Инфляци эхний
улиралд 9.8 хувь болж, сүүлийн жилүүдэд байгаагүй буурлаа, Чингис бондын мөнгө
орж ирснээр эдийн засаг элгээрээ хэвтэхээс сэргийлж чадлаа… гэх мэт таатай
үгсийг албаны хүмүүс хэлж байна. Гэтэл 1.5 тэрбум доллар оруулж ирээд байхад
долларын ханш дээшилж, суурь инфляци бараг байрандаа байгаа нь эдийн засагчдын
анхаарлыг татаж байна.
Эдийн засагч
Б.Батжаргал макро эдийн засгийн орчны талаар нэгэн судалгаа хийжээ. Судалгааны
дүнд Чингис бондын хүүний менежмент, төсвийн гадуурх хөрөнгө оруулалт нь
төсвийн алдагдлыг нөхөж байгаа, интервенц их хэмжээгээр хийж байгаа ч долларын
ханш чангарч байгаа гээд макро эдийн засгийн түвшинд зайлшгүй анхаарах ёстой
хэд хэдэн асуудлыг хөндсөн байна.
Интервенц
ханшийн уналтыг барьж дийлэхгүй байна
Тухайлбал
төгрөгийн ханш сүүлийн хоногуудад хүчтэй суларч байна. Төв банкны ханш өнөөдөр
1425.77 төгрөг, харин арилжааны банкуудын ханш хэдийнэ 1434 төгрөг болсон. Гэтэл он гарсаар эхний гурван сард 147.5 сая
ам.долларыг валютын арилжаагаар, 942.2 сая долларыг своп арилжаагаар зарсан
байна. Нийтдээ нэг тэрбум 89 сая доллар. Харин дөрөвдүгээр сард 421.2 сая
долларыг своп хэлцлээр банкуудад заржээ. Нэг ёсондоо Төв банкны цэвэр гадаад
нөөц 4.2 тэрбум ам.доллар байсны 1.1 тэрбумыг буюу 26 хувийг эхний гурван сард
зах зээлд гарган ам.долларын интервенцийг маш ихээр хийсэн ч төгрөгийн ханшийн
уналтыг барьж чадахгүй байна.
Долларын ханш
ингэж огцом нэмэгдэх болсон үндсэн шалтгаан нь уул уурхайн салбарын экспортын
орлого болон гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээхэн багассантай холбоотой.
Монголбанкны мэдээгээр эхний хоёр сард 246.8 сая долларын гадаадын шууд хөрөнгө
оруулалт орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 58 хувиар буурсан үзүүлэлт. Мөн
экспортын 40 орчим хувийг бүрдүүлдэг нүүрсний орлого эхний улиралд 209 сая
доллар болж 41.7 хувиар буурсан.
“Чингис бонд”
хаана явна?
Нэгэнт
гаднаас орж ирэх валютын урсгал татарч байхад Чингис бондын 1.5 тэрбум шиг
хэрэгтэй зүйл байхгүй. Харин энэ доллар өнөөдөр “хаана юу хийж яваа нь”
сонирхолтой. Засгийн газрын шийдвэрээр ямар ч байсан 450 сая ам.долларыг
цахилгаан станц, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтад зарцуулах шийдвэрийг
баталгаажуулсан. Араас нь оёдол, ноос ноолуур гээд нэлээд хэдэн төсөлд
хуваарилахаар яригдаж байна.
Чингис бонд
доллараар биш төгрөгөөр эдийн засаг руу орж байгаа хэмээн Монгол банкны Ерөнхий
эдийн засагч С.Болд онцолсон байсан. Доллар нь гадаад активуудад, харин
баталгаажсан төгрөгийг Монголын банкуудад байршуулсан. Төв банк нэг гараараа
төгрөгийн ханшны уналтыг сааруулахаар арилжааны банкуудад 1.1 тэрбум ам.доллар
зарж, 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэрийг Төв банкинд төвлөрүүлсэн хэрнээ нөгөө
гараараа эдийн засгийг дэмжих зорилгоор хэмээн 850 тэрбум төгрөгийг арилжааны
банкуудад байршуулсан гэж тайлбарлаж буй нь бодлогын зорилтын хувьд зөрчилтэй
байна гэж эдийн засагч Б.Батжаргал дүгнэжээ.
Төв банк
төсвөөс гадуурх зарлагыг дэмжих нь битгий хэл батлагдсан төсвийн зарлагаа
бууруул гэж Засгийн газрыг шахдаг байсан. Тэгвэл энэ институци өнөөдөр
танигдахгүй шахам бодлогын алхамуудыг хийж байгаа нь энгийн иргэд, бизнесийн
байгууллагуудын халаасыг цаг минутаар нимгэлж буй учраас эмзэглэж байна гэж
тэрээр онцоллоо. Манай улс нийт
хэрэглээнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг бөгөөд төгрөгийн ханш ийнхүү
огцом унаж байгаа нь импортыг үнэтэй болгож жирийн иргэдийн бодит орлогыг цаг
минутаар багасгаж байгаад төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа нь гайхал
төрүүлж байна. (Уг судалгаатай эндээс
танилцаж болно)
Арилжааны
банкуудын ашиг
Эдийн засгийн
улирлын чанартай зээлийн эрэлтийг хангах гэж арилжааны банкуудад байршуулсан 850
тэрбум төгрөг нь буцаад Монголбанк, Засгийн газрын үнэт цаас, бонд руу орсон
байгаа нь хачирхалтай. Монголбанк 610 сая долларыг нэг жилийн хугацаатай, 7
долоон хувийн хүүтэй хадгаламжид хийж. Зөрүүлээд банкууд 376 сая долларыг 10.8
хувийн хүүтэй Засгийн газрын бонд, 234 сая долларыг 12.5 хувийн хүүтэй Төв
банкны үнэт цаас, 10.5 хувийн хүүтэй овернайт хадгаламжид байршуулжээ. Нөгөө
610 сая доллар буцаад Төв банк, ЗГ-ын үнэт цаас болж хувирсан. Харин хоорондын
хүүний зөрүү нь банкуудын ашиг болон хувирч байгаа аж. Чингис бондын хүүгийн
менежментийг Монголбанк ийм байдалтай хийж байгаа бололтой. Эцсийн дүндээ
Чингис бондын хүүг энгийн нэг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөр дүр зураг
ажиглагдаж байна.
Дэлхийн банк,
ОУВС зэрэг санхүүгийн байгууллага Засгийн газрыг төсвийн гадуурх хөрөнгө
оруулалтаа төсөвтөө тусгахыг удаа дараа сануулж, зөвлөж байсан. Жишээ нь
Хөгжлийн банкны бондын 600 сая долларын зарцуулалт. Яг үүнтэй адилхан Чингис
бондын мөнгө төсвийн гадуур зарцуулагдаж байгаа нь макро эдийн засагт төвөгтэй
байдлыг бий болголоо хэмээн зарим эдийн засагч үзэж байгаа. Уг нь томоохон дэд
бүтэц, аж үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж байсан ч өнөөдөр оёдол, зам,
ноос ноолуур гээд олон салбар, төсөл рүү цацаж байна. Энэ нь төсвийн орлого
тасалдаж байгаа үед түүнийг Чингис бондын төсвийн гадуурх санхүүжилтээр нөхөж
байгааг харуулж байгаа хэрэг. Томоохон бүтээн байгуулалтын үр ашигтай төсөлд
зарцуулна гэсэн “Чингис” маань төсвийн цоорхойг цойлдоод дуусах нь гэсэн үг.
Гэхдээ төсөвт огт тусгагдахгүйгээр. Харин үүнийгээ төсвийн тодотгол хийгдэх
үеэр төсвийн зарлагыг хасч чадсан хэмээн яригдахыг үгүйсгэхгүй.
Төв банк
“гүлдийж” байна
Төсвийн
гадуурх зарцуулалт нь ганц Чингис бондоор тогтохгүй. Монголбанк “Үнэ
тогтворжуулах хөтөлбөр”-ийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа. Уг
хөтөлбөрт нийтдээ 1.9 их наяд төгрөгийн санхүүжилтийг Төв банкнаас төсөвлөж,
эхнээс нь хэрэгжүүлж байна. Барилгын салбарт 370 тэрбум, моргейжийн зээлд 800
тэрбум, өргөн хэрэглээний хүнсний үнийг
бууруулахад 248 тэрбум, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд 87 тэрбум …
гээд хөвөрнө. Хэдий инфляцитай тэмцэх нь Төв банкны үүрэг, инфляцийн суурь
шалтгааныг засч залруулахаар ажиллаж байгаа нь сайн боловч түүнийг Засгийн
газрын өмнөөс санхүүжүүлээд явах нь хэр зохистой вэ гэдэг асуулт зайлшгүй гарч
ирнэ. Нэг талаар Засгийн газар төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх байсан төслүүдийг
Төв банк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрийн дор өмнөөс нь санхүүжүүлж байна
гэсэн үг. Үүний оронд Засгийн газрыг төсвийн зарлагаа бууруул гэсэн шаардлагыг
Төв банкнаас тавьж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах хуулиар хүлээсэн
үндсэн үүргээ биелүүлэх бүрэн боломж бий боловч бодлогын асуудалд Төв банк
урьдын адил мэргэжлийн үүднээс бус, улс төрийн удирдлагын шийдвэр гаргаж
“гүлдийх” болсон нь Төв банкинд итгэх итгэлийг сулруулж байна.
Мөн өнгөрсөн
жил төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газар арилжааны банкуудаас 169
сая долларын зээл авчээ. Үүнийг Чингис бондын мөнгөнөөс төлсөн хэмээн
судалгаанд дурдсан байна.
“Үнэ
тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүн сайн гарч инфляци сүүлийн жилүүдэд
байгаагүйгээр буурлаа хэмээн Монголбанк мэдээлсэн. Эхний улиралд 9.8 хувьтай
гарсан хэрэг. 9.8 хувийн инфляцийн задаргааг харвал хэд хэдэн асуудал бий. Юуны
түрүүнд өнгөрсөн жилийн мөн үед инфляци жилийн хамгийн өндөр түвшинд буюу 15.4
хувьтай байсан. Үүнтэй харьцуулахад 9.8 хувь гэдэг хэр бодитой бууралт вэ
гэдгийг нарийн тооцох хэрэгтэй байгаа юм. Мөн суурь инфляци бараг байрнаасаа
хөдлөөгүй байгаа нь бас нэгийг хэлнэ.
Төсвийн
бодлогын үр нөлөө нь манай эдийн засгийн 40 гаруй хувьд шууд нөлөөлдөг бол
мөнгөний бодлогын үр нөлөө нь нийт эдийн засагт богино хугацаанд нэн хүчтэй
нөлөөлдөг. Мөнгөний бодлого төсвийн бодлоготойгоо нийлж нэг тогоонд орсон жишиг
өмнө байгаагүйг сануулах хүн олон байна.
С.Болд-Эрдэнэ