Эх хэлнийхээ төлөө сэтгэл зүрхээ гаргаач

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ төлөө сэтгэл зүрхээ гаргаач

Монгол Улсын Засгийн газраас “Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” гэсэн нөгөө л тунхаг шинжтэй ээлжит нэг тогтоолоо гаргажээ. Урьд нь гараад гараад ямар ч үр дүн өгөөгүй олон шийдвэрийн нэг болсон иймэрхүү тогтоолыг энэ удаа хамгийн их хүсэн хүлээж суусан хүмүүс бол МУИС, МУБИС-ийн монгол хэлний салбарынхан. Тэд л хагартлаа баярлаж байгаа. Тиймэрхүү хүмүүс л нэг иймэрхүү тушаал зааврыг гаргуулж чаддаг, түүнийгээ ам булаалдан магтацгааж, хэвлэл мэдээллээр ярилцлага өгч, төр засгаа магтан жирийн хүмүүсийг мунхруулах юм даа. Ийм тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нэрээр хэдэн зуун сая төгрөг дагалдаж, тэр мөнгө дээрх сургуулиудын монгол хэлний анги тэнхимд болон Хэл зохиолын хүрээлэнд сүржин нэртэй төсөл төлөвлөгөө болж очоод эцэстээ үр дүн нь тооцогдохгүй замхарна. Аль нь илүү их мөнгө авах дээрээ тулахад хэдэн байгууллагын толгойлогчид хоорондоо гар зөрүүлэхээс наагуур муудалцах бөгөөд тэр маргааныг нь харсан жирийн хүмүүс “мэргэжлийн байр суурийн зөрүү гарч байна” гэж эндүүрнэ. Өнөөдрийг хүртэл монгол бичгийн дүрэм ойлгомжгүй явж ирсэн, бараг хүн бүр дур дураараа бичих болсны төлөө хүлээх хариуцлага харин тэднээс холуур өнгөрдөг нь хачирхалтай. Аливаа тогтоол, дүрэм журам уг нь хэдэн дээд сургуулийн багш нарыг баярлуулаад өнгөрөх бус, улс орон, ард түмнийхээ төлөө гарч, ажил хэрэг болох учиртай ч мэдлэг боловсролгүй сайд дарга нартай Монгол оронд энэ мэт уриа лоозонгоос хэтрэхгүй шийдвэрүүд худал хуурмагийг улам дэвэргэсээр улс орноо баллаж байна. Одоо идэж уухаа өмнөө тавилгүй, эх хэлнийхээ боловсролд анхаарлаа хандуулах цаг болсон баймаар. Эх орон, ард түмнийхээ төлөө сайд дарга нар үлгэр жишээ үзүүлэх ёстой. Гэвч алгын чинээ цаасан дээр багтах, эх хэлтэй холбоотой гарсан энэ тогтоолыг харахад “Монголын Засгийн газар ингэж ч доройтох гэж дээ” хэмээн бодогдоно. Тиймээс:

“Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд Засгийн газраас баталж гаргасан энэ 37 дугаар тогтоолыг заалт бүрээр нь задалж, сайд танаа өчье.

1.1-д “Бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх …” гэжээ.

Өчих нь: Ийм заалт боловсролын баримт бич­гүүдэд зөндөө тусгагдсан, багш бүр үүнийг мэднэ. Нөгөө талаар хичээлийг сонирхолтой арга хэлбэрээр заах асуудлыг Засгийн газрын тогтоол гарч байж л шийдэх нь. Нээрээ хачин шүү, уг нь бас л багшийн үүрэг шүү дээ. Юу ярьж, яаж хийх учраа  олоогүй  мэт ийм ядарсан агуулгатай тогтоол хэнд ч тус болохгүй, юуг ч сайжруулахгүй, Ерөнхий сайд аа!

1.2-т “Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон, 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэх…” гэжээ.

Өчих нь: Зааж сургаагүй эрдмээр хэчнээн дахин шалгалт аваад ямар үр дүн гарах билээ. Ер нь манай засаг төр ямар нэг зүйл болохгүй л бол бүх шатанд хүмүүсийг шалгана, шүүнэ цаашилбал бүр шоронд хийнэ гэх юм. Ингэж “энхрий хайрт нам засаг”  биднийгээ дарамтална, айлгана бүр дээрэлхээд сурчихсаныг нь яана, түүнийгээ л та нар хийх нь ээ дээ.

1.3-д “Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх…” гэжээ.

Өчих нь: Хамаг муу муухай юм сайхан санаагаар эхэлдэг. Хэдэн жилийн өмнө хэсэг залуус бичгийн алдаа засах программ зохиох санаачилга гарган, бор зүрхээрээ нэлээд зүтгэсэн ч тэр ажлаа баралгүй орхисон. Учир нь манайд бичгийн дүрэм цэгцгүй, бас ойлгомжгүй, эрдэмтэд нь чадваргүй, бас  санаа нь ч зовдоггүй тул тэд эцэстээ хайран хүч, хөрөнгөө бараад дууссан гэдэг. Одоо хэрэв мөнгө гаргаад тийм программ бичих гэж байгаа бол монгол хэлний мэргэжлийн гэгдэх хүмүүс нь дүрмээ гарга харин тэр залууст программ бичих эрхийг нь олго, ядуу ч гэсэн ядаж шударга байцгаая л даа! Бас дээрх тогтоолын сүр дуулианаар одоо зөв бичгийн толь хийх гээд ханцуй шамлан суугаа хэдэн нөхөд баахан мөнгөний үнэр авчихаад, өөрсдөө өмнө нь оролцож хийсэн толио муулаад эхэлсэн гэнэ. Ёстой ичмээр. Мөнгө хараад бүхнийг мартдаг ийм хүмүүст дор хаяж багшлах ёс суртахуун гэж байна уу, үгүй юү. Тэд хэнийг хуурна вэ? Манай төр засаг ийм л хүмүүстэй нийлж хувийн хэвшлээ дарж авах, тэдний хийснийг үгүйсгэн, тэдэнтэй өрсөлдөж, улсын төсвийн мөнгөөр  бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнийгээ тогтоол шийдвэрээр баталгаажуулан хамгаалж, бүх нийтээр мөрдөх жишиг болгож буйг шинэчлэлийн гэгдэх Засгийн газрыг толгойлогч та үлгэрлэж байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон МУИС, МУБИС-ийн монгол хэлний мэргэжлийн багш, эрдэмтэд бол эх хэлээ хамгаалах, боловсролын чиглэлээр санаагаа нэгтгэн, зорилгынхоо төлөө хэзээ ч явж үзээгүй улс. Тэд өөрсдийгөө дайчилж мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхийн оронд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарыг ярихаас цаашгүй, тэдний хэмжээнд хүрэхийг хүсдэггүй, энд тэндээс төсөл мөнгө харуулдан, хувиараа халтуурын ном дэвтэр гаргаж, оюутнууддаа шахсан шиг амь зуудаг, багш шавийн гэх үнэндээ лам хуврагын дүрд хувилчихсан, улс орныхоо хөгжилд ямар ч нэмэргүй ийм л хүмүүс бөгөөд багшийн нэр, сүрийг гутаагсад. Үнэндээ тэд л жинхэнээсээ эх хэлний хөгжилд хамгийн их саад тээг учруулж буйг бүхнээрээ мэдэх цаг болсон баймаар.

1.4-д “Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдлөг болгож, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх …” гэжээ.

Өчих нь: “Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандарт” нэртэй баримт бичиг эрээд эрээд олдохгүй ээ. Харин “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар” гэх мэт учир нь олдохгүй, харилцан уялдаагүй, ихэвчлэн тохиолдлоор гардаг энэ олон янзын стандарт, зааврын алийг нь хэлээд байгааг мэдэхгүй. Тиймээс хэдэн онд баталсан, ямар стандартыг мөрдөхийг л заах ёстой болов уу.

1.5-д “Хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирил бичгээр бичиж байх” гэжээ.

Өчих нь: Байгууллагын хаяг, элдэв реклам голдуу гадаад хэлээр бичигдсэн харагддаг л даа. Гэтэл монгол хэлний дүрэмд гадаад хэлнээс оноосон нэрийг авч орчуулах талаар тогтсон журам ер байдаггүй юм билээ. Нэр томьёог орчуулах, гадаад хэлний үгийг галиглах тал дээр тогтсон дүрэм үгүй, ерөөсөө манайд зөв бичгийн дүрэм байдаггүй учраас энэ олон зуун байгууллага нэр хаягаа мэддэгээрээ л бичнэ. Тэдэнд ямар ч буруу байхгүй шүү. Чаддагаараа төр засаг нь хэдэн байгууллагуудынхаа нэр хаягийг хуулж хаяад байхаас өөр яах билээ. Эсвэл торгоно, шийтгэнэ гэсэн улаан зураастай бичиг барьсан байцаагчид нь хэдэн муусайн компаниудыг  зовоож, авлига нэхэхээс цаашгүй арга хэмжээ болж л дуусна. Үүнийг мэдэхгүй хүн үгүй. Ийм тогтоол шийдвэр эх хэлний боловсролд тус биш ус болдог юм, Ерөнхий сайд аа!

Р.ЭНХБАТ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж