Ш.Алтантуяагийн хэргээр сонгуулийн шоу хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн хэргээр сонгуулийн шоу хийж байна

Ш.Алтантуяагийн хэргээр сонгуулийн сурталчилгаа хийж, шоу болгож байна

Манай улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн цогцос 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос олдож олныг сэртхийлэгсэн. Бүсгүйн толгой руу буудаж, биед нь "С4"  тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон билээ.

Хэргийг шүүх хурал удаа дараа болсон ч манай талд шийдэгдэж чадаагүй юм. Түүний хэрэг шийдэгдээгүй байхад Ш.Алтантуяагийн зурагтай хэвлэмэл хуудсыг Малайзын сонгуулийн сурталчилгаанд ашиглаж эхэлсэн талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Ирэх сарын 5-ны өдөр болох тус улсын сонгуульд сөрөг хүчин Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт сэжиглэгдэж буй Малайзын Ерөнхий сайд Мохаммад Нажиб Абдул Разакийг огцруулахаар тус аллагын хэргийг ашиглаж байгаа аж. Мохаммад Нажиб Абдул Разакийг унагах хамгийн үр дүнтэй арга нь түүнтэй холбоотой бүх сөрөг мэдээлэл, авлига, гэмт хэргийг нь олон нийтэд дэлгэн харуулах юм гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм. Тэдэнд манай улсын иргэн Ш.Алтантуяагийн аллагын хэрэг том пи ар болж өгчээ.

Малайзын сонгуулийн дараа түүний шүүх хурал болно

Ш.Алтантуяагийн хэрэгт холбоотой цагдаагийн хоёр ажилтны гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хурал зургадугаар сарын 10-нд эхэлж, гурван өдөр үргэлжилнэ.

Сирул Азар болон Азилах нар 2006 оны 10 дугаар сард 28 настай Ш.Алтантуяаг хөнөөсөн учир Шах Алам дээд шүүхийн 2009 оны тогтоолоор тэдэнд цаазаар авах ял шийтгэсэн юм. Гэмт хэргийн хамсаатан, улс төрийн шинжээч Абдул Разак Багиндаг эд мөрийн баримтгүйн улмаас хэрэг үүсгэн шалгаж чадаагүй юм.

Ш.Алтантуяагийн хэргийг эргэн сануулахад

Шаарийбуугийн Алтантуяагийн амиа алдсан өдөр түүнийг хүргэж өгсөн таксины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цагдаад мэдээлсэн аж. Бүсгүйг түүний нүдэн дээр барьцаалан,  машинд суулган авч одоход хөлсөө ч авч чадаагүй жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлжээ.

Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байна. 2006 оны арваннэгдүгээр сарын 19-нд Малайзын цагдаагийн газрын тэмдэглэлд залуухан ази бүсгүйн үхлийн талаар маш тодорхой бичсэн байжээ. Гэвч уг рапорт одоо хүртэл нууц хэвээр байгаа гэх.

Бүх зүйл 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ байгуулснаас эхэлжээ. 28 настай Ш.Алтантуяа бүсгүй “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон юм. “Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж бичжээ.

Харь газар амиа алдсан Ш.Алтантуяа 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсанаар түүний хувь тавилан орвонгоороо эргэсэн юм.

Багиндаг гэгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байжээ. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа Багиндатай удалгүй амрагийн холбоотой болсон байна. Багинда тухайн үед Ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разактай ойр дотно холбоотойгоороо  Куала Лумпурын элитийн хүрээнд багтдаг байжээ.

2005 онд Ш.Алтантуяа Багиндатай хамт түүний улаан Ferrari-гаар Европоор зугаалсан гэдэг. Гэвч цаад зорилго нь шумбагч хөлөг худалдаж авах хэлэлцээ байжээ. Хэлэлцээг бүр 2002 онд байгуулсан байсан ч чухал заалтуудыг тохироогүй байж. Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай авахуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилсэн боловч Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн юм.

2006 оны аравдугаар сард “Армарис” техник үйлчилгээний комисст төлбөрөө тушаасныг сонсоод Алтантуяа  Куала Лумпурт очиж өөрийн хувиа авахыг хүсчээ. Харин Багиндагийн удирдаж байсан техник үйлчилгээний  “Perimekar” түүндолгох 500.000 ам.долларыг өгөхөөс татгалзжээ. Багинда, Алтантуяа нар үүний өмнөхөн хоёр тийш болсон байжээ. Учир нь Нажиб Разакийн хартай эхнэр түүнд ямар ч мөнгө өгөхгүй байхыг тушаасан байна.

Алтантуяа өөр хоёр монгол бүсгүйн хамт Куала Лумпурт очиж, Багиндаг мөнгийг нь өгөхгүй бол хараал хийлгэнэ гэж сүрдүүлжээ.  Харин хэдхэн хоногийн дараа бүсгүй амиа алдсан бөгөөд Малайзын цагаачлалын бүртгэлээс түүний нэр арчигдсан байжээ.

Эх сурвалж: WWW.24TSAG.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж