
Хүний төрсөн нутаг, эх орон гэдэг ийм л сайхан. Гэтэл энэ сайхан эх орноо орхин гадаадад амьдарвал л сайхан болчих юм шиг харьд тэмүүлдэг сэтгэхүй сүүлийн үед газар авсан. Ялангуяа бүсгүйчүүд гадаадын аль нэг улсын иргэнтэй гэр бүл болж очоод сайхан амьдрана гэсэн мөрөөдөл нь замхарч, хэдэн жил, сараар нөхрийнхөө, хадмуудынхаа дарамтад байгаад, аргагүйн эрхэнд эх нутгаа зорин ирдэг. Хүний наймаанд өртөж, сэтгэл зүрхэндээ эдгэшгүй шарх авсан бүсгүйчүүд ч цөөнгүй. Энэ бүхэн гадаадад гарчихвал л сайхан амьдардаг гэсэн бодолтой цөөн ч гэсэн хүмүүст сургамж болдог нь дамжиггүй. Хамгийн сүүлд гарсан ганцхан жишээ гэхэд л олон хүний зүрхэнд хүрч, нэгийг бодогдуулсан байх аа. Хаа холын Африк руу Нигерийн иргэнтэй гэр бүл болж яваад, дөрвөн жилийн турш нөхрийнхөө дарамтад амьдарч, хоёр охины ээж болчихоод охидоо дагуулан зугтаж ирсэн С.Энхмаа гэх бүсгүйн талаар нэлээд шуугиж байна. Бүлтэгнэсэн хоёр охиноо дагуулж, цүнх, чемодан төдийхөн эд хогшлоо барьсан бүсгүй уйлан хайлан Нигер улсын цагдаагийн ажилтан болон тус улсын “Emmanuel TV” телевизийн сэтгүүлч, сүмийнхэнд хамаг зовлонгоо тоочин, “Туслаач, Монгол руугаа буцахад минь надад туслаач” гэж цөхрөлтгүй гуйж буй бичлэгийг www.youtube.com сайтаар монголчууд үзсэн. Хүний мууг үзэх гэж биш, энэ бүсгүйн эл байдал түүний алдааг давтаж болзошгүй бусад бүсгүйчүүдэд сургамж болоосой гэсэн үүднээс бид С.Энхмаагийн “Emmanuel TV”-д болон христийн сүмийн цугларалт дээр ярьсан яриаг нь орчуулан хүргэж байна.
Сурвалжлагч:
-Энд юу болоод байгааг тайлбарлаад өгөөч?
Цагдаагийн ажилтан:
-Өнөө орой 11.00 цагийн үед бид энэ эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамт олсон. Тэр өөрийн нөхцөл байдлаа бидэнд тайлбарласан. Тэр нэгэн нигер залуугийн албадлагаар энд ирж, түүний эрхшээлд олон жил байсан гэж бидэнд хэлсэн. Тэр маш их сэтгэлийн дарамтанд орсон байна. Тэр сүмд очихыг хүссэн. Одоо цаг орой болсон байгаа болохоор түүнийг бид маргааш өглөө сүмд хүргэж өгье гэсэн боловч тэр яг одоо очихыг хүсч байна. Хэн ч түүнийг тэнд уриагүй. Сүмд очихын тулд ямар нэгэн урилга хэрэгтэй байдаг. Бид нөхцөл байдлыг маргааш шалгахыг хүсч байна. Аюулгүй байдал, хүмүүсийг амар тайван байлгах үүднээс түүнийг эндээс явуулах хэрэгтэй байна.
С.Энхмаа: Энэ газар бол миний сүүлчийн найдвар. Би “Эммануэл” телевизийг өмнө нь үзэж байсан. Надад тусламж хэрэгтэй байна. Би Абиа хотоос энд ирсэн. Миний автобусны тасалбарыг хар. Би автобусны тасалбар авсан. Би Абиа хотоос нөхрийнхөө гэрээс, нөхрөөсөө зугатаж байна. Би тийшээгээ дахин очихыг хүсэхгүй байна. Би энд л баймаар байна. Надад ямар нэгэн илүү дутуу мөнгө хэрэггүй. Миний хөршүүд надад энэ автобусны тасалбарыг авах мөнгийг өгсөн. Би буцаж тийшээ явмааргүй байна.
Сурвалжлагч:
-Таныг хэн гэдэг, хаанаас ирсэн юм бэ?
С.Энхмаа:
-Миний нэрийг Энхмаа гэдэг. Би Монголоос ирсэн. Би энд 2009 оноос хойш байгаа. Би Синогагийн сүмрүү л очихыг хүсч байна. Би өнөөдөр эндээс явахгүй. Би яагаад заавал бүх үндэстний Синогагийн сүмрүү явахыг хүсээд байгаа вэ гэхээр надад тусламж хэрэгтэй. Би өөр хаашаа ч явмааргүй байна. Надад одоо өөр очих газар байхгүй. Надад туслаач, гуйж байна. Бурхны хүмүүс минь надад туслаач. Намайг сүмийн номлогч, бурханы хүмүүс үзэж байгаа бол үнэн худал ярьж байгаа эсэхийг минь мэдэж байгаа. Намайг үнэн ярьж байгааг мэдэж байгаа. Би худлаа яриагүй. Би худлаа яриад юу олж авах юм бэ. Надад эх орон руугаа буцах онгоцны тийз авах ямар ч мөнгө байхгүй. Манай улсын Элчин сайдын яам энд байдаггүй учраас л өнөөдөр би энд ирлээ. Би нөхрийнхөө гэрээс зугатаж яваа. Би маш их зовлон шаналал амссан. Манай нөхөр надад маш харгис, хэрцгий ханддаг. Би үнэхээр буцаж очмооргүй байна.
Сурвалжлагч:
-Нөхрийнхөө гэрээс зугатаж байна гэсэн чинь юу гэсэн үг вэ?
С.Энхмаа: Яагаад гэвэл би хангалттай их зовсон. Тэр намайг байнга зодож, үргэлж хэрцгий балмад зан гаргадаг. Бидэнд хоол унд юу ч өгдөггүй. Би Египет дэх өөрийн улсын Элчин сайдын яам руу хандаж, өөрийн бүх нөхцөл байдлыг тайлбарласан.
Сурвалжлагч:
-Энд Монголын Элчин сайдын яам байдаггүй гэж үү?
С.Энхмаа:
-Энд Монголын Элчин сайдын яам байдаггүй. Манай Монголын элчин сайдын яам Египетэд байдаг. Би тэдэнд өөрийнхөө бүхий л нөхцөл байдлыг тайлбарласан. Би сүмээс өөр хаашаа ч явмааргүй байна. Чи намайг хаашаа явуулах гээд байгаа юм бэ. Надад туслал даа, гуйж байна. Гуйж байна, Бурхан минь, туслал даа. Надад тусламж хэрэгтэй байна шүү дээ.
Сурвалжлагч:
-Энэ хоёр хүүхэд таны хүүхэд үү?
С.Энхмаа:
-Тиймээ энэ хоёр миний хүүхдүүд. Миний нигер нөхрөөс төрсөн хоёр хүүхэд. Би сүмийн ажилтан, сүмийн хүмүүстэй уулзахыг хүсч байна. Тэд надад туслаж чадна гэдгийг би мэдэж байна. Хэрэв тэд намайг харвал надад туслана гэдэгт би үнэхээр их итгэж байна. Надад итгэ. Би өмнө нь “Эммануэл” телевизийг үзэж байсан. Энэ телевизээр бурхны хүмүүс бусад зовж зүдэрч байгаа олон зуун хүмүүст хэрхэн туслаж байгааг харуулж байсан.
Сурвалжлагч:
-Та ер нь яаж яваад Нигерт ирчихсэн юм бэ. Яаж Нигер залуутай танилцсан юм бэ. Тайлбарлаад өгч болох уу?
С.Энхмаа:
-Миний нөхөр намайг Нигерт авчирсан. Түүний нэрийг Кристопер Анакуба гэдэг. Тэр намайг Нигерт 2009 онд авчирсан. Тэр надад хэлэхдээ бид Нигерт бизнес эрхлэх болно гэсэн. Тэгээд намайг энд авчирсныхаа дараагаар өөрийнхөө жинхэнэ байдлаа харуулж эхэлсэн. Тэр өмнө нь Хятадад байхдаа хэзээ ч тийм зан авир гаргаж байгаагүй. Би ийм зүйл өмнө нь харж ч байгаагүй. Би түүнийг ийм балмад, хэрцгий зан гаргахад үнэхээр гайхсан. Тэр намайг зодож эхэлсэн. Тэгээд үргэлж гэртээ түгжиж гадагш гаргадаггүй байсан. Би амьдралдаа өмнө нь хэзээ ч ийм зүйл үзэж байсангүй. Тэр надтай үнэхээр балмад, хэрцгийгээр харьцдаг. Би хангалттай ихээр зовж, шаналсан.
Сурвалжлагч:
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
С.Энхмаа:
-Би том охиноо Монголд төрүүлсэн. Энэ бол миний хоёрдахь охин. Түүнийгээ би Нигерт, энд төрүүлсэн. /Бүсгүйн дэргэд буржгар үстэй хоёр хөөрхөн охин яах учраа олохгүй бүлтэгнэж зогсов/ Намайг жирэмсэн байхад тэр намайг үргэлж зоддог байсан. Би “Эммануэл” телевиз болон сүмийн номлогч Жошуаг үргэлж үздэг байсан. Би түүнийг үзээд энд ирье гэж шийдсэн. Энэ бол миний сүүлчийн найдвар.
Сурвалжлагч:
-Таны пасспорт чинь байгаа юу?
С.Энхмаа:
-Надад миний пасспорт байхгүй. Би энд уг нь өөрийн пасспорттойгоо ирсэн боловч манай нөхөр хураагаад авчихсан. Тэр надад миний пасспортыг өгөхгүй гэж хэлсэн. Би 2010 онд түүний гэрээс зугтаж цагдаагийн газар очиж байсан. Гэсэн ч цагдаагийнхан энэ хэргийг гэр бүлийн асуудал гээд тоож үзээгүй. Та нарын асуудал гэж хэлсэн. Надад ямар ч эрх чөлөө байгаагүй. Миний амьдрал үнэхээр аюулд орчихсон байсан. Хэрэв би тэр байшинд үхсэн бол цагдаагийнхан миний амьдралын баталгаа болж чадахгүй байсан. Тэр намайг өдөр бүр зоддог байсан. Надад бурхны хүүгийн тусламж хэрэгтэй байна. Би өөрийн улс руугаа явмаар байна. Тиймээс л би энд ирсэн. Тэр надад үнэхээр харгис хэрцгий ханддаг байсан. Тэр намайг үргэлж доромжилж, хэлж болох бүхий л муу үгээр хэлж доромжилдог байсан. Тэр миний хүүхдүүд болон надад ерөөсөө хоол өгдөггүй. Тэр үргэлж намайг зодож, толгой руу цохидог байсан. Тэр намайг гэрээсээ яв гэж хэлдэг байсан. Надад зөвхөн эх орон руугаа буцахад л тусламж хэрэгтэй байна. Бурхны хүний тусламж хэрэгтэй байна.
Сурвалжлагч:
-Та санаа зоволтгүй бид танд туслах болно..?
С.Энхмаа:
-Баярлалаа, баярлалаа Есүс. Би маш их баяртай байна. Баярлалаа бүрхан минь.
Намайг Энхмаа гэдэг. Би Монголоос ирсэн. Би өөрт тохиолдсон асуудлын улмаас энд, сүмд ирсэн. Би Хятадад нэгэн нигер залуутай танилцаад энд ирсэн. Би түүнтэй гэрлээгүй байж энд ирсэн нь маш их буруу зүйл болсон. Би түүнтэй гэрлээгүй байж жирэмсэн болсон. Энэ миний буруу байсан. Миний хүүхдүүдийн аав биднийг яг л нэг айлд гуйж амьдарч байгаа юм шиг байлгадаг байсан. Би өөрийн өмнөх нөхрөөсөө хоёр хүүтэй. Тэд минь Монголд миний өвчтэй ээжийн хамт амьдардаг. Нигер нөхөр маань хэлэхдээ энд бизнес хийнэ, миний хүүхдүүдийг бүгдийг нь энд авчирч сайхан байлгана гэж хэлдэг байсан. Тэгээд би түүнийг дагаад энд ирсэн. Тэгээд Нигерт ирэнгүүтээ тэр намайг гэртээ хав харанхуй өрөөнд ямар ч хоол унд өгөхгүйгээр түгжиж эхэлсэн. Тэр шөнө уухаар гарч өглөө ирдэг байсан. Би түүнээс “Чи яагаад энэ бүхнийг хийж байгаа юм бэ” гэж асуусан. “Энд харанхуй, хоолгүй хэцүү байна” гэж хэлсэн. Тэр байшинд надад туслах нэг ч хүн байгаагүй. Би хоёр дахь охиноо гэдсэндээ тээж, жирэмсэн байсан. Тэр намайг долоон сартай жирэмсэн байхад бүсээрээ ороолгож зодож байсан. Тэр өөрийгөө удирдаж чадахгүй болтлоо биднийг зоддог байсан. Би тэгээд цагдаа дээр зугатаж очсон. Цагдаагийнханд би “Монголд миний хоёр хүү, миний ээж намайг ирнэ гээд хүлээж байгаа. Намайг эх орон руугаа явахад туслаач, гуйж байна” гэсэн. Гэсэн ч цагдаагийнхан энэ хэргийг гэр бүлийн асуудал гээд тоож үзээгүй. Та нарын асуудал гэж хэлсэн. Надад ямар ч эрх чөлөө байгаагүй. Миний амьдрал үнэхээр аюулд орчихсон байсан. Би энэ талаар өөрийн улсын Элчин сайдын яаманд хэлсэн боловч тэдэнд надад туслах нөөц мөнгө байхгүй гэсэн. Тэгээд туслаагүй. Абиа хотод ирснээс хойш нөхцөл байдал илүү хэцүү болж бүр дордсон. Би хоёр дахь хүүхдээ хийсвэрээр төрүүлээд эмнэлэгт долоо хоног хэвтсэн. Тэгээд эмнэлгээс гараад гэртээ очсон чинь тэр дахиад л намайг зодож эхэлсэн…
Монгол бүсгүй уйлан хайлан гуйсаар, сүмийн ажилтан ч туслана гэж хэллээ. Энэ бүхний эцэст бүсгүйн нулимс инээдээр солигдож, инээмсэглэв. Хоёр хөөрхөн охин нь ч бүлтэгнэн зогсохоо больж, нүүрэнд нь гэгээ тодров. Христийн сүмийнхний тэдэнд өгсөн онгоцны тийз, 4000, 3000 ам.доллар гэж бичсэн цаас барин “Синагогийн сүмийнхэн надад тусалсан. Тэдний тусламжтайгаар бид өнөөдөр эх орон руугаа буцах гээд байж байна. Бурханд баярлалаа. Сүмийн хүн хэлэхдээ намайг нөхрийнхөө тухай мартах хэрэгтэй гэсэн. Тэр хэзээд ямар ч үед өөрийн хүүхдүүдтэйгээ уулзаж болно” гэж ярин ачаагаа аван автобусанд сууснаар бичлэг өндөрлөв. Тэр маш их баярлаж, инээмсэглэсээр байлаа. Тэрбээр долоо хоногийн өмнө Монголдоо ирсэн.
Харь улс руу сайхан амьдрана гэсэн итгэлтэйгээр явж одсон бүсгүй үүнийхээ оронд сэтгэл санааны гүн шархтайгаар ийнхүү буцаад ирэв. Сайн санаат хүмүүсийн тусламжаар эх орондоо эргэн ирж байгаад нь түүний өмнөөс баярлахаас аргагүй. Бүсгүйчүүд минь эх орондоо тавтай морил доо.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин