Баавгай бүжиглэж, галуунууд гулгана

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Баавгай бүжиглэж, галуунууд гулгана

Энэ хаврыг циркийн даллагатай хэмээн онцолж болох нь. Саяхан орон орны циркчид манайд зочилж хагас сарын турш монголчуудын нүд сэтгэлийг баясгасан. Тэгвэл тун удахгүй дахиад л олон зочин хүлээж авах нь. “Шинэ цирк” төвөөс ирэх сард Хятадын жүжигчид, ОХУ-ын циркийн сургуультай амьтдыг жүжигчидтэй нь хамт урьж “Хөрш гурав” нэртэй тоглолт хийхээр болжээ. Эх үрсийн баярт зориулсан энэхүү тоглолтынх нь тухай, ялангуяа Оросоос ирэх сургуультай амьтдын талаар сонирхож “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригттой ярилцлаа.

-Танай төвөөс зохион байгуулдаг уламжлалт “Хөрш гурав” тоглолтын тов гарсан гэж сонслоо?

-“Хөрш гурав” уламжлалт тоглолтоо ирэх сарын 25-наас зургадугаар сарын 1-ний хооронд хийхээр товлоод одоо ид бэлтгэл ажилдаа ороод байна. Тоглолтын дийлэнхийг Оросын сургуультай амьтдын үзүүлбэр эзлэх юм. Хятадаас акробатчид, манай уран нугараачид гээд сонирхолтой үзүүлбэр олонтой сайхан тоглолт болно.

-Оросоос ямар амьтад ирэх нь тодорхой болсон уу?

-Таван баавгай, нэг чоно, гурван нохой, 20 гаруй галуу, хоёр сармагчин, тахиа гээд 40 гаруй сургуультай амьтан ирнэ. Сибирийн хүрэн, Канадаас авчирч сургасан баавгайнууд биеэр том. Хоёр хөл дээрээ зогсохоор гурван метр өндөр болдог. Сибирийн хүрэн баавгайнууд Европт олон үзүүлбэрээрээ нэрд гарсан. Тэднийг тоглуулдаг жүжигчин нь ОХУ-ын циркийн урлагт олон жил амьтан сургагчаар ажилласан авьяаслаг нэгэн байдаг юм билээ.

-Баавгайнууд ямар үзүүлбэр үзүүлэх вэ?

-Тэд ерөөсөө хүн юу чаддаг вэ тэр бүгдийг хийж үзүүлнэ. Хоёр хөл дээрээ зогсоно, дугуй унана, бүжиглэнэ, нарийхан утсан дээр зогсоно. Харин галуунуудын хувьд гулгаж, саадтай төмөр дээгүүр харайж, сургуультай морьдын үзүүлбэрийг дуурайж хийх юм. Мөн чонотой хамтарч тоглох алиалагчийн үзүүлбэр тун сонирхолтой болно. Оросын циркийн сургуультай сармагчин, тахианууд ч үзэгчдийг уйдаахгүй.

-Баавгайнууд нь хэдэн настай юм бол?

-Хүрэн баавгайн хамгийн бага нь гурван настай, том нь 10 гаруй настай гэсэн.

-Тэднийг Монголд яаж авчрах вэ?

-Сургуультай амьтад маань одоо Францад тоглолттой байгаа. Үүний дараа Эрхүүд ирэх сарын эхээр тоглох юм билээ. Тэндээсээ Монгол руу машинаар ирнэ. Алтанбулагаар дамжаад хотод ирэх юм.

-Ирэхээр нь хаана байрлуулах вэ. Танайд тусгай зориулалтын байр сав байгаа юм уу?

-Амьтдыг нүүдлийн циркийнхээ майхандаа байрлуулна. Зарим нэгд нь зориулж байр бэлтгэхээр болсон. Баавгайнууд тусгай тортой. Мөн галуу, тахианд ч  зориулсан хайрцаг, сав хэрэгтэй болж байгаа. Тэр бүгдийг урьдчилан бэлтгэнэ. 

-Хоол, тэжээлийг нь өөрсдөө авчирдаг уу, эсвэл манайхан бэлтгэх үү?

-Мэдээж баавгай, чоно, нохойг махаар тэжээнэ. Тиймээс тэдэнд зориулаад үхэр, тахиа, гахайны мах бэлтгэнэ. Бусад амьтад нь жимс жимсгэнэ, тусгай тэжээл өгдөг тэр бүгдийг нь бид бэлтгэх үүрэгтэй учраас зардлын хувьд өндөр дүн гарч байгаа.

-Тэд ер нь хэр их иддэг юм бол?

-Сургуультай амьтдад өдөрт ганцхан кг мах өгнө гэвэл хүрэхгүй. Дор хаяж гурваас дөрөв хооллоно. Тэр бүртээ хэдэн кг мах идэх вэ гэдгийг нарийн тооцоолоогүй байна, одоохондоо. 

-“Хөрш гурав” тоглолтынхоо анхныхыг хэдийд хийж байсан билээ?

-Хамгийн анх 2007 оны зургадугаар сарын 1-нд Эх үрсийн баярт зориулан Хятадаас сургуультай заан, бар, хар баавгай, тогос шувуу, Оросоос алиалагч, сургуультай нохой урьж, Монголын жүжигчидтэй хамтарсан олон улсын циркчдийн тоглолтыг зохион байгуулж байлаа. Энэ тоглолтоо Дархан, Эрдэнэт, Дорнодын үзэгчдэд хүргэсэн.

-Тэр тоглолтод ирсэн Хятадын хар баавгайн тухай хүмүүс их ярьж байсан санагдаж байна.

-Анхны маань тоглолтод урилгаар оролцсон Хятадын хар баавгай яах аргагүй алдартай амьтан байсан шүү. Олон улсын циркийн тэмцээнээс “Алтан алиалагч” цом хүртсэн хар баавгайн авьяасыг Монголын үзэгчид үнэхээр шагшиж байсан. Мөн дөрвөн настай заан бас тоглож авьяасаа үзүүлсэн.

-Ер нь танайх олон улсын циркийн тоглолт хэр олныг зохион байгуулсан бэ?

-2007 оны тоглолтоос хойш гурван жилийн дараа Хятадын циркийн “Үхлийн цирк” тоглолтыг Монголд зохион байгуулсан. Мөн тэр жилдээ Оросын сургуультай амьтдын тоглолтыг “АСА” цирктэй хамтарч хийсэн. Хамгийн сүүлд 2011 онд Улсын циркийн 70 жилийн ойд зориулж нүүдлийн майхандаа Сүхбаатарын талбай дээр циркийн тоглолт хийсэн.

-Энэ удаагийн тоглолтоо хаана хийх вэ?

-Өөрсдийнхөө нүүдлийн майхан циркт.

-“АСА” циркт хийж болохгүй юм уу?

-Уг нь энэ удаагийн тоглолтыг олон хүүхдэд үзүүлэх хүсэлтэй байгаагаа “АСА” циркийн захирал Пүрэвбадамд уламжилсан. Боломжгүй гэсэн хариу сонссон.

-Тэд яагаад татгалзсан юм бол?

-“АСА” цирк “Амьтан хамгаалах нийгэмлэг” гээд олон улсын байгууллагын гишүүн болсон юм билээ. Тус байгууллагын гишүүн орнуудыг цирктээ амьтантай тоглолт хийхийг хориглодог. Энэ дүрмийн дагуу “АСА” циркт сургуультай амьтдын тоглолт хийх боломжгүй болсон гэсэн. 

-Танай нүүдлийн майханд нэг удаа хэчнээн хүн үзэх боломжтой вэ?

-800 хүний суудалтай. Нүүдлийн майхан маань 12 метрийн өндөр, дөрвөн том баганатай, гаднаа амьтдаа байрлуулах байртай, дотроо зориулалтын суудалтай. Нүүдлийн л болохоос биш олон улсын циркийн стандартад нийцсэн эд л дээ. Одоохондоо манайханд нүүдлийн гэхээр шинэ санагдаж байж болох ч Европт бол аль хэдийнэ дэлгэрчихсэн стандартын майхан цирк шүү дээ.

-Нэгэнт нүүдлийн цирк юм чинь хөдөө орон нутгийнханд үзүүлэх боломжтой гэсэн үг үү?

-Эхний тоглолтуудаа Улаанбаатарт хийнэ. Хэрвээ хүмүүс сонирхоод, үзэгч олонтой байвал Дархан, Эрдэнэтэд аваачих төлөвлөгөө байгаа. Сургуультай амьтдыг зөөж тээвэрлэх, идэш хоолыг нь бэлтгэх гээд зардал өндөр учраас тэр бүр хүссэн газар руугаа авч яваад байх боломжгүй л дээ.

-Ер нь амьтан сургах хэцүү байх. Танай төвд амьтантай үзүүлбэр бий юу?

-Амьтан сургаж, гаршуулна гэдэг шинжлэх ухаан.  Байгалиас заяасан зөн билэг, рефлексээр нь дамжуулан амьтанд шинэ дадал зуршил суулгаж байгаа хэрэг юм л даа. Сүүлийн үед Олон улсын амьтан хамгаалах нийгэмлэг энд тэндгүй байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг болсноор ч юм уу Европ, Америкт циркийн амьтдыг арай өөр аргаар сургадаг болсон байна билээ. Сургагчид нь тухайн амьтантай яг л хүүхэдтэйгээ харилцаж байгаа юм шиг ханддаг болсон. Тэгээд шинэ дадал зуршлаа хайр, энэрэл, энхрийллээр дамжуулан суулгадаг болжээ. Ер нь амьтан сургана гэдэг жүжигчнээс олон жилийн хөдөлмөр шаардсан хэцүү мэргэжил шүү дээ. Манайд одоохондоо амьтантай үзүүлбэр байхгүй.

-Улсын циркт дээр үед сургуультай амьтад нэлээн олон байсан. Одоо бол нэг ч байхгүй болсон гэж ойлгож болох уу?

-Циркийг 2007 онд хувьчлагдахад таван тэмээ байсан. Мөн бид 2005 онд Буриадын Читагаас “Морьтны гайхамшиг” үзүүлбэр үзүүлэхээр есөн үрээ авчирч байсан юм. Мөн гавьяат жүжигчин Амгалангийн тоглуулдаг холимог амьтдын үзүүлбэр Монголын циркийн нэрийн хуудас болж байсан үе бий. Бас Цогцэцэгийн тоглуулдаг 10 гаруй нохой, сармагчин, чоно, хоёр баавгай гээд 30 гаруй сургуультай амьтан байсан. “АСА” циркийн хувьд Олон улсын амьтан хамгаалах нийгэмлэгт элссэн болохоор цаашдаа амьтантай циркийг бид “АСА”-гаас лав үзэхгүй байх. Харин манай төвийн хувьд “Ургах наран” хорооллын наана шинэ цирк барих төсөл бичиж сонгуулийн өмнө Баянзүрх дүүрэгт газрын асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэлт гаргасан. Гэвч одоогоор шийдэгдсэн зүйл алга. Хэрвээ газрын асуудал бүтвэл тэнд шинээр цирк барьж хажууд нь амьтны хүрээлэн, сургуультай амьтан бэлтгэх газар, тэднийг байрлуулдаг байр барихаар төлөвлөсөн. Сургалтын баазтай болбол амьтан гаршуулдаг мэргэжилтнүүдийг Оросоос урьж, хуучин Улсын циркт ажиллаж байсан мэргэжилтнүүдээ цуглуулах боломжтой.

“Шинэ цирк” төв 2007 онд байгуулагдсан. Д.Зоригт захирлын хувьд Улсын циркийг хувьчлагдахаас өмнө буюу 1986-2006 он хүртэл уран сайхны удирдагч, найруулагчаар  ажиллаж байсан нэгэн. “Шинэ цирк” төвөө 2007 онд байгуулсан бөгөөд дэргэдээ 14 жилийн туршлагатай уран нугаралтын студи ажиллуулдаг юм.

Б.МАРАЛ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж