
Өчигдөр манай сонины сурвалжлах хэсэг Налайхад очиж, байдал яг ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.
Улаанбаатартай төмөр зам, мянганы замын хэвтээ болон босоо чиглэлийн авто замаар холбогдсон Налайх дүүрэг нийслэлээс 36 км зайд оршдог. Харин уурхай дүүргийн төвөөс таван км зайтай. Налайхаас зүүн урагшаа гарахад тамын орон гээд хэлчихвэл дөхөж очмоор налуу хөндий нүдний өмнө гарч ирсэн нь уурхай ажээ. Ухаж төнхсөн нүх, овоолсон шороо, энд тэндгүй эмх замбараагүй барьсан гэр, амбаар, гялгар цаасаар битүүлж босгосон “Ам” гэх саравч энэ бүхэн уурхайн дүр төрхийг бүрдүүлнэ. Нүүрсний амуудыг хаасан учраас ам болгоны гадна байх гэрүүд ихэнх нь эзгүй, харин тураалдаа орсон нохой арваад алхахад нэг таарах юм. Эзэнгүй үлдсэн нохойнууд овоолсон шороо бараадан наранд ээж хэвтэх нь үүнээс өөр гүйцэтгэх үүрэг энд энэ амьтанд үлдээгүйг илтгэх мэт. Үхсэн нохойны сэг зэмийн үнэр салхины аясаар тархах нь амьсгалхад хүнд. Хог бол энд далай шиг л зах хязгааргүй их юм. Ухсан, цөмөрсөн нүх, нүхний амсраар овоолсон хар саарал шороо энэ бүхэн хүмүүс байгаль дэлхий, газар шороонд хэчнээн цэвдэг ханддагийн баталгаа болон дүнсийж байлаа.
Дашрамд энэ уурхайн үүх түүхээс товчхон сөхье. Түшээт хан аймгийн Дархан Чин Вангийн хошуу Пунцагцэрэн гэгч ноёны хамжлагын албат нутаглаж байсан Богд хан уулын зүүн, Баянзүрх хайрханы зүүн урд талын хойноосоо налуу хөтлийг Налуугийн ухаа гэдэг байжээ. Энэ налуу хөтөл бэлчээр сайтай, тарвага зурам ихтэй адуу мал багширсан, аянчин тарвагачны хөл хөдөлгөөн тасардаггүй нутаг байсан бөгөөд тарваганы ухсан нүхнээс хар алт гарсан цагаас Налайхын бөгөөд Налайхын гэх энэ уурхайн түүх эхэлнэ. Энэ түүх өдгөө ямархан байдлаар үргэлжилж буйг хүн бүр мэдэх хойно илүүг үл нуршия.
Налайхын Их уурхайн уурхайчдын тухай ийм үгтэй сайхан дуу бий. Дуунд өгүүлсэнчлэн одоо ам ажиллуулж, нүүрс олборлож байгаа Налайхын харьяат иргэд их уурхайд ажиллаж байсан уурхайчин, тэдний үр хүүхэд, ач зээ нар гэнэ. 1994 онд ашиггүй ажиллаж байгаа гэсэн шалтгаанаар их уурхай зогсоход хүрз барин ам руу орохоос өөр гарц тэдэнд үлдээгүй. Амьдрах, амин зуулгаа залгуулахын тулд шүү дээ. Эндхийнхэн хориод жил энэ л замаар налайх, Төв аймгийн ойроолцоох сумд төдийгүй Улаанбаатарынхныг илч дулаанаар хангаж иржээ. Энэ нь тэднийг өмөөрөх, бас хүндэтгэх шалтгаан болно гэж бодно. Газар шороог дур дураараа ухаж төнхсөн, хөдөлмөр хамгааллын дүрэм журам мөрдөөгүйгээс хүний амь нас хохирсон гээд уурхайн амуудыг тойрсон шүүмжлэл байнга өрнөдөг ч энэ бүхэн тэдгээр иргэдийн буруу гэхээсээ илүүтэй төр засгийг удирдаж байсан хүмүүсийн мулгуу бодлого шийдвэрийн уршиг, үр дүн билээ.
Төр засаг маань энэ олон жил налайхын уурхайд ажилладаг хүмүүсийг буянаараа бол гээд нүдэн балай, чихэн дүлий хаячихсан хэрнээ гэнэт л энэ хаврын нэг өдөр ухаан орж бүх амуудыг хааж, сүрийг үзүүлсэн. Энэ шийдвэр олон хүний амьдралд шууд нөлөөлсөн гэдгийг мэддэг хүн хэр олон бол… Уурхайгаас нүүрс олборлогчид, тэдний ар гэр, нүүрс хотруу оруулдаг ченжүүд, ченжүүдээс худалдан авч жижиглэнгээр зардаг хүмүүс, тэдэнд хоол цай хийж заран хэд гурван төгрөг олдог иргэд гээд 6000 гаруй хүн төрийн шийдвэрийн золиос болж, одоо дийлэнх нь өлөн зэлмүүхэн өдөр хоногийг өнгөрүүлж байгаа. Энэ тухай одоо ажиллаж байгаа амны эзэд, тэднээс нүүрс худалдаж авч буй ченж, иргэд, нутгийн удирдлагын байгууллагын түшмэлүүд ч хүртэл хэлж байна.
Бидний уулзсан, ярилцсан хүмүүс, тэр дундаа уурхайчид, налайхын иргэд хүртэл “Төр засгийн зүгээс уурхайг хааж болно. Хаах нь ч зөв. Хэн ч хүссэнээрээ хааж болно. Гэхдээ цаана нь хэдэн хүн амь зуулгаа таслуулах вэ гэдгийг бодолцож үзээд, хугацаа өгч, эсвэл өөр ажлын байрыг нь бэлдэх ёстой байсан юм” хэмээж байлаа. Уурхайг дэндүү бодлогогүй, хайр найргүй ашиглаж байгаад монгол хүн л болсон хойно хэн хүнгүй санаа зовниж байдаг нь санал нэгтэйгээр хэлж буй энэ ярианаас анзаарагдах юм.
Уурхайд нийт 186 ам байсан бөгөөд бүгдийг нь хаажээ. Ажлын хэсэг долоон хоногийн дотор амуудыг лацадсан гэнэ. Төрийг ийм шийдвэр гаргана гэж санаагүй уурхайчид хувьдаа нэг өдөр түлэх нүүрс нөөцөлж аваагүй байсан учир хүнд байдалд оржээ. Тэр бүү хэл дулааны станц нь хүртэл нүүрсгүйгээс доголдож эхэлсэн байна. Тиймээс Засаг дарга нь дээшээ уламжилж байж хамгийн найдвартай үйл ажиллагаа явуулдаг гэсэн 20 амыг нээх зөвшөөрөл авсны дагуу энэ сарын 1-нээс ажиллаж эхэлжээ. Гэхдээ 20 амыг зүгээр ч нээчихээгүй, “Ажиллуулж өгөөч” гэсэн хүсэлт уурхайчдаар гаргуулаад өөрсдөөр нь аюулгүй ажиллана гэсэн баталгаа бичүүлж авчээ. Ам тангаргаа өгсөн уурхайчид зөвхөн өдрийн цагаар л ажиллах эрхтэйгээр олборлолт явуулж байна. Хаагдсан зарим амууд хулгайгаар ажилласан тохиолдол гарсан бөгөөд агааргүй орчинд саяхан нэг хүн амиа алджээ. Хулгайгаар ажиллан, амиа зольж буй шалтгааныг нутгийн удирдлагын ордны түшмэлээс асуухад “Түлээний нүүрс байхгүй, гадаа хүйтэрсэн учраас нүүрс гаргаж авах” гэж байгаад хэмээн хариуллаа. Арван хоногийн өмнө Засаг даргын удирдамжаар хоёр ажлын хэсэг гарч, 24 цагаар үргэлжилсэн шалгалт явуулахад нэг шөнө таван ам ажиллаж байсан нь илэрсэн гэнэ. Ингэж хүмүүс амиа алдахаас хүртэл эмээхгүйгээр амруугаа зүтгэх нь тэдэнд амин зуулгаа залгуулах өөр арга байхгүйтэй л холбоотой. Анх амуудыг хаахад уурхайчид маш их дургүйцжээ. Гэхдээ дулаарах тусам эсэргүүцэл нь дарагдсан гэнэ. Жил бүр тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-ний хооронд уурхайн амуудыг эрчим хүчээр хязгаарлаж, ажиллуулахгүй байх Засаг даргынх нь захирамж байдаг аж. Захирамж хэрэгжих хугацаа дөхөж буй учир иргэд энэ удаад нэг их хэл ам хийхийг хүсээгүй бололтой. Гэхдээ ирэх намар найм, есдүгээр сар хүртэл төр засаг шийдвэрээ гаргаж, иргэдийн амин зуулгаа залгуулах нөхцлийг хангахгүй бол тэр цагт байдал бүр л дордох вий дээ. Дашрамд дурдахад, нутгийн удирдлагын байгууллагын түшмэлээс уурхайн талбай дахь зах хязгааргүй хогны асуудлыг яагаад шийддэггүйг сонирхоход “Дүүрэгт дахин боловсруулах үйлдвэр барина гэж яригдаад байгаа. Үйлдвэртэй болчихвол шийдэгдэх байх. Одоогоор уурхайд байгаа хүмүүс хогийн хонхорт нүүрсний үлдэгдэл шороогоо асгачихдаг учраас хог нь салхиар тарж, талаар нэг болсон” гэлээ.
“Уурхайг хаах нь зөв, гэхдээ…” гэж хэлсэн хүмүүсийн нэг нь одоо ажиллаж байгаа амуудын нэгнийх нь эзэн, Таван шүтээн компанийн захирал. Эдний компани 4-5 ам ажиллуулдаг бөгөөд 100 орчим хүнийг ажлын байраар хангаж, долоо хоногт хүн тус бүрт 300 мянган төгрөгийн цалин өгдөг гэнэ. Тэрбээр “Манайх дээд хүчин чадлаараа өдөрт 40 тонн нүүрс гаргаж байна. Өдрийн цагаар ажиллаж байгаа болохоор машинууд ирээд дугаарлачихдаг. Эрэлтийг хангаж чадахгүй байна. Уурхайг улс мэдэлдээ авна гэхээр одоогоор бол яах аргаа ч олохгүй л байна. Зургаан жил энд ажиллаж, амьдралаа залгууллаа. Цаашид төр засаг шийдвэрээ гаргаад нэгдсэн бодлогоор иргэдийг ажлын байраар хангах болов уу гэж найдах юм. Хэрвээ энэ хаврынх шигээ загнавал хэцүүдэх л байх даа” гэж байлаа. Харин түүнээс нүүрс худалдаж авсаар арав гаруй жил болж буй ченж Б.Сүрэнжав “Уурхайг хаасан нь гэнэтийн шийдвэр болсон.Зах зээлд нүүрсний эрэлтийг хангаж чадахгүй байгаа. Хотод нүүрсний үнэ хаданд гарсан. Хотод шуудай нүүрс 1000 төгрөг гэж байхад уурхай хаагаад нэг хоноход 1500 болсон. Портер нүүрс 120 мянга байсан бол шууд 250 мянга хүрсэн. Эндхийн амуудыг хаахад эндээс ачдаг байсан бүх машин Багануурын уурхайд очсон байна билээ. Би арав гаруй жил эндээс нүүрс зөөж байна. Ингэж л хоолоо олж иддэг. Уурхайг улс мэдэлдээ аваад ажиллуулах нь зөв гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа. Одоо олон давхаргатай нүүрсний зөвхөн дээд давхаргыг ашиглаж байгаа гэдэг юм билээ. Улс зөв бодлогоор ажиллуулбал энэ замбараагүй байдал цэгцэрч, аль аль талдаа хэрэгтэй байх болно” гэв.
Иргэдийн хэлсэнчлэн уурхайг хаах амархан, хэн ч хааж болно. Гэхдээ ийм амархан замыг сонгож, иргэдээ хөсөр хаяхын оронд эмх цэгцтэй ажиллуулж, зохион байгуулалтад оруулах нь дээр баймаар санагдав.
Бид налайхын төв гудамжаар хэсэг алхаж иргэдтэй ярилцлаа. Ингэж явахад алхам тутамд хөлчүү хүмүүс тааралдсан. Ганц ажлын байр болох уурхай нь хаагдсан учир архи уухаас өөр ажил үлдээгүй гэж хэлэх хүн олон байна. Нэг иргэн “Энэ олон ажилгүй залуучуудыг амьжиргаагаа залгах ажилтай, орлоготой болгож хайрлаач ээ, Монгол Улсын Засгийн Газар минь ээ” гэж ёжилж, хүсэхийн завсар хэлсэн нь нэгийг бодогдуулав. Бас “Эмх журманд ороход тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Хугацаа өгөөд хаах шийдвэрээ гаргасан бол бид түлэх түлээгүй, идэх хоолгүй болохгүй л байлаа. 30.000 айл зөвхөн уурхайгаар л хоол хүнсээ залгуулж байсан. Одоо дэлгүүр хоршоо ажиллахгүй, такси явахгүй, хот явах зардалгүй хүмүүсээр Налайх дүүрлээ. Хэчнээн олон айл уурхай хаагдсанаар амьдрал нь хэцүүдэж буйг шалгалтаар ирж ам лацадсан хүмүүс мэдэж байгаа гэж үү. Ганц ажиллаж, мөнгө олж байсан газар нь уурхай. Өөр үйлдвэр гэх юм алга. Өдөрт би дөчин мянган цаас алддаггүй байсан юм. Бэхэлгээ тавьчихдаг юм юмыг хийдэг байлаа. Та нар Налайхаар яваад үзээрэй. Архи уусан хүмүүс л байна. Ах нь дөрвөн удаа аваарт орсон ч эндээсээ амьдралаа залгуулдаг болохоор энэ уурхайдаа хайртай” хэмээн нүдэндээ нулимс, нүүрэндээ гуниг мэлмэрүүлэн хэлэх иргэдийн энэ мэт үг зүрх зүсэв. Энэ гомдлоо иргэд Ерөнхий сайдад, төр засагт очоод хэлэх боломж тэр бүр байхгүй учир сониноороо дамжуулах нь зүйд нийцнэ гэж бид үзсэн. Тиймээс ч аль болох олон иргэнээс үгийг нь сонсохыг хичээсэн билээ.
Мэдээж уурхайчдыг хэн ч уурхай руу, ам руу хүчээр оруулаагүй. Аюул, аймшиг далласан харанхуй нүх рүү тэд амьдрахын эрхэнд л ордог ажээ. Тэднийг энэ ажлаас нь салгасан нь зүгээр л гуйранчлал руу түлхчихсэнтэй адил болжээ. Энд сүүлийн арваад жил 200 гаруй хүн амиа алдаж, түүнээс олон хүн бэртэж гэмтсэн гэнэ. Энэ нь төрийн бодлогогүй, хараа хяналтгүй олон жил болсонтой л холбоотой. Ингэтэл задгай тавьчихсан байсан хэрнээ нэг л өдөр хатуурхаж олон хүнийг ажилгүй болгосон нь магадгүй уурхайд амиа алдаж, гэмтэж бэртсэнээс ч илүү олон хүний амьдралаар тоглосон алхам болох вий дээ, төр засаг минь ээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
