болж байна
ШШГЕГ, Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөлтэй хамтран анх удаа “Шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг Нийслэлийн төр захиргааны байранд дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны нийт шийдвэр гүйцэтгэгч нар оролцож байна.
Түүнчлэн уг арга хэмжээнд Улсын дээд шүүх болон нэр бүхий 15 төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцож байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хуулийг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх, практикт гарч буй тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, харилцан туршлага солилцох, шинэчлэн батлагдах хуулийн төсөл боловсруулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулахад энэхүү зөвлөгөөний зорилго чиглэгдэж байгаа юм.
Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагыг олон улсын жишигт хүргэхэд дараах зорилтыг биелүүлэхээр ажиллаж байна.
Хууль зүйн сайдын 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 64 дүгээр тушаалаар баталсан Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн төслийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр техникийн дэвшилтэт технологит суурилан Төрийн байгууллагуудын “Нэгдсэн сүлжээ”-г нэвтрүүлнэ. Энэхүү сүлжээг нэвтрүүлснээр төрийн байгууллагууд өөр хоорондоо онлайнаар мэдээлэл солилцож, албан хаагчдын механик ажилбар багасаж, төсвийн зардал хэмнэгдэх давуу талтай юм.
Мөн эрх зүйн орчин нь өндөр хөгжсөн улс орнуудын ижил төсөөтэй байгууллагуудтай хамтын ажиллагаа сайжруулах, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх талаар ажиллаж байна. Дээрх ажлуудыг цогцоор нь хэрэгжүүлснээр шүүхээс гаргасан шүүхийн шийдвэр, захирамж, тогтоол бүрэн биелэгдэнэ гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 31141 шүүхийн шийдвэрийн 226,7 тэрбум төгрөгийн материалд 205 шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байгаа юм.