Тамхины хааны хараал буюу Жошуагийн алтан зоос

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Тамхины хааны хараал буюу Жошуагийн алтан зоос

1975 оны наймдугаар сарын 6-ны өдөр тэд өөрсдийн эзэмшлийн арал дээр ирцгээлээ. Байшинд ноёлсон хөндий хүйтэн уур амьсгал ирсэн гийчид эвдэж чадсангүй. 27 настай Патрик Рэйнольдс ирсэн гийчдийг кино дурангаараа харж байлаа. Тэрбээр кино найруулагчаар дөнгөж ажиллаж эхэлж байлаа. Энэ удаа кино камер нь аврал байлаа, учир нь тэрбээр байшинд байгаа бусад хүмүүстэй ярихаас жийрхэж байлаа. Патрик энд 13 жил ирээгүй ч төрж өссөн гэр нь тийм ч дотно санагдахгүй байлаа. Энэ бол тамхины хаан Дик Рэйнольдсийн гэр юм.

АНУ-ын Флоридагийн ойролцоох Сапело хэмээх хувийн арал дээр тамхины хааны амьдрал нэгэн үе цэцэглэн хөгжиж байлаа. Энд байхгүй юмгүй байлаа. Асар том хаус, ойн төгөл, бяслагны бяцхан үйлдвэр, ангийн булан, моторт завь, хэдэн жийп, онгоц буух хөөрөх талбай, 100 гийчин багтах зочдын өрөө гээд.

Дик Рэйнольдс бол дэлхийд алдартай “Camel”, “Winston”, “Salem” тамхинуудыг үйлдвэрлэдэг “RJR” компанийн эзэн. Тэрбээр дөрвөн удаа гэрлэж, эдгээрээс хоёр эхнэр нь түүнд зургаан хүү төрүүлж өгчээ. Эхний эхнэр нь дөрөв, хоёр дахь эхнэр нь хоёр хүү төрүүлсэн. Европ дахь олон эдлэнгийнх нь нэг Швейцарийн эдлэнгийн ойролцоох эмнэлэгт нас нөгчжээ. Амьсгал хураасных дараа эхнэр хүүхдүүд нь гэрээслэлийг нь задалсан тэр мөчөөс бүх зйүл эхэлжээ. Тэрбээр ердөө дөрөвхөн жил амьдарсан сүүлийн дөрөв дэх эхнэр герман гаралтай Анна-Мари Шмид болон амьсгал хурааснаас нь хойш мэндэлсэн бяцхан охинд өөрийн дуусашгүй хөрөнгөө өвлүүлэхийг гэрээсэлсэн байлаа.

Эцгийнхээ хөрөнгийг өвлөсөнгүй гээд хөвгүүд нь мэдээж турж үхэхгүй байлаа. Яагаад гэвэл аав нь амьд сэрүүндээ хөвгүүддээ сая сая долларыг хуваан өгсөн байжээ. Эхэнл өгүүлсэн Патрик бол Дикийн хамгийн бага хүү юм. Хамаатан садангууд нь Дикийн энэ “харгис” шийдвэрийг ойлгож байлаа. Учир нь, Дикийн хөвгүүд эцгийнхээ бизнесийг өвлөн үргэлжлүүлж, цааш хөгжүүлэх талаар огт санаа тавьж байсангүй, зөвхөн эцгийнхээ олсон мөнгийг баруун солгойгүй үрдэг зантай. Харин эцгийн хөрөнгө ёстой үлгэрийн мэт үрждэг байлаа. Яагаад гэвэл, тамхи гэдэг бол маш унацтай бизнес бөгөөд энэ бизнест хямрал, дайн гэх мэт зарим бизнесийг чөдөрлөж чаддаг хүчин зүйлүүд нөлөөлөхгүй.

Дик том биетэй, олны дунд байх дуртай хүн байлаа. Мөнгөнд толгой нь эргэсэн хүүхдүүд нь түүнийг амьдад нь хаяад явсан байлаа. Дик ч бас хүүхдүүддээ халамжтай эцэг биш байв. Хүүхдүүдэд зөвхөн түүний мөнгө л хэрэгтэй хэмээн сэжиглэж, өөртөө ойртуулдаггүй ч хааяа сайхан зан нь хөдлөхөөр хүүхдүүдээ дуудан хамт хооллож, үнэтэй бэлэг тараана. Тэгсэнээ ааш нь хөдлөн хөөгөөд явуулдаг байв. Насны эцэст Дик тэргэнцэрт хадагдан, хүний гарт орсон байлаа. Согтууруулах ундаа, тамхины замбараагүй хэрэглээ нь өвгөнийг улам дордуулж байлаа. Байнга гартаа хүчилтөрөгч бүхий бортого авч явах бөгөөд байн байн амандаа хийн амьсгалдаг байлаа.

Дикийн эцэгь Патрикийн өвөө Ричард Жошуа Рэйнольдс анх тамхины бизнес эхлүүлжээ.

1873 оны намар шийдэмгий байрын нэгэн залуу Уинстон хотын галт тэрэгний буудал дээр буусан нь Ричард Жошуа Рэйнольдс байлаа. Буунгуутаа эргэн тойрноо хараад, хүзүүндээ зүүсэн алтан зоосыг авч үнсээд буцаагаад далд хийлээ. “Зоос над тусална” хэмээн амандаа хэлээд залуу хоноглох байр хайн одлоо. Уинстон бол Хойд Каролина мужийн жижигхэн хот. Зэргэлдээх Салем хот нь хатаасан жимсээрээ алдартай байсан бол харин Уиснтонд бахархаад байх юм байсангүй. Жижиг хотод байдаг бүх л зүйл, бас зажилдаг тамхи үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэр байлаа. Амьдралаа өөрөө босгохоор шийдсэн Ричард энэ хотод тамхины бизнес эрхлэх бодолтой байлаа.

23 нас хүрээд Ричард “миний үе ирсэн” гэдгийг мэдэрч байлаа. Аавынхаа тамхины үйлдвэрт 10 жил ажилласан ч аав түүнийг биш ахыг нь өөрийнхөө залгамжлагч гэж үздэг учраас ахыг эрдэмд сургахаар том хот руу явуулсан байлаа. Үсэг сурахаар Ричард цөхрөлгүй оролдсон ч үсгээ нүдэлснээс биш үгээ нийлүүлэн уншиж чаддагүй учраас аав түүнийг тэнэг хэмээн бодохоос өөр аргагүй байлаа. Харин өчнөөн олон жилийн дараа дилекс хэмээн нэрлэгддэг ийм өвчин байдгийг олж мэдээд санаа амарсан гэдэг. Үсэг сураагүй Ричард харин аавынхаа тамхийг зарж борлуулах ажилд сайн байлаа. Бүүр үнэ хүргэн зарж чаддаг байлаа. Тэр үеэс л түүнд өөрийгөө ахаасаа илүү байж чадна гэсэн итгэл төрж эхэлжээ.

Уинстоныг сонгон зорьж ирсэн учир нь төмөр зам байлаа. Төмөр замтай газар тамхиа илүү хурдан, ашигтай борлуулж чадна гэж Ричард итгэж байлаа. Газрын теннисний талбайн хэмжээтэй газар худалдан авч, үйлдвэрээ байгуулж өөрийн нэрээр нэрлэлээ.

Европт тамхийг татдаг бол харин Америкт зажилдаг байлаа. Тэрбээр тамхины олон төрлийн навчийг худалдан аваад тамхи савлаж эхлэв. Нутгийн хар арьстан эмэгтэй голдуу 30 ажилтанг хөлслөн үйлдвэрлэлээ эхэллээ. Мэдээж Ричардын тамхи Уинстоны бусад тамхинаас огтын ялгаагүй байлаа. Гагцхүү Ричард бараа сурталчилж, борлуулж чадаж байв. Тамхины боодол бүрт урамшууллын хуудас хийж, тэр хуудсаар хайруулын таваг, цайны аяга гээд янз янзын зүйл авдаг байлаа. Үүний хажуугаар үйлдвэрийн технологоо байнга шинэчилж, урсдаг шугам, хатаадаг хоолой зэргийг шинээр санаачилж, тун удалгүй хоёр давхар байсан үйлдвэрийн байшин дөрвөн давхар болон өргөжлөө. Мөн төдөлгүй хажуудаа шинэ газар өргөтгөл барилаа.

Нэг үгээр хэлбэл, бизнес цэцэглэлээ. Хотын бусад тамхи үйлдвэрлэгчдийг гай тойрохгүй байхад ганцхан Ричардад л юу ч тохиолддоггүй байв. Заримынх нь тамхи ялзарч, хөгзөрч, заримынх нь хатаах ажиллагааг буруу хийснээс гал гардаг байлаа. Энд нэг л нууц байгааг Ричард л мэдэж байв. Энэ бол алтан зоос, Жошуагийн зоос.

Ричардын гэрт хаанаас энэ алтан зоос ирсэнийг бүү мэд. Бараг дөрвөлжин гэж хэлэхээр хэвлэсэн энэ зоосны нэг талд нь үл ойлгогдох хүний бүдэг бадаг дүрс байдаг бол нөгөө талд нь юу дүрсэлсэнийг хэн ч ойлгодоггүй байлаа. Зоос ээжийн талаас нь тэдэнд уламжлан ирсэн гэдгийг Ричард мэднэ. 1750 онд Английн хатан хааны сэтгэлийг урвуулсан нь илчлэгдсэн Жошуа Кокс хэмээх өвөг эцэг нь энэ зоосыг өвөртлөн Америк руу зугтан иржээ. Америкт ирээд индейчүүдэд баривчлагдан, амьдаараа шатаалгах гэж байсан ч оргож чаджээ. Түүний амийг энэхүү алтан зоос аварсан гэдэгт Жошуа итгэлтэй байв.

Ричард хязгааргүй баяжиж эхлэх үед хотынхон Жошуагийн алтан зоосны талаар жив жув хийж эхэлсэн бөгөөд эдний нэг нь Жошуагийн зоос бол эзнээсээ урвасныхаа төлөөсөнд Иуда авсан 30 зоосны нэг гэсэн яриа юм.

Энэ хооронд аавынх найдлага тавьж байсан ах нь бүтэлгүйтэж байлаа. Үйлдвэр нь шатаж, бизнес нь нэг л өөдлөхгүй байв. Харин Ричард Уинстоны номер нэг боллоо. Тэр ууж идэн, тоглоом наргиан, хүүхэн эргүүлэх мэтээр цагийг өнгөрөөж, Уинстон хотоор дүүрэн эцэггүй мулат хүүхдүүд гүйлдэж байв. Хотынхон энэ тухай мэддэг ч үг дуугардаггүй. Бизнесээ улам томсгож, хөрш Салемд мөн тамхины үйлдвэр нээлээ.

Америкийн зах зээлд “RJR” буюу “Richard Joshua Reynolds”-той “ATC” буюу “American Tobacco Company” өрсөлдөж байлаа. Нөхцөл байдал ч өөрчлөгдөж, америкчууд зажилдаг тамхинаас илүүтэй татдаг тамхийг сонгох боллоо. Гэхдээ татдаг тамхи илүү үнэтэй байлаа, учир нь янжуур болгоныг гараар ороож байв. 1884 онд европчууд тамхи ороох машин бүтээснээр бизнесийн шинэ давалгаа эхэллээ. Зах зээлд тэсч үлдэхийн тулд Ричард улам илүү зүйлийг сэдэх хэрэгтэй болов. Энэ бол Camel байлаа. Хайрцган дээрээ ганц бөхтэй тэмээний зурагтай тамхи гарсан даруйдаа Америкийн зах зээлийг эзэллээ. Ричард маш онцгой сурталчилгааг бодож олсон байлаа. Эхлээд “Тэмээ ирж явна” гэсэн бичиг хотын гудамжаар тавигдав. Төдөлгүй “Удахгүй Америк Ази, Африкийн бүх тэмээг нийлүүлснээс хэд дахин их тэмээтэй болно” гэсэн бичиг. Эцэст нь “Camel тамхи энд байна” гэсэн реклам олныг галзуурууллаа. Camel тамхи нь хамгийн тансаг үнэртэй гэгддэг турк тамхины хольцтой байв. Хамгийн гол нь бусад тамхи 15 центийн үнэтэй байхад Camel 10 центээр зарагдаж эхэллээ. Өрсөлдөгчид нь Ричардын аргыг хэрэглэн урамшууллын хуудас өөрсдийн тамхины хайрцганд хийж эхлэхэд Ричард “Урамшууллын хуудас битгий хай. Манай тамхи хамгийн хямд нь “гэсэн үгсийг хайрцган дээрээ бичлээ. “RJR” Америкийн хоёр дахь том тамхи үйлдвэрлэгч болтлоо өслөө.

Ричард тавь гарсан хойно Катарина хэмээх хүүхэнтэй гэрлэж хоёр хүү, хоёр охинтой болжээ. Том хүүгээ тэрбээр өөртэйгөө адил Ричард хэмээн нэрлэж алтан зоосоо өвлүүлсэн нь эхэнд өгүүлсэн Дик юм. Хүүхдүүдээ насанд хүрэхээс өмнө Ричард өвчнөөр таалал төгсч, хүүхдүүд нь дуусашгүй хөрөнгөнийх нь эзэд болсон юм. Эднээс том хүү Дик эцгийнхээ бизнесийг өвлөн авсан ч эцэг шигээ бинесийн ухаантай байсангүй. Тэглээ гээд хоосорсонгүй, тамхи үйлдвэрлэсээр, хүмүүс тамхи худалдан авсаар. Өдөрт хэдэн саяар орж ирэх мөнгө харин Жошуагийн удмыг мөнгөний боол болгосон юм.

Н.ҮЗМЭЭ

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №008

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж