Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Та нэр дэвших үү?

Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн
өрсөлдөх бол гэх таамаг олны дунд бий. “Та нэр дэвших үү, таныг
дэвшүүлбэл яах вэ” гэх асуултанд нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж буй
эрхмүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрхэн хариулт өгснийг
харцгаая. Ардчилсан нам өөрийн намаас өрсөлдөх нэр дэвшигчээр одоогийн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэрлэн, дэмжихээ илэрхийлээд байгаа бол МАН
нэр дэвшигчээ олон нийтээс авсан санал асуулга болон нам дээр хэлэлцэж
шийднэ гэснээр Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар
өнгөлж буй. Харин МАХН, ИЗНН зэрэг намуудын нэр дэвшигчдийн асуудал
тодорхой болоогүй байгаа юм.

МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Үүнийг 
нам дотроо ярина. Түүнээс хувь хүн дээр ярих болоогүй байна. Хүн яриад
ирэхээрээ л зарчим алдагдаад ирдэг юм. Цагийн юмыг цагт нь ярихгүй,
хуулийнх нь хүрээнд ярихгүй болохоор л зарчим алдаглдана. Үүнийг бол
намын олон түмэн, бага хурал шийднэ.

МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Ард
нийтийн хэлэлцүүлэг болон санал асуулга  дотор на­майг  Ерөнхийлөгчийн
сон­гуульд оролцоосой гэсэн  сана­лыг олон аймгаас ирүүлсэн дүн гарч
байна. Тийм учраас  на­маас гарч байгаа шийдвэрийг харж, на­дад энэ
талаар санал тавибал оролцож, өрсөлдөнө гэж бодож байна.

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун:

-Миний
хувьд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Намын хувьд
ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хэдхэн хувилбар л бий. Зоригтой аавын
хүү байвал сонгуулд нэр дэвшиж болно. Эсвэл аль нэг нэр дэвшигчийг
дэмжих, бусад намтай эвсэл болж оролцох гэсэн гурван хувилбар бий.

МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Голлох
хоёр улс төрийн хүчин, тэр дундаа том улс төрийн хүчин болох МАН-ын
хувьд бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололцоотой улстөрчид маш
олон байгаа. Хуулийн дагуу нэр дэвших хугацаа болоогүй байгаа тул хэн
нэгний талаар тодорхой зүйл ярих боломж байхгүй юм.

МАН-ын бага хурлын гишүүн С.Баяр:

-Сонгогчийн байр сууринаас оролцоно. Саналаа өгнө.

МАХН-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог:

-МАХН
Бага чуулганаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ
тодорхой болгосон. Ингэхдээ намайг нэр дэвшүүлэх магадлалтай  гэж үзсэн
байгаа юм. Би Монгол төрийн тогоонд 1990 оноос хойш орон, гаран
чанагдаж явна. Ардын их хурлын сонгуулиар депутат болсон. Мөн тэр үеийн
МАХН-д нэг суудал авчирч байлаа. Байнгын ажиллагаатай анхны парламентад
Бага хурлын гишүүн, улмаар Хууль зүйн байнгын хорооны анхны дарга болж
байсан юм. Хууль зүйн сайдын албыг ч хашиж байлаа. Казиногийн нэртэй
хээл хахуулийн хэргийн дараа огцорч, гудамжинд 12 жил явсан. Ингэхдээ
хоосон яваагүй. Иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч газар, байгалийн
баялгийг ард түмэндээ хүртээхийн төлөө, Ашигт малтмалын тухай хуулийг
Үндсэн хууль зөрчсөн гэдгийг хэлж, тэмцэж ирсэн. Энэ утгаараа Монголын
улс төрийг хэнээс ч дутахааргүй мэднэ гэж бодож байна. Би хуульч
мэргэжилтэй. Миний мэргэжил, туулсан зам ямар ч ажлыг хаших бэлтгэл
болсон гэж хэлмээр байна.

МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн сайд Ч.Улаан:

-Энэ
асуудал хамт олон, намын түвшинд шийдэгддэг асуудал. Тэгэхээр нам энэ
талаар өөрийнхөө бодлогыг тодорхой болгож байж  асуудлын шийдэл гарна.
Хүн өөрөө өөрийгөө үнэлж, дүгнэж болохгүй гэж боддог. Ингэх нь соёлтой
биш. Нөгөө талаасаа хүмүүжилгүй харагдана. Тийм учраас ард түмэн, нийгэм
л дүгнэх ёстой.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-2016
он хүртэл би бие даагчаараа байх ёстой. Энэ бол миний амлалт. Хүмүүсээс
авсан үүрэг даалгавар. Үүнийг ямар ч хүн өөрчлөх эрхгүй. Би ч өөрөө
өөрчлөх эрхгүй.

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Ерөнхийлөгчийн
сонгуулийн хувьд манай нам Үндэсний хороогоороо асуудлыг шийддэг. Миний
хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших гэх мэт бодол байхгүй. Хүн өөрийнхөө
хэмжээг мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Би тийм хэмжээнд өөрийгөө
хүрсэн хүн гэж үзэхгүй байна.


МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Цолмон:  

-Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвшигчээ зарлах хуулийн хугацаа болоогүй. Гэхдээ таван
хүний нэрийг Бага чуулганы түвшинд ярьсан байгаа. Намын удирдлагууд
болох Н.Энхбаяр, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Удвал сайд болон миний нэр
явж байгаа.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан:

-Одоогоор
ажиглаж байна. Улс төрийн нам л юм хойно байр сууриа илэрхийлнэ.
Өнөөдрийн нийгмийг аль нам нь илүү авч явах бол гэдгийг харж, тунгааж
байж шийдвэр гаргана.

МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва:

-Нам
болгон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших олон лидертэй гэдгээ зарлаж
байна. Манайд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших чадвартай боловсон
хүчин олон бий. Монголчууд ноён нуруутай, ухаантай, эх оронч, шударга,
хүний мөс жудагтай хүнд хайртай шүү дээ. Ард нь аль нам байна гэхээсээ
илүү хувь хүнийх нь мөн чанарыг харж сонгодог. Энэ үүднээс ард түмэн
сонголтоо хийх биз. Ерөнхийлөгчид манай намаас хэн нэр дэвших вэ гэдэг
асуудлыг бага чуулганаар шийднэ. Надад албан тушаалын амбиц байдаггүй.
Ажил хий гэж итгэл хүлээлгэвэл ямар ч ажил оногдуулсан түүнд нь эзэн
болохын төлөө л зүтгэдэг.

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж