Интерполоор хайж буй Монголын иргэд

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Интерполоор хайж буй Монголын иргэд

Олон улсын Эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор Монгол Улсын
иргэдийг эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл сүүлийн үед өдөр бүр гардаг
болжээ. Өнөөдөр манай улсаас  Н.Энхтуяа, Б.Хуяг. Т.Билэгт, Т.Аяатунгаа,
Б.Солонго, Т.Анез гэх  зургаан хүнийг интерполоор  эрэн сурвалжилж
байна. Харин өмнө нь хэдэн хүн сурвалжлагдаж байсан гэдэг нь нууцлалын
зэрэглэлтэй байдаг аж.  Онц ноцтой, хүнд гэмт хэрэг үйлдсэн хэн нэгнийг
эрэн сурвалжилдаг Интерпол гэж юу вэ. Дэлхийн Интерполийн төв нь Францын
Леон хотод байдаг. Монголын Интерполын Үндэсний товчооны даргаар ЦЕГ-ын
дарга, бригадын  генерал Б.Билэгт  ажилладаг юм.

Монголын
цагдаагийн байгууллага Интерполд гишүүнээр элсээд 22 жил болж байгаа.
Интерполын гишүүн болсон орны цагдаа, хууль хяналтын байгууллага эрэн
сурвалжилж байгаа хүний тухай олон нийтэд мэдээлэх ёсгүй бөгөөд  зөвхөн
хууль хяналтын байгууллага мэдээ­лэл авах, ашиглах эрхтэй байдаг аж.
Интерполд элсэн орсоноос хойш манай улсаас  олны танил анхаарлын төвд
байсан  онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн болон иргэдэд их хэмжээний хохирол
учруулсанд тооцогдсон  ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан
Д.Сүрэнхор, “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр, 90 саяын
гэх тодотголтой их хэмжээний мөнгө залилсан  Т.Гансүх, удаа дараа улсын
хил зөрчин, хууль бусаар оргон зайлсан У.Болд нарыг  мөн л энэ шугамаар
эрэн сурвалжилж, саатуулан хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн.
Интерполоор 2011 онд  манай улсын 30 иргэнийг эрэн сурвалжилж байсан нь
хамгийн ихэд тооцогдох юм байна.

Тэд мөрдөн шалгах ажлын явцад
ор сураггүй оргон зугтсан иргэд бөгөөд   ес нь эмэгтэй, 15 нь бусдыг
залилан мэхэлж их хэмжээний мөнгийг нь авч зугтсан байна. Харин  зургаа
нь бусдын болоод улсын эд хөрөнгийг завшигчид байжээ. Тэгвэл өнгөрсөн
жил  манай улсын хоёр иргэнийг эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл 
шуугиан тарьж байсан. Олны анхаарлыг татаж, шуугиан тарьсан нь ч
учиртай. Тодруулбал, экс ерөнхийлөгч  Н.Энхбаярын хэрэгтэй холбоотойгоор
түүний дүү Н.Энхтуяа болон туслах  Б.Хуяг нарыг эрэн сурвалжилж эхэлсэн
юм. Түүнээс хойш манай улсаас эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс цуварч,
өдөр бүр “интерпол.ком” гэх хаяг руу орж хэн нэмэгдсэн юу болсон бол гэж
сонирхох нь  ихэссэн.  Интерполд эрэн сурвалжлагдаж байгаа зургаан хүн
ямар учир шалтгаанаар эрэн сурвалжлагдах болов.  

Далайд хөвөх 335 хөлөг онгоцны эзэн Н.Энхтуяа
Экс
Ерөнхийлөгчийн төрсөн  дүү, ахтайгаа нийлж, их хэмжээний мөнгө
шамшигдуулсан  гэдгээрээ олны танил болсон Н.Энхтуяа нь 1960 оны 
хоёрдугаар сарын 29-нд төржээ. Англи, Орос хэлийг эх хэл шигээ эзэмшсэн
тэрбээр Н.Энхбаяр ахынхаа Сингапур дахь  Монголын далайн тээврийг
хариуцан ажиллаж байсан байна. Монголын далайн тээврийг хариуцан
Сингапурт олон жил амьдарсан түүний эзэмшиж байдаг  335 хөлөг онгоц
байдаг гэх.

Тиймээс ч  түүнийг XX зууны үед хатагтай Вонг гэх
зартай далайн дээрэмчин эмэгтэйтэй зүйрлэж түүнийг ийн нэрлэх болжээ. 
Түүнчлэн Н.Энхтуяагийн нэр дээр Москва, Бээжинд хэдэн тэрбумын үнэтэй
харшууд байдаг тухай яриа бий. Зарим нэг хүмүүс Н.Энхбаярын нуусан бүх
эд хөрөнгө дүүгийнх нь нэр дээр байдаг хэмээн ярьдаг. Үүнээс гадна
хэргийн учир Н.Энхбаярт биш Н.Энхтуяад байгаа талаар ярьдаг билээ.
Түүнийг мөнгө завшуулсан, оргон зугтсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж
байгаа юм.

“Хар дун”-ийн эзэн Б.Хуяг
1978
онд төрсөн Б.Хуяг гэх залууг Интерполоор эрэн сурвалжлах болсон
шалтгаан нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой. Н.Энхбаярын туслах
Б.Тулга гэх залуугийн төрсөн ах энэ залууг Н.Энхтуяагийн хамт мөнгө
завшиж,  оргон зугтсан нэрийдлээр эрэн сурвалжлаад жилийн хугацаа өнгөрч
байна. Харин Б.Хуяг эх орондоо ирэлгүй бүтэн хоёр жил болж байгаа аж.
Тэрбээр Монголд байхдаа  “Хар дун” гэх  компанийн захирал байжээ. Түүний
хувьд  НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор
"Өргөө" зочид буудлыг өөрийн  "Хар дун" компанид шилжүүлсэн нь түүнийг
эх орноосоо дайжихад  хүргэжээ. 

Гэхдээ зүгээр нэг зочид буудлыг
өөрийн нэр дээр шилжүүлсэн нь яагаад асуудал үүсгэсэн нь учиртай.
“Өргөө” зочид буудлыг өөрийн нэр дээр авахаас найм хоногийн өмнө Б.Хуяг
нь “Хар дун”гэх компаниа байгуулж байжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар 
компаниа байгуулаад удаагүй байхад тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга
байсан Ц.Батбаяр   ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүй “Өргөө”
зочид буудлыг татан буулгаж, Б.Хуяг захиралтай “Хар дун” компанийн 75,
нийслэлийн өмчийн 25 ху­вийн оролцоотой “Дун-Өргөө” ХХК-ийг шинээр
байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр туслахынхаа төрсөн ахын нэр дээр
компани байгуулж “Өргөө”-г өөрийн болгосон гэсэн үг юм.  Одоо
“Дун-Өргөө” ХХК-ийн захиралын албыг Н.Энхбаярын хүү Э.Батшугар хашдаг юм
байна.

Хувьчлалыг “хутгагч” Т.Билэгт
НИТХ-ын
даргын үүрэгт ажлыг хашиж байсан Т.Билэгт гэж хэн бэ. Т.Билэгт нь 1946
онд Говь-Алтай аймагт төрсөн нэгэн. Түүний хувьд өнгөрсөн жил АНУ-д
эмчилгээ хийлгэх ёстой хэмээн эх орноосоо гараад сураггүй алга болжээ.
Түүнийг бас л Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан Н.Энхтуяа, Б.Хуяг нартай 
ижил шалтгаанаар эрэн сурвалжилж байна. 

Т.Билэгтийн хувьд
Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны байцаагчаас ажлын гараагаа
эхэлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын
тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн
засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан нэгэн.
Тэрбээр 2000 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа
Н.Энхбаяртай  хамтарч Улаанбаатартай холбоотой хувьчлалуудад  болох
“Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудал зэрэг олон хувьчлалд гар
бие оролцож, хууль бус үйлдэл хийсэн талаар эх сурвалж  хэлсэн юм.
Түүнийг Монголд байх хугацаанд АТГ болон бусад хууль хяналтын
байгууллагаас Н.Энхбаярын хэрэгтэй холбоотойгоор удаа дараа байцаалт авч
байсан.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэн Т.Аятунгаа, Б.Солонго

Нэгэн
үе Монголын телевизүүдээр цацагдах үзэгч олонтой “Bavaria” пивоны
рекламны нүүр царай болж байсан бүсгүй Т.Аятунгаа гэгч бүсгүйг энэ оны
нэгдүгээр сард Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Т.Аятунгаагийн хувьд
1991 онд төрсөн. 2010 онд Олон улсын супер модель шалгаруулах тэмцээнд
оролцож,  “Miss Mongolia”-д 2011 онд оролцож байсан “Шилмэл загвар
агентлаг”-ийн загвар өмсөгч байсан “адтай” бүсгүй. Тэрбээр “Амрита”
шөнийн клубт тайчих үзүүлбэр үзүүлж, сонин, сэтгүүлд нүцгэлж байсан гэж
шар мэдээний эзэн түүнийг Интерполоор эрэн сурвалжлах болсон нь учиртай.

Т.Аятунгаа нь эрэн сурвалжлагдаж эхлэхээсээ өмнө  Филиппин
улсын иргэн Чарльз Эдвард Эргэн гэгчтэй дотно харьцаатай болж, 
Ч.Тэргэлсар гэх охиныг нь төрүүлжээ. Энэ үед Чарльз Эдвард Эргэн түүнийг
Филиппин улсад очиж амьдрахыг санал болгож хамт явсан байна. Гэвч очоод
таван сар бололгүй Чарльз Эдвард Эргэн охин Т.Тэргэлсарыг авч зугтжээ.
Гэхдээ энэ бол Т.Аятунгаагийн хэлсэн зүйлс. Харин Чарльз Эдвард Эргэн
Т.Аятунгааг хүүхэдтэйгээ зүй бус харьцсан учир хүүхдээ авч явсан гэсэн
юм. Тиймээс ч  Филиппиний шүүхэд өгч Интерполоор эрэн сурвалжилж
эхэлжээ. Түүнийг хүүхдийн эсрэг гэмт хийсэн хэмээн Интерполоор эрэн
сурвалжилж байгаа юм. Т.Аятунгаатай холбоотой хамгийн сүүлийн үеийн
мэдээллээр Чарльз Эдвард Эргэн охин Ч.Тэргэлсарын иргэншлийг сольж,
асран хамгаалагч нь болох хүсэлтээ илгээгээд байгаа юм байна.
Т.Аятунгаагийн ээж Б.Солонго нь охиныхоо адил хүүхдийн эсрэг гэмт хэрэг
үйлдсэн хэмээн Интерполоор эрэн сурвалжлагдаж буй. Б.Солонго нь 1965 онд
төрсөн бөгөөд охиныхоо хамт Филиппин улсад очиж амьдрахаар яваад ийнхүү
эрэн сурвалжлагдах болжээ.

Г.ТӨГС
Эх сурвалж: www.MMINFO.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж