Дорнын саран Анг Сан Су Чи

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Дорнын саран Анг Сан Су Чи

Анг Сан Су Чи хэмээх эрхэм хүнийг ирэх өдрүүдэд илүүтэй таньж мэдэх бололцоо бидэнд тохиож байна. Түүнийг Нобелийн Энхтайваны шагналт, мөнхүү Мьянмарын сөрөг хүчний удирдагч болохыг нь, түүнчлэн манай улсад болох олон улсын хуралд уригдан ирж буйг нь дуулсан байх.

Энэ дашрамд холын зочин хийгээд түүний улс орны тухай бага сага мэдээллээ хуваалцъя.

Өнгөрсөн онд Англи, Америк, Австрали, Европийн холбооны удирдагчид шил шилээ даран айлчилцгааж, дэлхий нийтийн анхаарал Мьянмараас холдсонгүй. Учир нь сүүлийн 20 гаруй жилийн улстөрийн тэмцлийн 15 жилд нь гэрийн хорионд суусан Анг Сан Су Чи Мьянмарын Парламентын доод танхимд өөрийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний хөдөлгөөний 43 гишүүний хамт сонгогдсон юм.

2010 онд цэргийнхэн Анг Сан Су Чиг гэрийн хорионоос сулласнаараа улс орноо барууны болон бусад хамтын нийгэмлэгийн зүгээс үзүүлэх хориг тусгаарлалтаас ч чөлөөлж, тэр бүү хэл дэмжлэг авч эхлээд байгаа юм. Гэсэн ч цэргийн эрхтнүүд өнөөдөр ч Мьянмарын улстөрд хүчтэй, парламентын дээд, доод танхимд Засгийн газар болон чухал салбаруудад давамгайлах байр сууриа эзэлсэн хэвээр байна. Ер нь 2008 оны Үндсэн хуульдаа өөрчлөлд хийхгүйгээр дээрх хүчний харьцаа тэнцвэржих нь маш төвөгтэй ажээ. Олон улсын зүгээс хуудуутай айлган сүрдүүлэлт ихтэй болсон гэх 2008 оны санал асуулгаар Бүгд найрамдах Мьянмар улсын /хуучин нэр нь Бирма/ парламентын дээд танхимын 224 суудлын 168-д нь ард түмэн төлөөлөө сонгож, Бирмийн армийн хүчнээс томилогдох доод танхимын 440 суудлын 330-д нь сонгууль хийж, 110-т нь цэргийнхэн хүнээ томилох заалт хүчин төгөлдөр болсон байна.

Улс орон 2010 оноос хойш реформын шинжтэй арга хэмжээ авч эхэлсний дотор либерал ардчиллын замаар холимог эдийн засгийг хөгжүүлж хүний эрхийг хангах талаар ажиллаж эхэлнэ гэсэн найдвар байгаа юм. Үүнд та бидний таних энэ турьхан эмэгтэйн туулж өнгөрүүлсэн амьдрал, мохож цуцаагүй тэмцэл, хувийн нэр хүнд, улстөрийн аядуу боловч тасралтгүй зүтгэл баталгаа болох биз ээ.

Өмнөд Азийн бурхны шашинт тайван дөлгөөн энэ ард түмэн яаж яваад цэргийн дэглэмд өртөв гэдэг асуулт төрдөг юм. 1947 онд Английн колоничиллоос улсаа салгаж авсан цэргийн эрх мэдэлтнүүд 1962 онд Иргэний Засгийн газраа татан буулгаж, бизнес, үйлдвэрлэл, хэвлэлийг нийгэмчлэн, үндсэндээ өнөөг хүртэл эрх мэдэл, эд хөрөнгийг өөртөө төвлөрүүлсээр иржээ. Тухайн үед Японы дэмжлэгээр байгуулагдаж байсан Татмадав хэмээх цэргийн байгууллага л гэхэд хагас сая шахуу бэлтгэл хүчинтэй арми, усан цэрэг тэнгисийн флоттой хүчирхэг хэвээр байгаа юм. Байнгын бэлэн байдалтай цэрэг армийн хүчин чадлаараа Мьянмар дэлхийд 12 дугаарт жагсдаг. Мьянмарын цэргийн эрхтнүүд цөмийн цэнэгт хошуу хийхээр судалгаа, хайгуулын ажил хийж яваа талаарх мэдээлэл нь хоёр дахь хойд Солонгосыг бий болгочихгүй байх дохиог тэргүүлэх гүрнүүдэд өгөөд амжив. Түүнчлэн Энэтхэг, Хятад, Бангладеш, Тайланд, Лоас хийгээд далай тэнгистэй хиллэх стратегийн ач холбогдол бүхий Мьянмарын газарзүйн байршил эртнээс найш дэлхийд ноёлох гүрнүүдийн анхаарлын төвд байсаар иржээ.

Эрчүүд давамгайлсан улстөр цэргийн дэглэмийн хаагуур нь Анг Сан Су Чи хэмээх эмэгтэй удирдагч энд төрсөн нь анхаарал татна. Тэрбээр Колоничиллыг халах Бирмийн эрх чөлөөний төлөө тэмцлийг удирдагчийн гэрт 1945 онд төржээ. Бирмийн Армийг үүсгэн байгуулж, улсынхаа тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийн төлөө 1947 онд Английн засгийн газартай хэлэлцээ хийж байсан түүний эцэг Анг Сан тэр жилдээ алан хядлагад өртөж, амь насаа алджээ.

Шинэ тулгар төрдөө түүний ээж ч бас зүтгэж, Энэтхэг, Балбад улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байв. Энэ үед Су Чи ээжтэйгээ хамт амьдарч, Шинэ Дэлид анхны коллежио 1960 онд улс төр судлалаар дүүргэж байлаа. Улмаар Лондонд Улстөр, эдийн засгийн чиглэлээр бакалавр хамгаалж, дараа нь НҮБ болон Бирмийн Засгийн газарт ч хэсэг хугацаанд ажилласан байдаг.

Анг Сан Су Чи төвд судлаач эрдэмтэн Майкл Аристай 1972 онд гэрлэж, Александр Арис, Ким Арис хэмээх хоёр хүү төрүүлсэн юм. Түүний нөхөр Бутан, Түвд, Химлайн соёл, Буддизмын талаар хэд хэдэн ном хэвлүүлсэн, барууны голлох эрдэмтний нэгд тооцогддог бөгөөд Азийн түүх, соёл судлалаар хэд хэдэн сургууль коллежэд лекц уншдаг байжээ. Тэд хэсэгтээ Бутан, Британид ажиллаж амьдран, хоёр хүүгээ өсгөж байв.

1988 онд Су Чи өвчтэй ээжээ асрахаар Бирм руу буцаж, улмаар улс төрд татагдан орсон байдаг. Цэргийн дэглэмтэй Бирма эхэндээ Арист түр виза олгож байсан ч түүний эхнэрийн улстөрийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр нөхөрт нь Бирмад нэвтрэх виза олгохоос татгалзах болов. 1997 онд хорт хавдартай нь тодорхой болсон Арисийг Бирмд гэрийн хорионд байгаа эхнэртэй нь уулзуулахын тулд дэлхийн нөлөө бүхий удирдагчид болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, II Йон Павел нар Бирмийн удирдлагуудыг ятгаад ч тусыг эс олов. Тэд татгалзахдаа ноён Арисийн аюулгүй байдлыг Бирмад хангаж чадахгүй нь, харин түүний оронд эхнэр нь Бирмаас гарч явбал зөвшөөрч болох юм гэсэн хариуг өгдөг байв. Гэвч улс төрд татагдан орж, нэгэнт ард түмнийхээ өмгөөлөн хамгаалагч болсон Анг Сан Су Чид буцах зам байсангүй. Хэрэв Бирмаас нэг л гарах юм бол түүнийг дахин оруулахгүйг тэд ухамсарлаж байлаа.

Майкл Арис хорт хавдарын улмаас 1999 онд нас барсан ба эхнэрээ гэрийн хорионд орсон 1988-1999 оны хооронд ердөө таван удаа уулзсаны хамгийн сүүлийнх нь 1995 оны зул сарын баяр байжээ.

Анг Сан Су Чи гэрийн хорионд байх хугацаандаа нөхрийнхөө илгээсэн гүн ухаан, намтар, түүхийн номуудыг уншдаг байжээ. Түүнийг тугаа болгосон Ардчиллын төлөөх ард түмний тэмцэл түүнийг эх орондоо ирснээс хойш илүү идэвхижсэн ч үе үе болдог эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг эрх баригчид хүчээр дарж байлаа. 2007 онд дизель түлшний үнэ нэмэгдэж, иргэдийн амьдрал улам дордох болсноор Засгийн газрын эсрэг хөдөлгөөн дахин эрчимжив. Энэ удаад Буддын лам хуврага нар уг тэмцэлд нэгдэж, улмаар оройлох үүрэг гүйцэтгэж байсныг та санах байх. Тэд ардчиллын өмгөөлөгч Анг Сан Су Чигийн гэрийн гадаа очиж, хорионд байгаа түүнд хүндэтгэл, дэмжлэг үзүүлж байлаа. Энэхүү тэмцэл хурцдах үед эрх баригчид олон лам хуврагын амийг устган байж дарж авсан байдаг. Энэ балмад ажиллагааныхаа улмаас олон улсын зүгээс эдийн засгийн хүчтэй хориг арга хэмжээнд орсон Бирмад 2008 онд хар салхи дэгдэж, 200 мянган хүн нас барж, эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол учирсан нь байдлыг улам дордуулсан байна.

Ийнхүү гадаад, дотоодын дарамт шахалт, байгалийн гамшигтай хамсран эрх баригчдыг буулт хийхээс аргагүй байдалд оруулснаар арга буюу Ард нийтийн санал асуулга явуулан, шинэ сонгууль зарласан байдаг. Тус сонгуульд Анг Сан Су Чиг оруулахаас татгалзаж, гэрийн хориог нь ч цуцлаагүй юм. Зөвхөн Засгийн газраас зөвшөөрөл авсан улстөрийн хүчин сонгуульд оролцохыг зөвшөөрнө хэмээн зарлаж, Анг Сан Су Чигийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх иргэний хөдөлгөөнийг хууль ёсны бус гэж мэдэгдэж байжээ. Энэхүү сонгуульд эрх баригч цэргийн эрхтэн дархтнуудын нам ялалтаа зарласан ч олон улсын ажиглагчдын зүгээс сонгогчдыг айлгаж ичээсэн булхай луйврын сонгууль болсныг хүчтэй шүүмжилж байв. Он удаан жил үргэлжилсэн тэмцэл алгуур боловч амжилтад хүрч, өдгөө Бирмад цаг наашилж, юутай ч сөрөг хүчин нь удирдагчтайгаа хууль тогтоогчдын эгнээд шилжсэнийг дээр өгүүлсэн билээ.

Одоо нийтлэлээ Дорнын саран хэмээн нэрлэх болсны учрыг тайлъя. Улстөрд, хорвоо ертөнцөд олон од хүмүүн төрдөг. Од хэдий олон байгаад шөнийн харанхуйг гэрэлтүүлдэг билүү. Харин сарны тухайд бол асуудал өөр. Ганц сар сая сая одны гийгүүлээгүй гэрлийг цацруулж, түнэр харанхуйг зүсэн гэрэлтүүлдэг шүү дээ.

Дорно дахинд ийм гэрэл гэгээтэй удирдагчид нэгээр тогтохгүй төрж байлаа. Тэд хоорондоо ижил төстэй. Өнгө мөнгө, алдар шагналын сүрд дарагддаггүй, басхүү эрдүү хийрхий байдаггүй. Тэд зорилгоо ухамсарласан өөртөө төвлөрсөн шинжтэй байдаг. Мөн олонтой хамт "урсаж", олныхоо хүчээр тэдэндээ тусыг үйлддэг. Хатагтай Су Чи “Би зөвхөн парламентад суудал эзлэхийн төлөө тэгтлээ шаргуу ажиллахгүй. Бүх орноос суралцах болно” хэмээн даруу өгүүлнэ.  Анг Сан Су Чи болон түүний нөхдийн тэмцлийн хэлбэр Мьянмарынх л гэмээр өөрийн онцлогтой. Энэ олон жилийн хугацаанд цэргийн эрхт Засгаа эсэргүүцсэн иргэдийн тэмцэл үе үе үнэхээр хурцдаж байсан ч олон жилээр үргэлжилсэн иргэний дайн самуун болж улсаа нурааж байсангүй. Засгийн эрхийн төлөө тэмцэл нь үзэн ядалт иргэний дайнаар ужгирч, энхийг сахиулах гадны хүч дуудах хүртлээ тогтворгүйждэг улс орон дэлхийд цөөнгүй байдаг. Мьянмар тэднээс өөр. Магадгүй тийм төвшинд хүртэл байдлыг хурцатгалгүй зохицуулж ирсэн нь гайхамшигт ухаан байх. "Аливаа тэмцэлд хүч хэрэглэхийг хүсэхгүй байгаа нь зөвхөн миний ёс суртахуунаас болсон юм биш. Энэ нь өөрөө улстөрийн стратеги юм" гэж Су авхай хэлжээ. Түүний дараагийн стратеги цэргийнхэнтэй өрсөлдөж, дарах биш тэднийгээ өөрчилж, тэдэнтэй хүч хавсран улсаа хөгжүүлэх байж болзошгүй.

Хэрэвзээ шинэ оны өмнөхөн үүнийг бичигч надад Мьянмарт зочлох хувь тохиогүйсэн бол яг л тан шиг Цэргийн дарлалд баларч байгаа Азийн ядарсан орон биз дээ гэж төсөөлөх байсан болов уу. Энэ эмэгтэйг барууныхны дэмжлэгээр гарч ирж буй шинэ од гэж харж болзошгүй.

Харин Мьянмарт жирийн жуулчны хэмжээнд, энгийн олны дунд хэсэг хугацаанд аялахад хосгүй сэтгэгдэл төрсөн юм. Арав хонохдоо шинэ, хуучин нийслэлд нь нэг ч цэрэг, цагдаа харсангүй. Яг үнэндээ үлгэрийн оронд буугаад ирсэн мэт санагдсан. Ганц надад биш манай багийн хэд хэдэн гишүүнд ийм бодол зэрэг шахуу төрсөн байна билээ. Алтан өнгөт сүм суврага, шүтээн бурхад, цэвэр цэмцгэр гудамж талбай, төлөв даруу, найрсаг хүмүүс, эрдэм төгс лам хуврагууд бие биенээ болоод бусдыг хүндэтгэн харьцах нийгмийн эвт харилцаа, хууран мэхлэхгүй наймаа худалдаа нь хүртэл энэ орны иргэдийг үе дамжсан оршихуйн өндөр боловсролтой, үйлийн үр, үнэн номоо бүрэн ухаарсан ард түмэн юмаа гэж бишрэхэд хүргэж билээ.

Буддын сургааль ном Энэтхэгт үүссэн ч түүний хөрш Бирма улсад онол, практикийн төвшинд уламжлал нь тасраагүй үлдсэнийг Бурханы шашинт хүн төрөлхтөн ачлан санаж хүндэлдэг юм. Ийм гайхамшигт соёлын хамгаалагчид болох хувь заяагаа бирмчууд, тэр дундаа эрх мэдэлдээ ташуурсан Цэргийн эрхмүүд нь ч, тэдэнд ташуур болж буй ардын охин Анг Сан Су Чи ч ухамсарладаг нь харагдаж байна. Энэ орны зовлон магадгүй  манайтай ижил. Эдийн засаг улстөрийн багахан хүрээнд манай ихэнхи баялаг төвлөрөөд дорвитой хөгжил хийгдэхгүй байгаатай адил Мьянмарт дээрх эрх мэдлийг цэргийн хүчээр баталгаажуулсан үе дамжсан хэсэг нөхдийн шуналыг хязгаарлаж, ард түмний баримжаатай болгох хэцүү байдаг нь тодорхой.

Нэг сонирхолтой жишээ байна. Англичууд Энэтхэгийг колоничилж байхдаа ертөнцийн гайхамшиг болсон Тажмахалын алтан титмүүд, үнэт чулуунуудыг хуугаар нь хусаж үрээд аваад явсны ул мөр одоо ч байдаг юм. Бирма бол Энэтхэгийн дэргэд газар нутаг, хүн амаараа багахан орон шүү дээ. Гэтэл Бурхан Буддагийн үс ном судартай тэргүүтнийг шүтээнчлэн залсан “Швэдагон” хэмээх нэг л сувраганы оройг гэхэд 60 тонн алт, 4000 гаруй очир эрдэнээр зууны туршид чимж бүрсэн нь өнөөг хүртэл байж л байна. Яагаад колоничлогчид тэрнийг хусаж буулгаад ачаад явсангүй вэ? Хариулт нь тун энгийн. Энэ орны иргэдийн итгэл хүндлэл, эв нэгдэл ямар ч харгис дарангуйлагчийн илд мэснээс илүү хүчтэй бололтой. Тэр бүү хэл бирмачууд колонийн эздээ Бирмийн соёл уламжлалыг хүндэтгэхгүй сүм суврагад орохдоо гутлаа тайлсангүй хэмээн ихэд зэвүүцэж шүүмжилсээр татан буулгасан байдаг юм.

Энэ ард түмэн амаргүй ард түмэн ажээ. 2500 жилийн туршид Дорнын ном соёлыг ёсоор нь тээж хадгалан, бусдын дарлалд байхдаа ч хамгаалан үлдээх их ухааныг шингээсэн эрдэмтэй, хүчтэй ард түмэн. Тийм ард түмэнд тууштай, тэвчээртэй, ухаант ийм удирдагч төрөх нь дамжиггүй шүү дээ.

Б.ХАНДДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж