
Хүний эрх, хөгжил төвийн захирал Б.Уранцоож Хохирогч, гэрчийн эрийн хамгаалал гэсэн салбар хорооны хуралдааныг даргалж байгаа. Хохирогч гэрчийн аюулгүй байдлыг хангах ажил тааруу, тэдэнд хэдхэн тооны төрийн бус байгууллага үйлчилгээ үзүүлдэг, сэтгэл санааны хохирлыг үнэлэх үнэлэмжгүй, өмгөөлөгчөөс төлбөргүй үйлчилгээ авах боломжгүй зэрэг асуудлыг салбар хуралдаанаар хөнджээ. Сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлэх, төрөөс үнэгүй үйлчилгээ үзүүлэх зэрэг бололцоог хайх, хөдөөд өмгөөлөгчдийн тоог нэмэх шаардлага байгааг ярилцжээ. Гэрч нь гэр бүлийн гишүүд, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх зөрчигддөг тохиолдлууд гарах болжээ.
Прокурорын байгууллагын үйл ажиллагаа гэсэн салбар хуралдааныг хөтлөгч, Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав сонирхолтой мэдээлэл хийв . Тэрбээр “Прокурор нууцлаг байгууллага. Хамгийн хүнд ялыг хамгийн ядуу хүнд үүрүүлдэг, хамгийн хөнгөн шийтгэлийг их хэмжээний хөрөнгө мөнгө завшсан өндөр албаныханд оноодог. Энэ ялыг прокурор өгдөг. Прокурор дунд докторын зэрэгтэй хүн байхгүй. Хэдхэн магистртай, дандаа бакалаврууд. Нийт 407 прокурор дундаа ажилладаггүй найман ширхэг хийн буутай, жилдээ 100 мянга гаруй хэрэг дээр ажилладаг, санхүү, мэдлэг аль аль нь тааруу. Нийтийн өмч дагасан том том хэрэг дээр ажилладаггүй. Нийтийн өмч хамгаалсан эрх зүйн орчин тааруу тул том том орд газар зэрэгт идсэн уусан хэрэг гардаг. Иймд нийтийн өмчийн прокурор тусдаа байх ёстой” гэж ярилаа. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны салбар хуралдааныг даргалсан ГЕГ-ын дэд дарга Д.Оюунчимэг “Цагдаад шинэтгэл хийх нь амаргүй. Ингэхийн тулд цагдааг мэргэжил гэж үзэж хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй. Цагдаа хэрэг шийдэхдээ зөвхөн байцаалтад л найддаг. Бусад орчин үеийн арга технологи үгүйлэгдэж байгааг оролцогчид голлон ярьсан” гэлээ. Төрийн хяналтын нэгдсэн бодлоготой болох, хар тамхи, хүний наймаа гэх зэрэг шинэ төрлийн хэргүүдэд тохирох шинэ бүтэц бий болгох шаардлагатай байгааг мөн ярьцгаажээ. Чуулган үргэлжилж байна.