Өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

2013 оны Дархан-Уул аймгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр шалгарсан "Мөнх Пил” ХХК-ийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын дарга өчигдөр/04.25/ танилцлаа.

2010 оноос 13-р багийн 23-р байранд гэр бүлийн таван гишүүн нэг самнах машин, нэг угаалгын машинтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өдгөө Дархан-Уул аймгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг болжээ.

Дархандаа болон Улаанбаатар хот руу арьсан ултай том жижиг тавчик хүүхдийн сөөхий, углаа, оймс улавч зэрэг бүтээгдэхүүнээ бөөнөөр нийлүүлдэг байна. Өнгөрсөн жилээс ажилгүй 12  хүнийг сургаж үндсэн ажилчинаа болгосон байна.

Үүний зэрэгцээ оюутнуудыг цагаар ажиллуулдаг байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор дахин нэг подвал авч засварлаж байгаа гэж аймгийн ИТХ-ын даргад танилцууллаа. Арьсаар улласан тавчик бойтогнуудаа дэвшилтэд технологийг нэвтрүүлэн резинин улаар уллаж эхэлсэн нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа гэлээ. Цаашид эсгий гутал хийхээр зорилт тавин ажиллаж байгаа аж.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын болон хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих нь төрийн зүгээс тэдэнд үзүүлэх бодит дэмжлэг болно гэж ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч П.Мөнхгэрэл аймгийн ИТХ-ын даргатай уулзах үеэр онцлон ярьсан юм.


Жижиг бизнес нь орон нутгийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тухайлбал хүн амын өргөн хэрэгцээний барааны үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, аймаг сумдын төвийг хөгжүүлэх, ажиллах хүчний илүүдлийг багасгаж хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бий болгоход ихээхэн үүрэгтэй байдаг. Хүний гар харж зүгээр суугаагүй энэ компанийханы жишээ манай аймагт олон байгаа. Энэ мэтчлэн ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж буй өрхийн үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийн хөгжлийг дэмжихэд илүүтэй анхаарч ажиллахаа аймгийн ИТХ-ын дарга мөн үеэр илэрхийллээ.

Эх сурвалж: www.darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж