Орон сууцны контор байгуулах асуудлыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Орон сууцны контор байгуулах асуудлыг хэлэлцэв

Дархан хотод орон сууцны контор байгуулах үндэслэл байгаа ч эрх зүйн хувьд зөрчилтэй, ажиллах техник төхөөрөмж авах 105 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай зэрэг бэлтгэл ажил цөөнгүй байгааг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас эрхлэн Орон сууцны контор байгуулах тухай нээлттэй хэлэлцүүлэг явуулах үеэр онцлож байв.
Нээлттэй хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Дарханы Дулааны сүлжээ ХК, Дархан-Ус суваг ХК, Сууц өмчлөгчдийн холбоодын дарга нар, иргэний төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлэгт Дархан хотын Захирагчийн албаны дарга Х.Бааст, "Орон сууцны контор” байгуулах шаардлага, үндэслэл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хийж  уг конторын ажил үүргийн хуваарь хөрөнгө, санхүүгийн тооцоо, ажиллах хүч, төсөв зардлын талаар танилцуулж хэлэлцүүлсэн юм.

Энэ үеэр Дархан хотын Захирагчийн албаны дарга Х.Баасттай ярилцлаа. Энэ удаагийн хэлэлцүүлгээр бид иргэдэд тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн эцэст аймгийн Засаг даргын өгч байгаа эцсийн шийдвэр нь 2013 оны төсөв төлөвлөгөөг нэгэнт батлуулчихсан учраас одоо ярьж шийдэх боломжгүй. Цаашид үүнийг "Орон сууцны контор” гэнэ үү, "Иргэдэд үйлчлэх төв” гэнэ үү, ямар нэртэй байх нь хамаагүй ирэх онд ямар ч байсан байгуулъя, тэр хүртэл "Сууц өмчлөгчдийн холбоо”-дууд ажлаа хуучнаараа хийж өвлийн бэлтгэлээ хангаад яваг гэж хэллээ. Ер нь орон сууцны конторыг хуучнаар нь сэргээж байгуулах тухай асуудал олон жил яригдсан. Яагаад заавал байгуулах гээд байгаа юм бэ гэвэл орон сууцны оршин суугчид байнгын гомдол санал гаргадагт байгаа юм. Учир нь оршин суугчид халуун, хүйтэн ус алдагдах үед дуудлага өгөхөд ус суваг, дулааны байгууллагууд шуурхай ирж үйлчилдэггүй, усынх нь дулааны сүлжээнд хэл, дулааныхан нь ус суваг руу хэл гээд бие бие рүүгээ түлхдэг. Иргэд хоёр гурван газар руу ярьж хүндрэл учирдаг. Босоо шугамыг хуулиараа СӨХ хариуцах ёстой гэдэг. Урьд нь Орон сууц ашиглалтын контор гэдэг байгууллага байсныг татан буулгаснаас ийм чирэгдэл гарах болсон. Гэтэл Улаанбаатар, Эрдэнэт зэрэг хотууд хуучнаараа орон сууцны контортойгоо байгаа гэлээ.

Түүнчлэн, хэлэлцүүлэгт оролцогчдын болгоомжилж байгаа нэг асуудал нь шинээр мөнгө хураадаг төрийн байгууллага гарч ирэх вий гэж болгоомжилж байна. Хэрвээ СӨХ нь хэл амгүй үүргээ сайн гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр энэ асуудал яригдахгүй байх байсан. Бас нэг хүндрэл нь өмчлөлийн асуудал бөгөөд эрчим хүчний хуулийн холбогдох заалтад тохирохгүй байгаа, Дархан дулааны сүлжээ компани энэ асуудлыг дэмжихгүй байгаа зэрэг зүйлүүд байгааг үлдсэн хугацаанд судалж шийдвэрлэх шаардлагатай болж байна. Орон сууцны контор байгуулагдсанаар СӨХ-дууд орц, шат, зам талбай, гэрэлтүүлэг, дээвэр гээд хариуцах ажил нь байгаа. Тэд орон сууцны контор байгуулахыг дэмжиж байгаа юм гэлээ.

Б.Норовсамбуу

Эх сурвалж: www.darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж