“Барилга барих зөвшөөрөл авахад хялбар болсон”

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

“Барилга барих зөвшөөрөл авахад хялбар болсон”

Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор  “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм” батлагдсан. Үүнтэй  холбогдуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Даваанямаас тодрууллаа.

-151 дүгээр тогтоолоор батлагдсан дүрэм барилгын салбарынханд ямар боломж олгож байгаа вэ?

-Энэ дүрмээр хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүй шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, их засвар хийх, инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой харилцааг зохицуулсан. Гол онцлог нь баригдаж буй барилга байгууламжийн зөвшөөрөл олгох,  ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн мэргэжлийн байгууллагад нь шилжүүлсэн явдал юм. Мөн баригдаж буй барилга байгууламжийг гурав ангилж, зөвшөөрөл олгох, ашиглалтад хүлээн авах үйл явцыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой болсноороо  өмнө мөрдөгдөж байсан дүрмээс давуу талтай гэж ойлгож болно.

-Барилга байгууламжийг  гурав ангилсан нь ямар учиртай юм бэ?

-Нэгдүгээр ангилалд 17-аас дээш давхар барилга байгууламж,  эрчим хүчний эх үүсвэр, дулаан, цахилгаан дамжуулах сүлжээ, цэвэр, бохир усны шугам, төвлөрсөн цэвэрлэх байгууламж, үерийн ус зайлуулах байгууламжууд гэх мэт дүрэмд заасан бусад барилга байгууламжууд хамаарна. Эдгээр барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын яам хариуцан зохион байгуулах юм. Хоёрдугаар ангилалд 17 давхар хүртэлх үйлдвэр, иргэний барилга байгууламж, дулаан, цахилгаан эрчим хүч түгээх сүлжээ, цэвэр, бохир усны шугам, орон нутгийн чанартай авто зам гэх мэт  барилга байгууламж хамаарч байгаа. Ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлаг хариуцна. Гуравдугаар ангилалд Инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй  хоёр давхар хүртэл, 3600м3 хүртэл эзлэхүүнтэй иргэний барилга болон амины орон сууц барих иргэн, хуулийн этгээд ажил эхлүүлэх зөвшөөрөл авах шаардлагагүй.

-Тэгвэл иргэн, хуулийн этгээд барилга барих тохиолдолд хаана хандаж, зөвшөөрөл авах вэ?

-Иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга барих хүсэлтээ нийслэлийн засаг захиргааны II байр буюу  Хангарьд ордны нэгдүгээр давхарт байрлах Нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргана. Тус газраас иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой, боломжгүй талаарх хариуг 14 хоногийн дотор өгнө. Зөвшөөрсөн тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу эскиз зургаа боловсруулж, Ерөнхий архитектораар батлуулна. Ингэснээр барилга барих зөвшөөрөл тухайн хүнд олгогдлоо гэж ойлгож болно. Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөлүүдээ холбогдох газруудаас авч, барилгын зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох баримт бичгийг бүрдүүлсний дараа  барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтийг манай байгууллагад гаргах ба Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албанаас барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг гурав хоногт багтаан олгож байна.

-Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах иргэн, хуулийн этгээдийн бүрдүүлэх материалын талаар тодруулж өгөөч?

-Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, барилгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, барилга байгууламжийн  магадлал хийгдсэн зураг төсөл, инженер техникийн ажилтныг томилсон шийдвэр, захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх болон зохиогчийн хяналт хийх гэрээ, барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, барилгын талбайн зохион байгуулалтын зураг болон хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн үйл ажиллагааны ажил гүйцэтгэх төслийн баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай. Иргэн, хуулийн этгээдээс бүрдүүлж ирэх баримт бичгийн жагсаалтыг манай байгууллагын www.mpa.ub.gov.mn цахим хуудсанд байршуулсан байгаа.

-Ямар тохиолдолд барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгдөг вэ?

-Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш нэг жилийн хугацаанд ажил нь эхлээгүй, нэг сараас дээш хугацаагаар хууль хяналтын байгууллагын шийдвэр, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн шийдвэрээр зогсоодог. Барилгын ажил зогсоох болсон шалтгаан, зөрчил дутагдлыг арилгасан талаар барилгын үйл ажиллагааг зогсоосон байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг гурав хоногт багтаан олгоно.

-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар энэхүү дүрэмд ямар зохицуулалт орж байна вэ?

-Барилга байгууламж барьсан иргэн, хуулийн этгээд нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг Нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргана. Иргэн, хуулийн этгээдээс бүрдүүлж ирэх баримт бичгийн жагсаалтыг манай байгууллагын цахим хуудсанд байршуулсан байгаа. Тус газрын Хот байгуулалт дэд бүтцийн хяналтын алба нь ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан барилга байгууламжид комисс ажиллуулах хуваарийг гарган ажиллаж байна. Комисс ажиллах хуваарийг байгууллагын цахим хуудсанд байршуулсан байгаа. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг  нийт 14 хоногийн хугацаанд багтаан ажиллаж  байна.

-Барилгыг ашиглалтад оруулах комисс ажлаа хийхгүй байх тохиолдол гардаг уу?

-Тухайн барилга байгууламж нь хууль тогтоомж, норм, дүрмийн заалт, стандартын шаардлага зөрчсөн бол комисс ажиллахыг тодорхой хугацаагаар хойшлуулах, ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх зэрэг асуудал тулгарч болно. Комиссын гишүүд хариуцсан мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа актад гарын үсэг зурдаг. Барилга байгууламжийг ашиглалтад оруулж байгаа иргэн, хуулийн этгээд нь зөрчил дутагдлыг 14 хоногт бүрэн арилгасан байх ёстой. Хэрэв уг хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд комисс дахин ажиллана.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж