АН ташууртай, МАН чөдөртэй яваагаа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

АН ташууртай, МАН чөдөртэй яваагаа илэрхийллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар “Огцруулах шаардлагагүй” гэж үзсэн билээ. Тэгвэл дээрх шийдвэрийг гаргахын өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар тус бүр бүлэг бүрийг төлөөлөн бэлтгэсэн санал дүгнэлтийг танилцуулсан юм. Ардчилсан намын бүлгийн хувьд Засгийн газрын тэргүүнийг огцруулах нийгэм, эдийн засгийн алдаа гараагүй гэж дүгнэв. Энэ тухай бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэнээс ямар Засгийн газрыг хүлээж авсан, энэ улс орны өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөө аль улс төрийн хүчин хэдий хугацаанд юу хийсэн, юу хийж байгаа, юу хийх ёстой гэдгийг тодорхойлов. Тухайлбал, шинэчлэлийн Засгийн газар “Чингис бонд”-ыг босгосноор үндэсний гадаад валютын нөөц хоёр дахин нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдлын баталгааг бий болгосон байна. Газрын тосоо экспортлож, боловсруулалт хийн Монгол-93 маркийн үндэсний шатахууны брэнд бий болгосон нь шатахууны хараат байдлаас гарах анхны чухал алхам болжээ.

Мөн “Сум” төсөл, “Гудамж” төсөл, Авто зам, Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлуудыг хангасан төдийгүй олон жил саатсан Хөшигтийн хөндийд барих шинэ онгоцны буудлын ажлыг эхлүүлэхэд бэлэн болгосон зэрэг нь найман сарын хугацаанд олон ажлыг амжуулж болохыг ийн баримтаар дүгнэв.

Харин Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг УИХ-д тавьсан МАН-ынхны санал дүгнэлтэд ирээдүй рүүгээ харсан, авлига хээл хахуултай тэмцэх санаа багтаагүйн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд юу хийснээ мөн тайлагнаагүй нь “МАН-ынхан мохоо юу” гэлтэй. Тэр тусмаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирсэн цагаасаа хойш өөрсдөдөө ч итгэл алдараа юу гэмээр харагдах болсон Ардын намынханыг өөрсдийгөө төдийгүй олонхийг чөдөрлөх чөдөртэй явна гэж харахаас аргагүйд хүрэв.

Цөөнх чөдөртэй биш ташууртай явах ёстой биш билүү. Олонхид цөөнх нь  ташуур үзүүлж байж жинхэнэ үүргээ гүйцэтгэх учиртай.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж