Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн яамнаас дугуй ширээний уулзалт-ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн захирал Б.Гүнжилмаа, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн захирал З.Болдсайхан болон салбарын үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо.

Уулзалтыг нээж Хөдөдлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг хэлсэн үгэндээ “Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаархи хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт бодит нөхцөл байдал олон хүчин зүлийн шалтгааны улмаас учир дутагдалтай, түүнд тавих хяналт сул, тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд оролцох бусад эрхүүдийн оролцоо хязгаарлагдмал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах олон нийтийн хандлага зөв төлөвшөөгүй  тэдэнтэй ажиллах боловсон хүчний нөөц, чадавхи дутмаг байгаа,. Мөн дэд бүтэц, гадаад орчны зориулалтын нөхцөл бүрдээгүй зэрэг асуудлууд ажиглагдаж байна. Сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн яам та бүхнийг хүлээн авч уулзан, санал бодлыг сонсох, харилцан ярилцах, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү уулзалт бид бие биеэ сонсож, харилцан чөлөөтэй санаа бодлоо илэрхийлж, нэгдсэн нэг ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ЖДҮ-ийн зээл болон Хөдөлмөрийн яам, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэгийн талаар нээлттэй ярилцаж, эдгээр иргэдийн хувьд ажил хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудыг төр засгаас цогцоор нь шийдэж өгөх шаардлага тулгараад байгааг онцолж байлаа.

Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн яамнаасхөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор бизнес төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдээс ирүүлсэн  төслүүдийг сонгон шалгаруулж үнэлгээг өгч, санхүүжилтыг олгоод байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж 34 төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулж санхүүжилтийг олгожээ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зарласан хөгжлийн бэрхшээлтэй иргэний бизнес төслийн 2012 оны шалгаруулалтанд  21 аймаг, 9 дүүрэгт нийт 1256 төсөл шалгаруулж 1.668.600.000 төгрөгийн санхүүжилт олгон, 2688 ажлын байр бий болгосноос 1456 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон тоо баримт байна.     
   
Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс өнгөрсөн онд баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж 33 төрийн бус байгууллага,  аж ахуйн нэгжид 759395.000 мянган төгрөгний санхүүгийн дэмжлэгийг 2 үе шаттай олгожээ.
   
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр” нь Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэг, Баянхонгор, Төв, Архангай аймгуудад хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд авч буй тайлан мэдээгээр 133 иргэн ажлын байртай болсоноос 114 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын ажлын байртай болсон байна. Нийт 2.427.995.000 төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2012 оны 12-р сард хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тусгасан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж