Б.Батчулуун: Хүн бүрт таалагдах албагүй

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Б.Батчулуун: Хүн бүрт таалагдах албагүй

Монголын рок, поп ертөнцөд өөрийн гэсэн томоос том орон зайг үлдээж, цар хүрээгээ улам тэлсээр байгаа эрхэм бол яалт ч үгүй “Никитон” хамтлаг болон түүний гол амин сүнс болсон урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун юм. 20 жилийн өмнөөс амьд хөгжим сонирхогч залуусыг байлдан дагуулж ирсэн тус хамтлагийнхан энэ хугацаанд дөрвөн цомог гаргасан байдаг. Хамгийн эхнийх нь “Цамцаа тайл”, “Ялгуун”, “Нутгаа санана”, “Хос хунгийн дууль” гэх мэт. Тухайн үедээ хүмүүсийн анхаарлыг татаж чадсан хамгийн содон цомог болсон ч бас л олны шүүмжлэлээс нуугдаж чадаагүй. Харин дараа нь буюу 2007 онд “Нандин шүтээн” цомог олны хүртээл болсноор урлагийн ертөнцөнд жинхэнэ шуугиан тарьсан юм. Өнөөх шүүмжилж байсан нөхдүүд “Нандин шүтээн” цомогт уусан автаж байсныг гэрчлэх хүн олон. Түүнээс хойш сураг алдарч фэнүүдээ “гомдоосон” Б.Батчулуун урлагийн ертөнцдөө эргэн ирж 2012 оны гуравдугаар сарын 6-нд “Нандин шүтээн” тоглолтоороо фэнүүдээ доргиож байлаа. Яг энэ тоглолтоос хойш өчигдөр нээлтээ хийсэн “Үүлэн үст” цомгийн сураг гарсан юм. Гэвч удтал хүлээлгэсний эцэст дөнгөж сая л фэнүүдийнх нь гар дээр ирлээ. Бас л удаан хүлээлт байсан шүү. Содон үг, аялгуутай уг цомогт “Зэмсэг”, “Bаby”, “Нар”, “Үүлэн үст”, “Терминал 12”, “Тайз”, “Яагаа ч үгүй”, “Шуурга” “Ахыгаа дэлхийн дээр буулгаад аль”, “Баяртай терминал 12” гэсэн 10 дуу багтжээ. Цомгийн баярын нээлт энгийн хэрнээ эгэл орчинд боллоо. Цагаан өнгийн хөшиг, өнгө өнгийн гэрлийг тэрээр “Үүлэн үст”-ийн нээлтэд сонгосон байх юм. Хүндэт зочид жирийн л нь хүмүүс. Гэхдээ өөрсдийн хүрээлэлдээ хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Рок урлагийн салбарт өөрийнхөө дуу хоолойг тамгалсан “Нисванис”-ын Амгаа, мөн “Элькондор” хамтлагаар олонд танигдсан дуучин П.Хэрлэн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Монголын рок, поп ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрхмийн нэг “On & off” продакшны Г.Ононбат нар “Никитон”-ы хүндэт зочид байлаа. Яагаад гэвэл тэд “Үүлэн үст” цомогт хамтарч ажилласан учраас тэр.

Үүлийг үсийг чинь гэж боддог
Цасыг царайг чинь гэж боддог
Салхийг уруулыг чинь гэж боддог
Сарыг гунигийг чинь гэж боддог
Үүлэн үстэй, цасан царайтай
Салхин уруултай, саран гунигтай
гэсэн өвөрмөц зүйрлэл бүхий үгтэй дууны анхны сонсогч, клипнийх нь анхны үзэгчид зөвхөн түүний фэнүүд байлаа. Үгийг нь сонсч, клипийг нь үзэж байхад өөрийн эрхгүй бие арзаймаар гоё мэдрэмж төрөх уг дууны клип 1900, 1930, 1970 он, орчин үе гэсэн дөрвөн үеийн хайр сэтгэлийг харуулжээ. Цомгийн нээлтийн үеэр Б.Батчулуунтай ярилцлаа.

-Юуны өмнө баяр хүргэе. Удаан хүлээлээ шүү энэ цомгийг. Яг одоо таны сэтгэл ямар байна вэ?

-Баярлалаа. Яг одоо өөрийнхөө дотор мэдрэгдэж байгаа зүйлийг үгээр илэрхийлэхэд хэцүү байна. Ямар ч байсан зургаан жил ажилласны эцэст шинэ цомгоо өлгийдөн авлаа. Миний цомогт хамтарч ажилласан бүх хүнд баярлалаа. Ивээн тэтгэсэн “Алтан тариа” компанид баярласнаа илэрхийлэх хэрэгтэй. Бас цомгийг маань тэвчээртэй хүлээсэн фэнүүддээ баярлалаа гэж хэлье.

-“Нандин шүтээн” тоглолтын дараа л энэ цомгийн яриа гарсан. Яагаад ингэж удав?

-Олон шалтгаан бий л дээ. Хамгийн гол нь би чанартай бүтээл гаргахыг л зорьдог. Түүнээс биш богино хугацаанд нэг цомог гаргаад л түүнийгээ хурдан борлуулах юмсан гэж боддоггүй. Тэгэх ч шаардлага байхгүй. Гэхдээ “Үүлэн үст” цомог өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бэлэн болсон. Тэгээд тухайн үедээ нээлтээ хийе гэж бодсон ч ер нь клиптэйгээ хамт нээх нь зөв юм байна гэж шийдээд энэ өдрийг хүлээлээ дээ. Таалагдах, үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Угаасаа хүн бүрт ч таалагдах албагүй.

-“Үүлэн үст”-ийн тухай ярьвал?

-Энэ дууны шүлгийг яруу найрагч О.Цэнд-Аюуш бичиж, хөгжмийг нь би бичсэн. Монголын сайхан бүсгүйчүүдэд зориулсан дуу юм. Буржгар үсийг үүл шиг гэж ярьдаг шүү дээ. Мөн өвөрмөц, хүнд таалагдах нэр гэж бодсоны эцэст “Үүлэн үст” гэж нэрлэсэн. Ер нь миний хувьд дууны үг, аялгуу дээр маш их анхаардаг. Товчхондоо бол дууны нэрийг жоохон этгээд талаас нь харахыг хүссэн юм. Бас өмнөхөө бодвол бага зэрэг хүндэрсэн байж болох талтай. Хамгийн гол нь бид байнга сонсч байгаа учраас сүүлдээ мэдэхээ больдог. Тиймээс сонсогч фэнүүд маань “Үүлэн үст” цомогт дүгнэлт хийнэ байх.

-Олонхи хөгжмийн зохиолчид үгэндээ тохируулж ая хийж байна. Харин таны хувьд?

-Янз янз л байдаг. Зарим дууг аяндаа тааруулж шүлгийг бичнэ. Мөн шүлгэндээ тааруулж ая бичих ч тохиолдол гардаг.

-Та түрүүн зохиогчийн эрхийн талаар нэлээд ярилаа. Энэ талаар өөрийнхөө бодлыг хуваалцахгүй юү?

-Оюуны өмч гэж юуг яриад байна вэ гэдгийг би энгийн үгээр тайлбарлахыг хичээе. Зөвхөн миний ч биш хэн нэгний бүтээлийг авахдаа тухайн хүнээс заавал зөвшөөрөл авч байхыг л хэлээд байгаа юм. Жишээлбэл, “Боловсрол” сувгийнхан миний “Үүлэн үст” цомгийн клип, албан ёсны танилцуулга, баримтат кино, ярилцлагыг телевизээрээ гаргах эрхийг албан ёсоор худалдаж авсан. Зохиогчийн эрх гэдэг чинь энэ л байхгүй юү. Гэтэл “Макаб” гээд нэг байгууллага “Нандин шүтээн” цомгийг маань миний зөвшөөрөлгүй iTunes-т байршуулсан байсан. Тэгээд хэлж байгаа тайлбар нь “Дэлхийн хэмжээний энэ том сүлжээнд цомгийг тань тавьсанд баярлахгүй байна уу” гэж надаас асуусан. Надад тэр iTunes том сүлжээтэй байна уу, үгүй ү огт хамаагүй. Хэрвээ тавих гэж байгаа бол надаас заавал зөвшөөрөл авах ёстой. Яагаад гэвэл “Нандин шүтээн” миний, манай “Никитон” хамтлагийн өмч. Хэнбугай ч байсан миний оюун санаанаас гарсан бүтээлийг үнэлэх ёстой. Хэрвээ тухайн уран бүтээлийг өөр зорилгоор ашиглах бол гэрээ, хэлцлийг нь хийж албан ёсоор авдаг болох ёстой. Энэ тал дээр бид анхаарч оюуны өмчөөр хамгаалах ажлыг хийж эхэллээ. Хэрвээ бидний, эсвэл уран бүтээлчдийн өмчийг хэрэглэх гэж байгаа бол зөвшөөрөл авч байгаасай гэж хэлье. Бид одоо оюуны өмч гэдэг зүйлийг хүндлэх цаг нь болсон гэж бодож байна. 


-Тэгвэл “Боловсрол” телевизээс өөр сувгаар танай хамтлагийн дуу болон клипийг үзэж болохгүй нь ээ?

-Бид Боловсрол суваг телевизтэй хамтран “Үүлэн үст” төслийг хэрэгжүүлнэ. Тэгээд тодорхой хугацааны дараа бусад сүлжээгээр цацагдана. Жишээлбэл, дуу хөгжим сонсох хамгийн түгээмэл сайт болох Youtube.com байж болно. Гэхдээ манай хамтлагтай албан ёсоор гэрээ байгуулж, зөвшөөрөл авах ёстой. Хэрвээ зөвшөөрлөө авах юм бол хамтарч ажиллах тал дээр чөлөөтэй гэж бодож байна. Манай хамтлаг хэнтэй нь ч хамтарч ажиллахад бэлэн.

-Танай хамтлагийн дараагийн тоглолтыг фэнүүд тань хүлээж байгаа байх. Хэзээ тоглолт хийх вэ?

-Мэдээж “Үүлэн үст” цомогт орсон болон бусад шилдэг дуунуудаа багтаасан тоглолт хийнэ. Гэхдээ яг хэзээ вэ гэдгийг тодорхой хэлж чадахгүй. Бас нэг зүйлийг хэлэхэд манай хамтлагийн дараагийн цомог удахгүй гарах гэж байгаа. Цомгийн ажил одоогоор 60 хувьтай явж байна. Цаг нь болохоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Энэ цомгоор юу хэлэхийг хүссэн юм бол?

-Эхлээд нэг зүйлийг хэлэхэд энэ цомог зургаан жил миний толгойны өвчин байсаар ирсэн. Дууны шүлэгний сонголт, аялгуу, нэр гээд энэ бүхнийг олон хүргэхийн тулд яавал зүгээр вэ гэдгийг өдөр бүр бодож байлаа. Зургаан жилийн хугацаанд энэ цомгийг гаргасны ялгаа нь гэвэл манай уран бүтээлчдийн олонхи нь мөнгөний төлөө ажилладаг болсон. Бүгдээрээ биш шүү. Олонхи нь. Үүнийг нуух юм байхгүй. Хурдан цомог гаргаж мөнгөө олоод түүнийгээ эргэлдүүлэхийг хүсдэг болсон. Би бол үүний эсрэг байр суурьтай байгаа. “Үүлэн үст” цомгийг хүмүүс сонсохгүй, нулимж болно. Бусдад таалагдахгүй байсан ч би түүнийг үл ойшооно. Миний өнөөдөр гаргасан цомог та бүхэнд таалагдвал мэдээж надад таатай санагдана. Таалагдахгүй бол яалтай ч билээ. Бусдад таалагдах гэж би хичээхгүй ээ.

Ц.Цэнд-Аюуш: Энэ дууны дахилтыг шүдэнзний хайрцаг дээр бичсэн байсан юм


Хэн бүхний анхаарлыг өөрийн эрхгүй татах “Үүлэн үст” дууны үгийг бичсэн яруу найрагч О.Цэнд-Аюушийн сэтгэгдлийг сонслоо.

-“Үүлэн үст” дуу болон клип нь сонсогчдод албан ёсоор хүрч эхэллээ. Үзээд сууж байхад өөрийн эрхгүй бие арзайж байлаа. Хэзээ бүтсэн дуу вэ?

-2008 онд анх бүтсэн дуу л даа. Дөрвөн жил хүлээгдсэний эцэст олны хүртээл болж байна. Дууны аяыг нь Б.Батчулуун анх надад төгөлдөр хуур дээр тоглож сонсгосон. Тэгээд хөгжмийг нь сонсонгуутаа хайр сэтгэлийн сэдэвтэй дуу байвал зүгээр юм байна гэж бодсон. Тэгээд энэ дууны дахилт болох

Үүлэн үстэй
Цасан царайтай
Салхин уруултай
Саран гунигтай
Хачин сайхан амраг юм аа чи
Хайраасаа ч харамламаар янаг юм аа чи
Хайраасаа ч харамлаж явъя
гэсэн үгийг шүдэнзний хайрцаг дээр бичсэн байсан юм. Тэгээд шүдэнзний хайрцгаа хайсаар байгаад олж харуулсан чинь аян дээр нь яг таарсан. Дараа нь бадгуудыг бичсэн. Ер нь бол дахилтаасаа эхэлж бүтсэн дуу л даа. Энэ дууны шүлгээр эмэгтэй хүний гоо сайхныг өөрийнхөө хэмжээнд дээд хязгаарын төвшинд гаргахыг зорьсон. Дууныхаа анхны клипийг үзээд үнэхээр төгс бүтээл болжээ гэж бодож байна.

-Нэрний тухай яриач?

-Анх “Гоо ертөнц” гэдэг нэртэй байсан. Гэтэл Б.Батчулуун ах “наадах чинь түгээмэл нэр байна. Олонд сайн хүрэхгүй. Тиймээс өөрчилмөөр байна” гэж хэлсний дараа бид хоёр ярилцаад “Үүлэн үст” гэдэг нэртэй болгосон.

-Шүлгийг хэр хугацаанд бичсэн бэ?

-Хоёр өдөр суугаад л бичсэн. Тэгээд л амь орсон. Энэ бол миний анхны дуу юм. Өмнө нь надад ямар ч дуучин хандаж байгаагүй. Тухайн үед би “Болор цом”-д шүлгээ уншсан шавилхан банди байлаа. Баачка ахын шинэ цомогт “Үүлэн үст”, “Нар” гэсэн хоёр дуу маань багтсанд баяртай байна. Намайг тоож хамтарч уран бүтээл хийсэнд талархаж явдаг юм. Цаашид рок, поп классик чиглэлийн дууны үг бичнэ гэж боддог. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд авьяасаа шавхаж шүлгээ тэрлэнэ.
 

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж