Ч.Улаан сайдаас тайлбар хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Ч.Улаан сайдаас тайлбар хүсэв

Сү.Батболд эдийн засгийн өсөлтийг хөөс гэж хэлснээ тайлбарлахыг Ч.Улаан сайдаас хүслээ

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхний асуудал болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаархи мэдээллийг Сангийн сайд Ч.Улаан танилцууллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт долоо хоногийн өмнө Ерөнхий сайдын мэдээлэлд төсөв сайн байгаа гэж байснаа өнөөдөр хүнд байна гэж яриад байгаагийн учрыг сайдаас тодруулсан юм. Түүний асуултад Сангийн сайд Ч.Улаан “Төсвийн бодит байдал өнөөдөр амаргүй байгааг долоо хоногийн өмнө хурал дээр хэлсэн. Төсвийн гүйцэтгэл, орлого тасарсан нь үнэн, зарлага 58 хувийн санхүүжилттэй гарсан нь үнэн. 2012 оны санхүүжилт бүрэн хийгдээгүй. 21 мянган төгрөгийг олгоход зарцуулах 31 тэрбум төгрөг энэ жилийн төсөвт суусан байгаа. Төсвийн орлогыг бүрдүүлэх асуудал бидний амин чухал асуудал. Сангийн яам бодит эргэлтийг дэмжихийн тулд бүх талаар салбарын яамдтай хамтран ажиллаж байна. Хоёрдугаар улирлаас байдал дээрдэх болов уу гэж найдаж байна. Орлогоо нэмэгдүүлж, зарлагаа багасгах тал дээр анхаарч ажиллаж байгаа“ гэж хариулсан юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Сү.Батболд Сангийн сайдын мэдээлэлд нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Тэрбээр “Өмнөх Засгийн газрын үед эдийн засаг өсөөгүй, хөөс байсан, бидэнд баахан өр л үлдээсэн гэж Н.Алтанхуягийн Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа ярьж байгаа. Өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн өсөлт бол албан ёсоор баталгаажсан статистик мэдээлэл. Манай улс эдийн засгийн хямралтай 2008, 2009 оныг давсан ч эдийн засгийн өсөлт 2012 онд 10 гаруй, 212 онд 17 гаруй хувьтай гарсан. Өмнөх Засгийн газрын үед цалин, тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлж чадсан. Хүний хөгжил сангийн хуулийг УИХ баталсны дагуу бид айл болгон, иргэн бүхэнд сар тутам 21 мянган төгрөг өгсөн. Энэ бол төрийн шийдвэр байсан.

Ажилгүйдэл тодорхой хэмжээгээр буурч, барилга, хөдөө аж ахуйн салбарт өсөлтүүд гарч эхэлсэн. Олон сайн, эерэг зүйлүүд бий болсон. Гэтэл өнгөрсөн бүхнийг заавал хараар будах улс төрийн шалтаг шалтгаан танд байгаа юм уу. Ямар үндэслэлээр эдийн засгийн өсөлтийг үгүйсгээд байгаа юм бэ. Энэ бол Дэлхийн банк болон холбогдох байгууллагаар батлагдсан тоо. Ийм тоонуудыг хөөс байсан гэж хэлснээ та тайлбарлана уу. Та бүхэн олон салбарт бодит өсөлт гарч байна гээд ярих юм. Яг ямар салбарууд дээр хэдий хэмжээний бодит өсөлт гарсныг тодорхой хэлэхгүй юу. Өмнөх Засгийн газар нэлээд их өр үлдээлээ гэж яриад байх юм. Уг нь бид нэлээд их мөнгө үлдээсэн. Хөтөлбөрүүдээ биелүүлэхийн зэрэгцээ Хөгжлийн банкны 575 сая ам.долларыг хавар нь аваад бүтээн байгуулалтын ажилд шилжүүлж үлдээсэн. Бид дотоод нөөц боломжоо бүрэн ашиглаж байсан. Мөн тухайн үед Засгийн газрын бонд гаргах саналыг УИХ-д оруулахад дотоод нөөцөө ашигла гээд УИХ дэмжээгүй. Энд сууж байгаа УИХ-ын дарга тэр тухай сайн мэдэж байгаа. “Чингис” бонд гаргах ажлыг Засгийн газар байгуулагдаад гуравхан сарын дараа хийчихсэн юм шигээр яриад байна. Энэ бол өмнөх Засгийн газрын хийж ирсэн ажлуудын хөрс суурь суурин дээр босч ирсэн зүйл. Өмнөх нь муу байсан бол ийм бонд гаргаж чадахгүй шүү дээ. Гэнэт саран дээрээс бууж ирээд өргөс авсан мэт аливаа асуудлын талаар ярих нь зохимжгүй. Н.Батбаяр сайдын хэлснээр бид Монголбанк, Засгийн газар хамтарч ажиллахыг буруу гэж үзээгүй, харин халаасандаа хэт орох нь буруу шүү гэж сануулж байгаа. Дэлхийн практикаас харахад төв банкууд хараат бус ажиллах зарчмаа биелүүлж байж л аливаа хямралыг даван туулдаг юм билээ” хэмээн хэллээ. Түүний асуултад Сангийн сайд Ч.Улаан ингэж хариуллаа.

“Яагаад хөөс ярих болсон бэ гэхээр эдийн засгийг энэ Засгийн газар элгээр нь хэвтүүлчихлээ, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурчихлаа гээд байхаар нь бодитой хүчин зүйлийг нь олж тогтооё гэдэг үүднээс хандсан. Өмнө байсан өсөлт дотор эргэж хянаж үзмээр юм байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын тал хувь нь тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгө болж орж ирсэн, бусад нь тодорхойгүй байна. Ямар нэг зорилгоор харлуулж будах хүсэл зорилго надад байхгүй. Хөгжлийн банкийг байгуулсан нь үнэн. Төрийн бодлого уламжлагдаж явдаг учраас аль аль талдаа л хамаатай” гэв.

 

Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж