УИХ-ын гишүүдэд хичээл заая

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдэд хичээл заая

Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэнэ. Бас ямар ард түмэн байна, тийм төр байна гэсэн үг ч бий. Тийм болохоор сонгох сонгогдох эрхээ эдлээд, бүхэл бүтэн аймаг, дүүргийн ард түмний итгэл хүлээгээд сонгогдсон гишүүдийг сайн, муу, чадалтай чадалгүйгээр нь ялгаж гадуурхах, дээр доор үзэх явдал байж болохгүй зүйл. Гэвч бас мэдэх мэдэхгүйн наана цаана, ялгаа заагийг ядахдаа тавьж өгөхгүй бол болдоггүй бололтой. Ямар сайндаа л манай ард түмэн “Тэнэг хүний дуугүй нь сүрлэг” гэж хүртэл аргадаж байх вэ дээ.

УИХ-ын гишүүн, сэтгүүлч Г.Уянгыг лав яавч баргийн юмны наана цааныг мэдэж байх учиртай. Ядахдаа сэтгүүлч хүний хувьд ажил, мэргэжлийн шаардлагаар овоо олон юм сонсч, мэдээлэл дунд амьдарсан хүн. Харин мэдсэн ч мэдэн будилдаг үе байдаг эсэхийг нь мэдэхгүй л дээ.

Саяхан УИХ-аар Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байх үеэр Г.Уянга гишүүн том тэнэгтэв. Тэр хууль санаачлагчдын улаан нүүр лүү харж байгаад нүд цавчих ч үгүйгээр “Гадаадын хөрөнгө оруулалтыг ингэж боомилох, төрийн өмчийн, хувийн өмчийн гэж ялгаварлах нь ямар хэрэгтэй юм бэ. Хөрөнгө оруулалт чөлөөтэй л байвал Монгол Улсад хэрэгтэй юм байгаа биз дээ” хэмээн загнав.

Уг нь хэрвээ эрхэм гишүүн өөрөө сонирхоод, өнөөдрийг хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиа эргээд нэг харчихсан бол тэнд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт /уул уурхай, мэдээлэл, харилцаа холбоо, банк санхүү/ үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийн гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 49 хувиас давбал, эсхүл нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэж шийдвэр гаргана” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-аар хэлэлцэж шийдвэр гаргана гэдэг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтыг гэрээг батлуулах гэж “Айвенхоу майнз”, Рио Тинто бүтэн найман жилийг авсантай адил цаг хугацаа, зовлон бэрхшээлийг туулна гэсэн үг. Өнгөрсөн хавар УИХ-аар баталсан энэ хуулиас “гадаадын хөрөнгө оруулалт зугтлаа, эдийн засаг хэцүүдлээ” гэж Засгийн газар хагас жил ярьж байж сая хуулиндаа өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл хуулийнхаа энэ зүйл заалтыг сулруулан хөрөнгө оруулалтын хэмжээнд хязгаар тавихаа больж, зөвхөн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн энэ салбарт хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийн хэмжээ нийт хөрөнгө оруулалтын 49 хувиас давсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэхээр болгон өөрчилсөн. Хувийн хөрөнгө оруулалтын хэмжээнд бол хязгаар тавиагүй, Засгийн газар дангаараа шийдвэрлээд явна аа гэсэн үг.

Гэтэл Г.Уянга төдийгүй, УИХ-д өмнө нь сууж байсан гишүүд хүртэл өмнөх хуулиа ч уншаагүй байж, “Хөрөнгө оруулалт орж ирэхгүй эдийн засаг хүндрээд байхад Засгийн газар ийм хууль оруулж ирэх гэж” гэсэн юм яриад, камерийн өмнө халуураад сууж байх жишээтэй. Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нэгдсэн чуулганаар хэлэлцэж, хууль санаачлагч нь гишүүдийн асуултад хариулж байтал О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайдыг бас нэг иймэрхүү баахан “ухаантай” асуултаар булав. Тэгээд арай гэж асуулт нь дуусч, УИХ-ын дарга “Х.Тэмүүжин сайд асуултад хариулна уу” хэмээн микрофон өгтөл нөгөө их идэвхитэй нөхөр маань чуулганы танхимаас гүйхээрээ гараад явчихаж байгаа юм. УИХ-ын дарга уурлаж, “асуулт асуучихаад хариултаа авч байж гарна шүү” гэсэн ч ер жишимгүй.

Ер нь энэ хууль уншдаггүй, худлаа ярьдаг, камер харж хадуурдаг хэдэн гишүүддээ ядахдаа алдаг оног уншсанаар нь парламентын хэдэн сэтгүүлчдээр хичээл заалгавал яасан юм, эрхэм спикер ээ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж