
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал дөрөвдүгээр сарын 27-30-нд Улаанбаатар хотод болох билээ. Бага хурлын төлөөлөгч 1000 гаруй зочид маргаашнаас эхлэн Улаанбаатар хотод бууна. Тус бага хурлын үеэр маш олон салбар хуралдаанууд болохын нэг нь “Ардчиллын соёлыг бэхжүүлэх нь” сэдэвт залуучуудын чуулга уулзалт юм. Залуучуудын чуулга уулзалт бага хурлын эхний хоёр өдөр буюу дөрөвдүгээр сарын 27, 28-нд “Ардчиллын боловсрол”, “Авлигатай тэмцэхэд залуусын оролцоо”, “Ардчиллын төлөөх хөдөлгөөн ба залгамж холбоог бэхжүүлэх нь” сэдвээр тусгайлсан хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Энэ чуулга уулзалт нь олон орны залуучууд ардчиллын үнэт зүйлст тулгуурлан, өөрсдийн амьдралд нөлөөлж байгаа асуудлыг хэлэлцэх, санал бодлоо солилцох, дуу хоолойгоо олон улсын дээд хэмжээний бодлого тодорхойлогчдод хүргэх боломжийг бий болгох зорилготой.
Ингэснээр 2011 онд Литва улсын нийслэл Вильнус хотод болсон залуусын чуулганы үзэл санааг үргэлжүүлж, Монгол Улс болон дэлхийн бусад улс орнуудаас хүний эрх, ардчиллын төлөө ажилладаг 100 гаруй залуу активист оролцож, өөрсдийн мэдлэг, туршлага, дуу хоолойгоо илэрхийлэн, ардчиллыг бэхжүүлэх үйлст хувь нэмрээ оруулах юм. Монгол Улсад анх удаа зохиогдож буй энэ удаагийн чуулганыг хүний эрх, ардчиллын төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн залуусын байгууллагууд Гадаад хэргийн яамтай хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Чуулга уулзалтын үеэр Монголын залуучуудын байгууллагууд нийгмийн өөрчлөлт, хүний эрх, ардчиллын төлөө явуулсан үйл ажиллагааныхаа туршлагыг олон улсаас ирж буй залуусын төлөөлөл болон бусад оролцогчидтой хуваалцах, үйл ажиллагаагаа танилцуулах, холбоо харилцаагаа хөгжүүлэх орон зайг бий болгох зорилгоор “Залуучуудын байгууллагын үзэсгэлэн”-г Монголын хүүхдийн ордонд зохион байгуулна.
Харин уулзалтын хоёр дахь өдөр буюу 28-нд залуу уран бүтээлчид ба активистүүдтэй хамтран “Артивист” буюу “Урлагаар ардчиллын үнэт зүйлсийг илэрхийлэх бүтээлч арга хэмжээ”-г Сүхбаатарын талбайд 11.30-13.00 цагийн хооронд зохион байгуулах гэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг youth@cdmongolia.mn болон 9964-0230 утсаар авч болох юм байна.