&#34Петровис” 10 литр тутамд 40 граммыг &#34иддэг&#34

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

&#34Петровис” 10 литр тутамд 40 граммыг &#34иддэг&#34

“Петровис” компани бинзенээ дутуу шахаж иргэдийг хохироож байна гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад, “Шалгалтаар дутуу шахсан байдал илэрсэн. Гэхдээ санаатай юу, санамсаргүй юу гэдгийг тодруулахаар ажиллаж байна” гэсэн юм.

Харин ШӨХТГ-ын дарга О.Магнай: "“Петровис” компани 10 литр тутамд 40 граммыг иддэг алдаа гарсан. Тасганы овоо дахь яг тэр салбарыг хаасан" хэмээн  өөрийн твиттер хуудсандаа бичжээ.

"Петровис" компанийн олон нийттэй харилцах ахлах менежер П.Цэрэнням: Автоматаар дүнг нь оруулж байж их, бага шахах гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл түгээгч дутуу шахах боломжгүй.

Энэ сарын 18-нд ШӨХТГ, Стандартчилал хэмжил зүйн газартай хамтарч нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй хэд хэдэн ШТС-уудад шалгалт хийсэн байгаа. Үүнийг бид шалгалт хийсний дараа л мэдсэн. Шалгалт хийсэн мэргэжилтнүүд 14 хоногийн дараа тухайн шалгалтын хариу гарна гэдгээ мэдэгдээд төд удаагүй байтал шалгалтаар янз бүрийн зөрчлүүд илэрсэн гэж хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн.  Гэтэл хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг ийм зөрчлүүд илрээгүй гэх тайлбарыг манайд шалгалтын комиссын зүгээс өгсөн. Хоёр том байгууллага хамтарч шалгалт явуулаад одоо хариу нь ч гараагүй байхад бид өөрсдийгөө өмөөрч хамгаалсан, шалгалтын хариуд нөлөөлөх гэсэн ямар нэг тайлбарыг өгөхийг хүсэхгүй байна. Хамгын гол нь шалгалтын дүн гарахаас өмнө сөрөг мэдээлэл цацагдаад, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаад харамсч байгаа юм.

-Ер нь ганц энэ шалгалтаар гэлтгүй иргэдийн дунд санал асуулга явуулахад танай компанийн бинзенийг дутуу шахдаг эсвэл найрлагандаа байдаг ч юм уу, ямартаа ч хурдан дуусдаг гэж байсан?

-Манайх орж ирж байгаа бүх бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд баталгаажуулах томоохон лаборторитай. Бүтээгдэхүүнд чанарын ямар ч асуудал байхгүй.   Улаанбаатар хотод 190-иэд станц үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл манай компаниас 31 сүлжээ станц ажиллаж байна. Бид бүх бүтээгдэхүүнээ шалгаж, чанарын шаардлага хангасан болохоор л түгээдэг.

-Тэгвэл шатахуун түгээх станцуудад ажиллаж байгаа түгээгч дутуу шахаж, хэрэглэгчдийг хохироож байж болох уу?

-Автоматаар их, бага шахах гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл түгээгч дутуу шахах боломжгүй. Тухайн бараа бүтээгдэхүүн хувийн жин, орц гээд тэр бүхнээс хамаарч янз бүр байдаг. Учир нь шатахуун өвлийн улиралд сууж, зун хөөрч өгдөг онцлогтой бүтээгдэхүүн. Тэгэхээр бинзен гэх бүтээгдэхүүний химийн шинж, онцлогийг бид авч үзэх л шаардлагатай. Дутуу шахсан бинзенээ түгээгч өөрөө авах юм уу? Эсвэл компани дутуу шах гэж шаардах юм уу? Ийм зүйл огт байхгүй.

Ес хоногийн дараа тодорхой хариу нь гарах уг асуудлыг Стандартчилал хэмжил зүйн газар шалгаж байгаа юм. Тиймээс мэдээллийн мөрөөр тус газарт очиж холбогдох албаны хүнээс нь зарим нэг зүйлийг тодрууллаа.

-"Тоног төхөөрөмжийн доголдлоос болж тийм алдаа гарсан ч юм уу мэдэхгүй байж хэвлэл мэдээллээр сөрөг мэдээлэл гарч байна. Үүнд Петровис компаниас манайд гомдол ирж, шинжилгээний хариу гараагүй байхад компанийн нэр хүндэд халдаж гадуур сөрөг мэдээлэл гаргалаа гэж байсан. Ямартаа ч долоо хоногийн хоногийн дараа шинжилгээний хариу гарахад бид мэдээллийг өгнө" гэсэн юм.

Хэрэв “Петровис” компанийхан мэдсээр байж хэрэглэгчдийг хуурсан хэмээн тогтоогдвол МХЕГ-ын Хэмжлийн нийлмэл байдлыг хангах тухай хууль мөн хэрэглэгчдийн эрх ашгийг хангах тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Түүнчлэх тусгай зөвшөөрлийг цуцлах тухай ч яригдах ёстой.

Эх сурвалж: www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж