Хөдөлгөөнд яаж оролцох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнд яаж оролцох вэ?

Ардчилсан орнуудын хамтын
нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж,
гадаадын хүндэт зочдыг хүлээж авна. Энэ сарын 29 буюу ирэх даваа гариг
хүртэл үргэлжлэх тус хуралд 104 орны 1215 төлөөлөгч оролцох юм. Гадаадын
орнуудын Ерөнхийлөгч, сайд, дэд сайд нар гээд өндөр хэмжээний зочид
Монголд хүрэлцэн ирэх энэ өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөн, нийтийн
тээвэр, үзвэр үйлчилгээний хуваарьт зарим өөрчлөлт орж байгааг дор
танилцуулж байна.

Улсын дугаараас хамааран хөдөлгөөнд оролцоно

Хязгаарлалт
тогтоосон замуудад автомашинуудыг улсын дугаарын сүүлийн цифрээс
хамааран хөдөлгөөнд оролцуулах ажээ. Тодруулбал, энэ сарын 26, 28-ны
өдөр тэгш тоогоор, 27, 29-ний өдөр сондгой тоогоор төгссөн автомашинууд
07.00-21.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй юм. Их тойруу болон
түүний доторх замууд, Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун
овооны уулзвар хүртэлх хэсэг, ТЭЦ-3-ийн уулзвараас Энхтайваны гүүр
хүртэл, Хөдөө аж ахуйн сургуулиас Долоон буудал хүртэлх зэрэг хотын
төвийн гол замууд хязгаарлалтын бүсэд хамаарч байгааг сануулъя.

Харин
зочид, төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний
том оврын автобус, тролейбус, стандартын шаардлага хангасан такси,
тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий
хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил
үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй
юм. Хязгаарлалт хийж байгаатай холбогдуулан иргэдийн ажлыг
цалгардуулахгүй байх үүднээс энэ өдрүүдэд троллейбус иргэдэд үнэ
төлбөргүй үйлчлэх бол амралтын өдрүүдэд нийтийн тээврийн том оврын
автобусын тоог нэмж, нэмэлтээр үйлчилгээнд оруулах ажээ.

Ажил, амралтын өдөрт өөрчлөлт орохгүй

Зарим
мэдээллийн хэрэгслээр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын
VII бага хурал болох гэж байгаатай холбогдуулан ажлын өдрүүдийг бүх
нийтийн амралтын өдөр болгох гэж байгаа тухай мэдээлсэн байгаа. Энэ
талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас
тодруулахад “Ажлын өдөрт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Харин томоохон
зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулна” гэлээ.
Засгийн газрын хуралдаанаар ч энэ тухай асуудал яриагүй, тийм шийдвэр
гараагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлж
байгаа юм.

Баасан гаригт зах, худалдааны төвүүд амарна

Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан
захирамжийн дагуу 26-29-ний өдрүүдэд томоохон зах худалдааны төвүүдийн
ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Эдгээр өдрүүдэд аливаа
гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, иргэдийн хэт
төвлөрлийг сааруулахын тулд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр буюу баасан
гарагт “Нарантуул” ОУХТ, “Өгөөмөр” техникийн зах, ”Цайз” захын
уулзвараас “Да хүрээ” зах болон Шархадын зам дагуух бүх автомашин
техникийн худалдаа, үйлчилгээний газрууд, 100 айлын орчмын барилгын
материалын бүх дэлгүүрүүд, “Мишээл экспо” төв тус тус амрах юм. Харин
дөрөвдүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд дээрх төвүүд ердийн хуваарийн
дагуу ажиллах бол дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Мишээл экспо” төв амрах
ажээ.

Цагдаагийн бие бүрэлдэхүүн уртасгасан цагаар ажиллана

Хурлын
өдрүүдэд цагдаагийн байгууллага Нийслэл хотын оршин суугчид, иргэд,
зочид төлөөлөгчдөд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг 24 цагаар
хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам
сахиулах,  зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаар уртасгасан
цагаар ажиллана. Нийгмийн хэв журам сахиулах болон хамгаалалтын ажилд
Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургуулийн сонсогчид, дотоодын
цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба
хаагчдыг татан оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Түүнчлэн
НЦГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 102 дугаарын утсанд
дуудлага хүлээн авах шугамыг нэмэгдүүлж, НҮБ-ын зөвшөөрөгдсөн 5 хэл дээр
мэдээлэл хүлээж авах ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж