
үг нэг талаас монгол бөхчүүдийн гэнэн цагаан, гүндүүгүй номхон
сэтгэлийн илэрхийлэл болон яригддаг билээ. Цаашлаад өчүүхэн жижиг зүйл
хэмээн басч байж гэнэдэх, алдахаас сэрэмжлүүлсэн үг, “баатар хүн нэг
суманд, баян хүн нэг зуданд” гэсэнтэй утга нэг хэмээн сэтгэдэг. Гэвч
нөгөө талаас эрт дээр үеэс энэ үгийг дагаж явсан далд утга ч бас байдаг
аж. Тэр бол “Бөх хүн бол зугаа цэнгээний л хэрэглүүр. Оюуны бядгүй,
бодлогогүй нэгэн учраас бодол ухаан зарсан зүйлээс хол байлга” гэсэн
санааг давхар илэрхийлдэг байна.
Тэр ч байтугай сүүлийн үед
“Бөх, лам хоёр алгаа тосч амьдардаг” гэсэн үг ч газар аваад байна.
Хувраг хүн угаасаа “эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд”
хэмээн буян үйлдэж амьдардаг, үйлдсэн буяныхаа араас хариу нэхэх эрхгүй,
чин сүсгээр өгсөн юуг ч болов алга тосон авах учиртай учраас арга ч
үгүй биз. Харин бөх хүн яагаад алгаа тосч амьдрах учиртайг сайн мэдэхгүй
юм.
Ер нь бол спортын ихэнх төрөлд тамирчин хүнээс оюуны
чадавхиас илүү биеийн хүч чадал шаарддаг гэдэгтэй маргах хүн цөөхөн биз.
Гэхдээ тэдэн дунд бие бялдар болоод тархины хэмжээ тас урвуу
хамааралтай нэг спорт байдаг нь манай үндэсний бөх. Урьд цагт ямар
байсныг мэдэхгүй ч одоо цаг дээр харахад лав тийм. Тиймдээ ч энд нэг бөх
гудамжинд цагдаа зодож гэнэ, тэнд нэг нь бааранд агсан тавьж, микронд
хүн буудаж гэнэ, өөр нэг нь хар тамхи наймаалж, дахиад нэг нь спиртээ
гардуулжээ гэх мэдээллүүд дуулиан тарьдаг. Тэгэхдээ дандаа улсын цолтой
бөхчүүд энэ хэрэгт орооцолдож байдаг. Хамгийн дуулиантай нь манай их
аварга Д.Дагвадорж, улсын начин Б.Одхүү нар. Хоёр “аварга” олон удаагийн
давтан үйлдэл болоод олимпийн аварга, Олон нийтийн радио телевизийн
дарга хоёрт жавтий хүртээсэн зэрэг чансаагаараа мэргэжил нэгтнүүдээсээ
тасархай түрүүлдэг. Ерөнхийдөө бөхчүүдийн хийдэг ажил, эрхэлдэг бизнес
нь ч гэсэн ойролцоо. Самрын контрбанд, компаниудын өр барагдуулах алба
гэсгээд дуусна. Хамгийн сүүлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, цагдаагийн
албанаас сул цалинжиж байсан бараг 300-аад бөх тэх, дуучин жүжигчин орон
тооны цомхотголд орсон гэнэ лээ.
Харин манай бөхчүүдийн
дундаас бүдэрч мэдэх бүдүүн өвсөө ганц удаа дийлсэн хүн нь улсад арав
түрүүлсэн босоо аварга Б.Бат-Эрдэнэ байгаа юм. 2000-аад оны үед билүү,
нэг их гантай, зудтай жилээр монголчууд модоо барьж, хойд хөршөөсөө
хорголжин тэжээл гуйж явахад Баагий аварга зүүн аймгаас баахан өвс
хадаад, хадлангаа урагшаа Хятад руу гаргачихаж билээ.
Гэхдээ
одоо ч тэр үеийг бодвол цаг өөр болж, харьж яваа бөхчүүдийн ид хав
наадмын торгон ногоон дэвжээнээс УИХ, чуулганы танхимд шилжиж байна.
Дархан аварга Б.Бат-Эрдэнийн араас самбо, жудогийн тамирчин Х.Баттулга,
сумочин Д.Батбаяр… гэхчлэн хамгийн сүүлд аварга Д.Сумьяабазар.
Сонгогчид нь ч гэсэн “бөх хүн бүдүүн өвсөнд” гэсэн тэр үгийн далд утга,
үнэ цэнийг умартаж, парламентын танхимыг наадмын дэвжээ, циркийн
манежтай эндүүрэх болж. Сонгинохайрханы дахин сонгуулиар аварга
Д.Сумьяабазар УИХ-д сонгогдохтой зэрэгцэн хэвлэлд гарсан хамгийн
дуулиантай мэдээлэл нь “Парламентын сайхан бэр нэгээр нэмэгдэв”
хэмээгээд мисс эхнэрийнх нь зургийг нийтэлсэн явдал. Ингээд яваандаа
хууль тогтоох засаглалын мөн чанар ч алдагдан улс төрд бодлогын
өрсөлдөөн үгүй болж, төрийн бодлого хэлэлцэх учиртай чуулганы танхим тун
удахгүй бөхчүүд нь дэвж, миссүүд нь гунхдаг үзвэрийн газар болох юм шиг
байна. УГЖ дуучин С.Жавхлан ч бас нэг удаа “Би хэрвээ УИХ-ын гишүүн
болбол ядахдаа чуулганы танхимд төрийн дууллаа солгой хоолойгоор
дуулахгүй” гэж ам гарсан удаатай шүү.
Нам нь намынхаа эрх ашгийг
бодоод наадамд түрүүлсэн бөх, улсад олон түрүүтэй уяачаа нэр дэвшүүлдэг
юм бол нэг мөсөн сонгуулиа наадам гээд, наадмаа сонгууль болгочихьё л
доо.