудлыг тавьсан.
Ногоон байгууламжинд энэ жил нийслэлээс 4.5 тэрбум төгрөг зарцуулна. Манайх анх удаа 90 хүнийг сургалтад хамруулж цэцэрлэгчнээр бэлтгэсэн. Ийм мэрБ гэжлийн хүн өмнө нь нийслэлд байгаагүй. Манай газар зүүнээс баруун дөрвөн зам, Тасганы овоо, Нарны замын ногоон байгууламжийг хариуцаж авлаа. Энэ хэсэг газрыг үлгэр жишээ болгоно. Нийт 64 гудамжийг эзэнтэй болгож байгууллагуудад хуваарилж өгч, гэрээ байгууллаа. Арваннэгэн сар хүртэл тэд талбай дээрээ ажиллаад сар бүр ажлын хөлсөө авна. Өмнө нь цэцэг, ногоо тариад эзэнгүй хаячихдаг. Хамгаалдаг, арчилдаг хүн алга байж. Усалгаа хаврын улиралд хамгийн чухал юм. Хогоо цэвэрлэнэ. Зургадугаар сарын 1-нээс хойш ногоон эрээн хивс дэвссэн юм шиг цэцэг, өвс халиурна, ногоон байгууламжинд эрс өөрчлөлт гарна.
-Иргэд алхах зам Улаанбаатар хотод бараг л алга. Барилга барьж замтай шууд холбочихно. Эсвэл замын хашлагаар иргэд алхаж харагддаг. Үүнийг та анзаарсан уу?
-НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд гарсан. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр доторх газраа өөрсдөө хамгаалж, цэвэрлэж, явган хүний зам барих зэргээр тохижуулах үүрэгтэй юм. Гэтэл манайхан тэгдэггүй. Ямар ч тохижилтгүй орчин, эвдэрхий, хагархай шат, хавтантай үүдээр орохоор нэг гоё хүүхэн, гял цал болсон залуу малийгаад л сууж байдаг.
Дотроо гяланцаг, гаднаа паланцаг ийм байгууллага хотод олон байна. Бид судалгаа хийгээд 30 гаруй байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн. Энхтайваны өргөн чөлөөнд байгаа, гаднаа тохигүй, байнга л хог хөгл өрүүлдэг байгууллагуудын эздийг “чихдэж” эхэлсэн шүү.
Энэ сарын 30-ны дотор гадна орчноо тохижуулж дуусахгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлана. Тэрбум гаруй төгрөгөөр үнэлэх хөрөнгөтэй хэрнээ хоёр сая төгрөгөөр орчноо тохижуулж чадахгүй байна. Нөхдүүдийг жаахан чангалж байгаад хотоо гоё болгоё. Алийн болгон төр бүх ажлыг нуруун дээрээ үүрч байх юм бэ. Чаддагг үй юм бол тэд хаалгаа бариулаад орлоггүй болно биз. Энэ тогтоолын хэрэгжүүлэх гэж би үхтлээ явна.
-Нийслэлд бүртгэлтэй хэчнээн бичил цэцэрлэг байна вэ. Жил бүр л ямар нэг цэцэрлэгийг сүйтгэж байгааг бид зүгээр л хараад суухаас цааш хэтрэхгүй юм?
-Манай хотод бичил цэцэрлэг нэлээд олон бий. Асашерюүгийн, Төрийн ордны, Явуугийн, циркийн хойд талын гэх мэтээр бий. Гэхдээ энэ бүхнийг гадны орныхонтой харьцуулахад ичмээр дамшиг. Манайдаа л цэцэрлэг байх.
Лондонд би таван жил амьдарсан. Лондонгийн Хайт паркийг байгуулна гэж нилээн жилийн өмнөөс төлөвлөжээ. Манайхан ямарваа ажлыг хийхдээ ерөнхий төлөвлөлттэй уялдуулдаггүй. Ерөнхий задлаад хэсэгчилсэн төлөвлөгөө хийдэг. Хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газар олгоно. Өмнө нь Улаанбаатар хотыг “дэлбэлээд” хаячихсан юм байна лээ.
-Цэцэрлэгчид ажилдаа хэр дадаж байна. Тэд сайн ажиллавал хот сайхан болох байх?
-Цэцэрлэгчдээ сайн ажиллуулахын тулд 700 мянган төгрөгийн цалин өгнө. Өдрийн хоолыг нь өгнө. Хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллах тул тэднийг ажлын байранд нь сэтгэл ханамжтай байлгах ёстой. Ажлын таван өдөр 9.00-18.00 цагт ажиллана. Шаардлагатай үед амралтын өдөр ажиллуулж илүү цагийн мөнгө тооцно. Манайхан их урамтай ажиллаж байгаа.
-Цэцэрлэгчдэд багаж, хэрэгсэл хангалттай бий юу?
-Багаж хэрэгсэл, трактор, хөрс сийрүүлэгч зэрэг шаардлагатай техник, хэрэгслийг авсан. Зургадугаар сарын 5-наас хойш Улаанбаатар хот их гоё болно. Энхтайваны өргөн чөлөөг цэцэг, ногоо алагласан сайхан газар болгоно.
-Хаврын хаварт өнгө, өнгийн цэцэг, ногоо тарьдаг. Усалгаагүй хатчихдаг. Үүнийг шийдсэн үү?
-Хүмүүс өглөө ажилдаа явахад зам нь тоос, шороогүй, чийг ханхалсан таатай байдлыг бий болгоно. Эрт, 5.00-6.00 цагт хотын зүлэг, ногоогоо тусгай машинаар услана. Гэрээ байгуулсан газрууд хариуцсан газраа хүүхэд арчилж байгаа юм шиг л бөөцийлөхийг би шаардана. Тэгж ажиллаж чадахгүй газруудад шууд л баяртай гэж хэлнэ.
-Хэчнээн компанитай гэрээ байгуулсан бэ?
-Мод үржүүлэг болон цэцэрлэгжилтээр дагнан ажилладаг өчнөөн аж ахуйн нэгж нийслэлд байдаг. 64 компанитай бид хотын цэцэрэгжилт, ногоон байгууламжийг сайжруулах гэрээ байгуулчихлаа. Зам, талбайгаа хуваарилаад өгчихлөө. Хамгийн сайн ажилласан компанийг нь таван сая төгрөгөөр шагнах уралдаан зарлахаар зэхэж байгаа. Шагнал авахын төлөө ажилладаг биш, сайн ажилладгийг нь шалгаруулъя. Тэд сайн ажиллавал ирэх жил олгох мөнгө, төсвийг нь хангалттай нэмж дахин гэрээ хийнэ.
-Нийслэлийн иргэний танхим, Хүүхэд залуучуудын ордны гаднах талбай гэж дайн болчихсон юм шиг сүйдсэн газар байна. 50 метр доторх талбайгаа тохижуулах шаардлагыг төрийн байгууллагууд биелүүлэхгүй байгаа юм биш үү?
-Тэр газрыг анхааралдаа авъя. Төр, хувийн хэвшил гэлтгүй бүгд л нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулахын төлөө ажиллах ёстой.
-Дүүргүүдийн ТҮК-иудыг менежмэнтийн гэрээг цуцалж, нийслэл буцааж авлаа ч хот хогноосоо салсангүй. Хэчнээн сайхан ногоон байгууламжтай болж, замын хажуугаар цэцэг тариад хогтой хотод амьдрах уу?
-Иргэдээс хурааж байгаа 2500 төгрөг Орон сууцны контороор дамжаад жилдээ 4.5 тэрбум төгрөг цугладаг. Энэ мөнгөөр 152 хорооны хогийг тээвэрлэхээр хүрэлцдэггүй. Тооцоо, судалгаа хийгээд 11 тэрбум төгрөг байвал энэ асуудлыг шийдчих юм байна. Тиймээс 5.5 тэрбум төгрөгийн эх үүсвэр бидэнд хэрэгтэй. Нийслэлээс мөнгө гаргаж өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1- нээс хоёрдугаар сарын 1- ний хооронд хогоо зайлууллаа.
Компаниуд уралдаад хогоо зөөчихдөг юм байна. Журам гаргаад, хог тээвэрлэгчдээ шалгаруулаад энэ ажил жигдэрсэн. Хог зайлуулах ажлыг сайжруулъя гэвэл хог тээврийн зардлыг хангалттай өгмөөр юм. НИТХ-д би энэ саналыг би оруулна. Бид гадаадад оччихоод гайхаж, шагшаад байдаг. Тэдний хийсэн шиг ажлыг сэддэггүй л байхгүй юу. Ирэх жил бид үүнээс илүү сайхан ажлыг хийнэ.
Замын хажуугийн сул шороотой талбайг зүлэгжүүлж чадахг үй бол хайргаар хуч л даа. Шорооны оронд явган хүний зам тавь, эсвэл цемент цутга гэж шаардаж байгаа. Сая би гадуур ажлаар явж байгаад ирлээ. “Гандент” гэж шүдний эмнэлэг орохын эцэсгүй хогондоо дарагдаж, үүдний эргэн тойронд хэмхэрсэн тоосго, хагархай хавтантай.
Дотор нь нэг их ганган хүүхэн сууж байна. Байдлыг нь хэлэхээр “Бизнесийн нэр хүндэд халдлаа” гэж өөдөөс хашхирч байна. Үүргээ биелүүлдэггүй эрхээ эдэлдэг байгууллагууд сануулга аваад ажлаа өөрчилөх ёстой.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин