Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Чулууны увидас

v:* {behavior:url(#default#VML);}
o:* {behavior:url(#default#VML);}
w:* {behavior:url(#default#VML);}
.shape {behavior:url(#default#VML);}

Үнэт болон хагас үнэт чулуунуудын эмчилгээний шинж чанаруудыг хүмүүс эрт дээр үеэс анзаарсаар ирсэн билээ. Урьд цагт хүмүүс чулуун чимэглэлийг тодорхой зорилготойгоор зүүдэг, чулууны “ид шидийг” ашигладаг байсан бол өнөө цагт “ийм боловсролтой хүмүүс” ховор болоод байгаа нь нэн харамсалтай. Аз болоход, монголчуудын гоёоны “үнэт чулуунуудын” дийлэнх нь хиймэл учраас элдэв муу нөлөө бидэнд илэрдэггүй. Харин хямдхан үнэтэй, хагас үнэт болон энгийн гоёлын зэрэглэлд багттаг байгалийн чулуунууд “моодонд ороод” байгаа өнөө үед чулууны тухай мэдэж байхад илүүдэхгүй биз ээ.

Ведүүдийн олон бичвэрт үнэт болон хагас үнэт чулуунуудыг амьтай эд гэж бичсэн байдаг.

Эрдэмтэд чулууны “амьдралыг” сайтар судалсны эцэст чулуунд амьдралын зарим нэг хэлбэр байгааг тогтоогоод байгаа юм. Жишээ нь чулуу амьсгалдаг, амьсгал авалтын хугацаа нь хэдэн жилээр үргэлжилдэг гэнэ. Мөн ургаж томордог, томорсон чулуунаас жижиг бөөрөнхий хэсэг тасарч хуваагдах байдлаар үрждэг байна. Эмийн ургамлыг үндэснээс нь тасалж хатаасны дараа анагаах чадвар нь хэдэн жил л хадгалагддаг бол, чулуу, үндэснээсээ тасарсны дараа анагаах чадвараа хэдэн зуун жилээр хадгалдаг ажээ.

Үнэт чулуу хүний энергийн урсгалд нөлөөлснөөр мэдрэлийн систем болон уураг тархинд зохих нөлөөг үзүүлдэг байна. Энэ хүчийг чулуу ургалтын үедээ, Дэлхийд ойр гаригуудаас олж авдаг бөгөөд гариг бүр тодорхой төрлийн чулууг тодорхой энергээр дүүргэдэг гэнэ. Тэр л энерги нь чулууг эдэлж хэрэглэж байгаа хүнд сайн муугаар нөлөөлдөг учраас чулуутай гоёл чимэглэл зүүхдээ тухайн чулууны танд үзүүлэх “тусламж эсвэл хорлол”-ыг мэдэж байх нь чухал юм. Мөн чулуун эдлэлийг эмчилгээний зориулалтаар зүүж байвал эм тарианы эмчилгээнээс хавьгүй сайн, хоргүй төгс эмчилгээ болдог байна.

Тодорхой өнгийн чулуу тодорхой нэг, “өөрийн” гаригаас эрч хүчээ авдаг. Жишээ нь улаан бадмаараг /рубин/, анар, улаан турмалин болон нарны чулуу Нарнаас эрч хүчээ авдаг байхад сувд болон саран чулуу Сарнаас, Маргад эрдэнэ /Изумруд/ Буд гаригаас, Дорждалам эрдэнэ /бриллиант/ болон цагаан молор эрдэнэ /топаз/ Сугар гаригаас, шар индраанил /сапфир/, шар молор эрдэнэ Бархасбадь гаригаас, хөх индраанил, хөх турмалин, нил ягаан болор /аметист/ Санчир гаригаас, улаан, ягаан шүр, хүрэн турмалин Ангарагаас гэх мэт.

Ведүүдийн оддын зурхайнд од гаригууд болон тэдгээрт хамаарах чулуунууд хүний амьдралд хэрхэн нийлж нөлөөлдгийг тогтоосон байдаг. Энэ дагуу эрдэмтэд судалгаа хийхэд Европ анагаах ухааны эмчилж дийлдэггүй өвчнүүдийг ч чулуу эмчилж чадаж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Чулууны өнгө нь хүртэл онцгой анагаах чадвартай байдаг байна. Хүн дуртай чулуугаа байн байн харж , түүн дээр анхаарлаа төвлөрүүлэн удаан хардаг. Энэ нь өнгөөр эмчлэх эмчилгээтэй нэгэн адил тусдаг. Хүн ногоон мод, хөх тэнгэр, жаргаж байгаа нар зэргийг бишрэн харах үед сэтгэл санаа нь сайхан болж бие организм нь хамгийн зөв гольдролд ордог юм байна. Ингэснээр организм нь өөрөө өөрийгөө илааршуулдаг аж. Хүнд эрүүл мэндэд нь шаардлагатай тодорхой өнгө дутсанаас өвчин үүсэх нь элбэг гэнэ. Иймээс тухайн хүнд дутагдсан өнгө, хэлбэр, энерги бүхий чулууг сонгон зүүлгэхэд өвчин бүрэн эдгэдэг байна.

Одоо бүгдээрээ зарим нэг бидний мэдэх үнэт болон хагас үнэт чулуунуудын шинж чанарууд, эмчилгээний увидастай тодорхой танилцъя.

Доржпалам эрдэнэ /бриллиант/ Хамгийн үнэтэй чулуу гэдгийг хүн бүхэн мэднэ. Энэ эрдэнийг олон хүнтэй харьцдаг хүмүүс зүүхэд тохиромжтой байдаг гэнэ: хаадууд, генералууд, дарангуйлагчид гэх зэргийн хүмүүст хамгийн тохиромжтой чулуу. Бусад хүмүүст нэг их тохиромжтой биш ажээ. Учир нь доржпалам нь дэндүү хүчтэй чулуу учраас хэр баргийн хүнд “хүндэддэг” байна. Ямар ч байсан энэ эрдэнийг өөрөө өөртөө худалдаж авах, хулгайлах зэргийг цээрлэх хэрэгтэй гэнэ. Учир нь ийм доржпалам бүх сайн чанараа гээчихдэг. Бэлгэнд, эсвэл өв залгамжилж авбал аюул багатай. Хэрэв чулуунд толбо, цав мэтийн ямар нэгэн сэв суусан бол ийм чулуу танд зөвхөн хор л авчирдаг.

Доржпалам эрдэнийн шигтгээтэй бөгжийг сард хоёр өдөр /шинэ сар гарсны дараах хоёр хоногт/ зүүж байвал бөөрөнд чулуу үүсэхээс хамгаалдаг, харин хүзүүний зүүлт хэлбэрээр зүүж байвал судасны хатууралтай болохоос сэргийлэгдэхээс гадна зүрхний бах багасдаг юм байна.

Хувилгаан эрдэнэ /александрит/ Гүн өнгөтэй, 3 каратаас дээш жинтэй бол 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуунд тооцогдоно. Байгалийн гэрэлд тод ногоон өнгөтэй харагддаг бол цахилгаан гэрэлд чернилэн ягаан өнгөтэй болдог. Энэ хоёрдмол өнгө нь хүний цусны хоёрдмол шинжтэй /артерийн ба венийн/ шидтэй юм шиг зохицдог гэж үздэг. Учир нь хувилгаан эрдэнэ цус төлжилтийг зохицуулах, цусыг цэвэршүүлэх зэрэг нөлөөтэй ажээ.

Энэ эрдэнийн чулууг байнга зүүх хэрэггүй, хэр баргийн хүнд “хүнддэнэ”, тэгээд ч хувилгаан эрдэнэ муу зүйлийг татаж байдаг дутагдалтай гэнэ. Харин, хэрэв та энэ эрдэнийг 5 жил “амжилттай зүүчихээд” байгаа бол айх зүйлгүй: одоо л таны чулуу танд сайн сайхныг авчирч, амьдралын бэрхшээлийг туулахад тань түшиж тулж байх болно гэж мэд.

Хувилгаан эрдэнийг бөгжинд шигтгэж зүүвэл цус нөжрөлтийг дээшлүүлж, элдэв шарх сорви хурдан эдгэдэг. Цусаа цэвэрлэх, ялангуяа судасны хананд наалдсан өөх тосон бөмбөлгийг арилгая гэвэл хувилгаан эрдэнийг шигтгэсэн бугуйвч зүүх хэрэгтэй гэнэ. 1834 оны 4 сарын 17-нд Оросын хаан Александрын насанд хүрсэн өдөр анх нээсэн учраас энэ эрдэнийг александрит гэж нэрлэсэн түүхтэй.

Маргад эрдэнэ /изумруд/ 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу. Цэвэр тунгалаг ногоон өнгөтэй. Буд гаригын энергийг өөртөө шингээсэн байдаг. Балар эртний үеэс л анагаах увидастай чулуунд тооцогдож байв. Эзэн нь муу санаа агуулж явдаг бол энэ чулуунд цав суудаг бөгөөд эзэн нь үүнийхээ төлөө аль муугаа үзэж шийтгүүлдэг аж. Харин сайхан сэтгэлтэй хүнийг маргад эрдэнэ нь ивээлдээ авдаг гэнэ. Маргад эрдэнийг үе үе ширтэж байваас нүдний хараа сайжрахаас гадна нүдэнд хурсан “үүл” ч арилдаг байна. Хэрэв маргад эрдэнийг зүүлт хэлбэрээр байнга зүүж байвал зүүд нойр ариусч, тайван унтдаг болно. Татаж унадаг эпилепси өвчтэй хүн бөгжинд шигтгэж зүүвэл, өвчин нь бүрэн эдгэрч, маргад эрдэнэ нь өөрөө бут үсэрч хагардаг гэнэ. Энэ гайхамшигтай чулууг сэтгэлээр унамтгай хүмүүс, байнга хий хоосон айж түгшиж байдаг хүмүүс, гэнэт уурлаж бухимддаг гэх мэтийн сэтгэл санааны өөрчлөлттэй хүмүүс зүүж байх хэрэгтэй. Маргад эрдэнийг өв залгамжлан эдэлж хэрэглэж байвал түүний сайн нөлөө улам үржиж байдаг юм байна.

Индраанил /сапфир/ 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу. Тунгалаг, хөх ягаанаас индиго-хөх хүртэл өнгөтэй байж болно. Эртний Ромд түүнийг ариун чулуунд тооцдог байжээ. Өндөр сурвалжит бурхантай харьцдаг хүмүүс л индраанилыг зүүх эрхийг эдэлдэг байв.

Энэ үнэт чулуу гэр бүлийн ариун сайхныг билэгддэг учраас гэрлэж байгаа хосуудад индраанил дээд зэргийн бэлэг болно. Эзнээ элдэв хараалаас хамгаалж байдаг. Дунд чихний архаг үрэвсэлтэй хүмүүс, мөн вестибулярын аппаратын /тэнцвэр нь алдагдсан/ өвчтэй хүмүүс индраанилыг зүүвэл ихээхэн тустай ажээ. Мөн эрт дээр үеээс далайчид индраанилыг шүтэж, усан онгоц сүйрэх аюулаас авардаг гэж үздэг байлаа.

Усан биндэрьяа /аквамарин/ нь маргад эрдэнийг орлодог үнэт чулуу учраас түүний адил Буд гаригийг төлөөлдөг. Иймээс ухаан муутай хүнд ухаан нэмнэ, боловсролоо дээшлүүлэхэд тусална, аз жаргалыг танд бэлэглэнэ. Үүнээс гадна усан биндэрья Сугар гаригийн эрч хүчийг агуулсан байдаг тул гэр бүл болсон хосуудийг ивээж, тэдний хайр сэтгэлийг улам бадрааж өгдөг гэнэ. Энэ чулууг мөнгөнд шигтгэж чигчий хуруундаа зүүх ёстой юм байна.

Бадмаараг /рубин/ 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу, час улаанаас хүрэн улаан хүртэл өнгөтэй байдаг. Дорно зүгийн улсууд түүнийг доржпалам эрдэнээс илүүд үнэлдэг байжээ. Эртний Энэтхэг улсад бадмаараг эрдэнийг хамгийн ариунд тооцож, эрдэнийн чулуудын хаан гэж үздэг байв. Бадмаарагтай холбоотой олон сайхан домог байдгийг та сонссон бизээ. Энэ эрдэнийн чулууг эрт дээр үеээс эмчилгээнд хэрэглэсээр ирсэн билээ. Сэтгэлээр унагсадыг сэргээдэг, цус шүүрсэн шархыг түргэн эдгээдэг, хүч тамир оруулдаг гээд түүний увидас гайхамшигтай. Даралт багатай хүмүүс нар жаргах үед усан үзмийн улаан дарсанд бадмаараг хийж 3 минут байлгаад ууж байвал маш сайн байдаг. Хэрэв бадмааргийг зүүлт хэлбэрээр зүүвэл эпилепси болон мэдрэлийн ядаргаанд орж нүд ам нь татдаг болсон хүнд тусаа өгнө. Харин сэтгэлийн хөөрөл ихтэй болоод ямар нэгэн цусны өвчтэй, мөн даралт ихтэй хүмүүст бадмаараг эрдэнэ зүүж огт болохгүй юм байна.

Молор эрдэнэ /топаз/ бол 3-р зэрэглэлийн үнэт чулуу юм. Хөхдүү-шараас ягаавтар хүртэл олон өнгийн молор эрдэнэ байдаг. Хөх-цэнхэр өнгөтэй молор эрдэнийг далайчид шүтдэг. Тунгалаг хөх молор эрдэнэ далай тэнгисийг удирдаж шуургыг намсгадаг, хөлөг онгоцыг сүйрлээс авардаг гэж итгэдэг байв. Молор эрдэнэд Тэнгэрийн ван болон Санчир гаригийн энерги шингээтэй байдаг гэнэ. Иймээс энэ чулуу ховсдогч нарын хувьд мэргэжлийн чулуу болдог аж. Ер нь молор эрдэнэ ихээхэн “хэцүү” чулуу учраас түүнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Сэтгэл санаа султай, “юманд автамтгай” хүмүүс энэ чулууг зүүвэл сэтгэцийн өвчтэй болох аюултай. Мөн холын замд аялахаар гарахдаа молор эрдэнээ гэртээ орхиод яваарай. Элдэв аюулыг молор эрдэнэ өөртөө татаж байдаг юм байна. Энэ бол тайван, өөрчлөгддөггүй орчинд байх дуртай “гэрийн” чулуу юм. Эмчилгээний увидасын хувьд: үр хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа эмэгтэйчүүд ягаан молор эрдэнийг хэлхэн хүзүүндээ зүүх хэрэгтэй. Шар молор эрдэнийг бөгжинд юмуу ээмгэнд шигтгэж зүүвэл толгойн өвчнөөс салж болох ажээ. Мөн хүзүүндээ унжуулж зүүвэл бронхийн астмтай хүмүүсийн ханиалга мэдэгдэхүйц

Гэрэлт чимид /опал/ Хагас үнэт чулуу. Далайн ван гаригийн төлөөлөл. Ясны чөмөг, мэдрэл, төлжих эдүүдийг бэхжүүлдэг. Мөн нүдний хараа сайжруулна, толгойны мигрень өвчинд их тустай. Зөн совинг хөгжүүлнэ. Гэрэлт чимидийг алт, мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүх хэрэгтэй.

Муурны нүд /кошачий глаз/ чулуу нь харшил, байн байн ханиад хүрэх, харшлын үүдэлтэй астм, бөөрний дисфункц зэрэгт сайн. Мөн сэтгэлийн хөдлөлд автамтгай хүмүүст өөрийгөө хянах чадвар олгодог. Сэтгэл зүйн эмчилгээ хийдэг хүмүүс энэ чулууг алтанд суулгаж чигчий хуруундаа зүүвэл өвчтөнийхөө сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалж чадна.

Уулын болор /горный хрусталь/ Буд гаригтай төрөл нэг энергитэй бөгөөд доржпалам эрдэнэтэй нэлээд төстэйгөөр  нөлөөлдөг. Аливааг хүлээж авах чадвар болон зөн совинг дээшлүүлэхээс гадна  хүмүүстэй харьцах чадварт ч сайнаар нөлөөлнө. Уулын болорыг хэлхэж хүзүүндээ зүүх, эсвэл алт мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүдэг.

Мана /агат/ бол маш олон янз байдаг энгийн гоёлын чулуу юм. Хөхдүү, бор саарал, хар саарал, хар, сүүн цагаан, ногоовтор, утаат, судалт  зэрэг маш олон өнгө байдаг бөгөөд тэр болгон өөрөөр нэрлэгддэг. Эрт цагт энх тайван, хайр сэтгэлийг бэлэгддэг байжээ. Далдын муу хүчнүүдээс эзнээ хамгаалдаг гэж бас үздэг. Өнгөнөөсөө хамаарч өвчин анагаах чадвар нь бас өөр өөр байх. Шар манан бөгжийг зүүн гартаа зүүж байвал урт удаан наслана. Давхарлаг үүсгэн солонгорсон өнгөтэй мана эрэгтэй хүний бэлгийн чадавхийг нэмэгдүүлнэ. Хурц улаан өнгөтэй бол могойн хорыг саармагжуулна. Цагаан маныг аягатай усанд 5 минут хийгээд түүгээрээ хоол идсэнийхээ дараа шүдээ зайлж байвал шүд тань цагаан болно. Манан бөгжийг баруун гарынхаа долоовор хуруунд зүүж байвал сэтгэл санааг сэргээх, хүч тамир оруулах увидастай. Хүзүүндээ зүүвэл ходоод гэдэсний өвчтэй хүмүүст тустай.

Талстат мана /оникс/ Хагас үнэт чулуу, Нар болон Бархасбадь гаригийн эрч хүчээр цэнэглэгдсэн байдаг тул хөгшрилтийн өвчнүүдэд, мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн системийн дисфункц  зэрэгт сайн. Мөн эпилепси, паркинсоны өвчин, шизофрени зэрэгт тустай. Тайван гүн нойрсоё гэвэл танд талстат мана  хэрэг болно. Бас ой ухааныг бэхжүүлж, бодол санааг тэгшрүүлдэг. Энэ чулууг  зүүсэн хүн тайван налгар, аз жаргалтай болдог гэнэ. Хайр сэтгэлийг ч улам лавшруулдаг увидастай ажээ. Мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүнэ. Харин та Ихрийн эсвэл Нумын ордод төрсөн бол энэ чулууг зүүж болохгүй.

Хаш /нефрит/ Энгийн гоёлын чулуу, маш олон янз байдаг. Урт наслалтын чулуу.  Бөөрөнд сайнаар нөлөөлдөг болохоор “бөөрний чулуу” ч гэдэг. Орондоо шээдэг хүүхдийн гудсан доогуур нь шөнөдөө хаш чулуу хийж, өдөр нь гаргаж наранд тавьж байх хэрэгтэй. Шээсний замын ямар нэгэн өрөвсөлтэй эмэгтэйчүүд хашыг хэлхэж хүзүүндээ эсвэл бугуйндаа зүүвэл нэн тустай гэнэ. Мөн дэлүүний ажиллагаа ч сайжирдаг. Бас нүдэнд “үүл” үүсэхээс сэргийлнэ.  Хаш  зүүсэн хүн амжилтаар дүүрэн байдаг гэнэ. Ажил хэргээ бүтэмжтэй  байлгахын тулд чигчий хуруундаа хаш  шигтгээтэй мөнгөн бөгж зүүгээрэй.

Нил ягаан болор /аметист/ нь тунгалаг, цайвар чернилэн ягаанаас тод чернилэн ягаан хүртэл өнгөтэй байдаг хагас үнэт чулуу. Хүний дээд хэсгийн энергийн төвийн чулуу учраас ухаан санааг тунгалаг болгодог увидастай. Грек хэлнээс орчуулбал “архи уудаггүй, согтдоггүй” гэсэн утгатай. Энэ чулууг архины хундаганд хийчихээд архи уухад эзэн нь согтдоггүй гэдэг.Мөн итгэл, хайр, найдвар энэ бүхнийг эзэндээ бэлэглэнэ. Тиймээс гэр бүлийн чулуу гэж үздэг. Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдахад тань ч тустай чулуу гэнэ. Нил ягаан болорыг алтанд суулгаж зүүвэл танд хөгжил цэцэглэлийг авчирна. Мэдрэлийн гаралтай булчин сулралтай хүмүүс энэ чулууг үргэлж зүүхээс гадна орныхоо дөрвөн өнцөгт байрлуулбал нэн тустай байдаг. Хэрэв байнга ядам хуруундаа зүүж байвал ямар ч насны ээрүү хүн эдгэрнэ. Хэлгий хүүхдэд хүзүүнд нь зүүлгэвэл засарна. Хаврын улиралд эмэгтэйчүүд нил ягаан болорон зүүлт хоолойдоо зүүвэл сэвхтэх, шинээр үрчлээ үүсэх зэргээс хамгаалагддаг юм байна.

Зарим нил ягаан болор харьцангуй бараан өнгөтэй байдаг. Энэ нь Санчир гаригийнхтай төрөл нэг энергээр цэнэглэгдсэнээс тэр бөгөөд хөх индраанилтай төстэй үйлчилгээ үзүүлдэг байна.

Оюу /бирюза/ бол манайхны хамгийн сайн мэддэг, хэрэглэдэг чулуу билээ. Хагас үнэт чулуу. Ази тивийн улсууд энэ чулууг үнэнч хайрын бэлэгдэл гэж үздэг. Тиймээс ч залуу эмэгтэйчүүдийн азын чулуу гэдэг байна. Эртний оточ нар оюуг олон талын эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Нар мандах үеээр оюу чулууг ширтэж байх нь нүдний хараанд их сайн гэнэ. Мөнгөнд суулгасан оюугаар гоёж явбал нойргүйдэл үгүй болох, цус алдахаас сэргийлэх, яр шарх түргэн эдгэх увидастай. Оюутай ээмэг зүүвэл зүрх судасны өвчин, шар өвчин /гепатит/ зэрэгт сайн. Хэрэв оюуг даавуунд боогоод биедээ авч явж байвал могойд хатгуулах, усанд живэх, аянганд ниргүүлэх аюулд өртдөггүй гэнэ.Үхэх цаг нь ойртсон хүний оюу шигтгээ өнгөө алддаг ажээ.

Анар /гранат/ нь улаан хүрнээс бордуу шар хүртэл өнгөтэй байдаг хагас үнэт чулуу юм. Жижиг ширхэгтэй гадаргуутай жигд будагдсан өнгөтэй байдаг. Олон чулуу анарын бүлэгт хамаардаг. Анар бол “шударга үнэний” чулуу учраас худал хуурмаг зантай эзнээ “үздэггүй”, түүнд гай зовлон авчирч шийтгэдэг гэнэ. Харин хүмүүсийн хооронд найрсаг, үнэнч харьцаа тогтоох “хоббитой” чулуу ажээ. Мөн анар нь идэвх санаачилгатай, ажилсаг хүний чулуу болохоор залхуу, идэвхгүй хүнд зүүлгэчихвэл өөрийн буцлам энергээ зарцуулж чадахгүй болсноос “байж суух газраа олж ядан бухимдаж” өнгөө алддаг гэдэг. Ийм болсон анарыг зүүхээ болихгүй бол зовлон зүдгүүрт унадаг гэнэ. Харин ууланд авирагчид, холын аянчидад их
тусалдаг байна. Амандаа анар чулуу хийгээд байлгавал өндрөөр халуурч байгаа хүний халуун мэдэгдэхүйц буурдаг, хэлхсэн анар хүзүүндээ зүүвэл хоолойн өвчин, амьсгалын дээд замын өвчнүүд, мөнгөн бөгжинд шигтгэж зүүвэл толгойн өвчин, цайвар өнгийн анар зүүвэл судас хатууралтын өвчнийг анагаах бөгөөд ой ухаан ба сонсгол сайжруулдаг олон увидастай чулуу юм байна.

Ногоолин /малахит/ Энгийн гоёлын чулуу, тод ногооноос-хар ногоон хүртэл өнгөтэй байдаг энгийн гоёлын чулуу. Жижиг хүүхдэд ээлтэй чулуу учраас хүүхдийнхээ хүзүүнд зүүх, эсвэл тэргэн дотор нь  хийж байвал элдэв өвчин хүүхдийг тань тойрон гарах ажээ. Ногоолин нь Тэнгэрийн Ван, Сугар гаригуудын энергээр цэнэглэгдсэн байдаг тул хайр сэтгэлийг эзэндээ ихээр татдаг. Залуу охидууд ногоолинг ямар ч хэлбэрээр зүүгээд хэрэггүй: хүчинд автах аюултай. Харин дунд насны эмэгтэйчүүд зүүвэл “хоёрдахь залуу нас нь ирэх”, шинэ үрчлээ нэмэхгүй байх гэнэ. Эрэгтэй хүн зүүн гарныхаа долоовор хуруунд ногоолинтой мөнгөн бөгж зүүж байвал түрүү булчирхайн үрэвсэл гэдэг өвчнөөс хол байх болно. Бүснээсээ унжуулж зүүвэл бэлгийн чадавхид нь маш сайнаар нөлөөлдөг байна.

Саран чулуу бол жоншны төрлийн чулуу, цайвар цэнхэрдүүгээс  ягаан туяатай сүүн цагаан хүртэл өнгөтэй байна. Сарны энергийг өөртөө шингээсэн гэдэг нь нэрнээсээ харагдана. Гэхдээ сувдыг бодвол сарны сайн чанаруудыг агуулдаг юм. Шинэ сартай өдөр саран чулуу хүйтэн болж улам тод гялалздаг гэнэ. Тэргэл сартай өдөр төрсөн бүх хүнд саран чулуу нэн ээлтэй. Мөн Даваа гаригт төрсөн хүмүүст ч ээлтэй, учир нь Даваа гариг бүрт Сар Дэлхийг бүрэн эзэгнэж байдаг гэж эртний зурхайчид үздэг байв. Дундад зууны үед саран чулууг
дурлагсдын чулуунд тооцдог байжээ.

Саран чулуу муугүй “эмч” билээ: Мөнгөнд шигтгэж зүүвэл тархи толгой болон элдэв сэтгэл мэдрэлийн унаж тусдаг өвчнөөс ангижруулна. Унжуулж зүүвэл хэлгий хүмүүст тус болно. Багаасаа зүүдэндээ босч явдаг хүмүүс, тэргэл сартай өдрүүдэд дэрэн дороо саран чулуу хийж унтаж байвал энэ “эвгүй зангаа” орхино. Харин дэндүү зөрүүдэлж эрхэлдэг зантай, бас гомдомтгой хүмүүст саран чулуу “дургүй” гэнэ шүү.

Ундрам /авантюрин/ тунгалаг, бэржгэр, гялтагнууруудтай энгийн гоёлын чулуу. Өнгө нь мөнгөлөг саарлаас бор ногоондуу хүртэл байна. Ундрамыг бас Нарны чулуу ч гэдэг. Алтлаг гялтагнуур цэгүүдийг нь удаан харахад сэтгэл гэгээрч хүч тэнхээ орж бие сайхан болдог. Нарнаас эрч хүчээ авдаг энэ чулууг тагтай сав, харанхуй газар байлгаж болохгүй.

Ундрам ариун хайрыг билэгддэг учраас өсвөр насны охидууд, сарын тэмдэг нь тогтворжоогүй хүүхнүүд зүүвэл сайн байх болно. Мөн төв мэдрэлийн системд тайвшрах үйлчилгээ үзүүлдэг увидасыг нь төрөл бүрийн сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг ажээ. Бөгжинд шигтгэж зүүвэл эпилепси, нүүрний мэдрэлийн судас татах өвчинд тустай. Сарны гуравдахь мөчлөгийн үеээр ундраман бугуйвч, ундраман эрх зэргийг зүүж байвал зүрх судасны системын өвчнүүдийг их сайн эмчилдэг гэнэ. Нялх хүүхдийн орны дээрээс унжуулж зүүвэл хүүхэд тань рахит болон амин дэмийн дутагдалд орохгүйгаас гадна нойр нь бөх болдог юм байна.

Сувд /жемчуг/ чулуу биш ч гэсэн олон сайхан увидастай чимэглэл билээ. Сарнаас эрч хүчээ авдаг. Сувдны гялалзалт эзнийхээ биеийн байдлаас хамаарч байдаг, мөн их хөлрөх үед өнгөө алддаг. Биеэ барьж чаддаггүй хүмүүс сувд зүүх хэрэггүй. Мөн хөгжимчин, жүжигчин, аянчид сувд зүүхэд онцгүй: дотоод эрх чөлөөнд нь саад болоод байдаг гэнэ. Тайван сайхан амьдрал, урт удаан насыг билэгддэг болохоор хуримлаж байгаа хосуудад хамгийн тохирсон бэлэг гэж үздэг.

Хув /янтарь/ нь модны чулуужсан  давирхай юм. Ногоондуугаас коньякны хүртэл өнгөтэй байна. Хув бол гаргуун “эмч” гэдгийг монголчууд ерөнхийдөө мэддэг. Хоолойдоо зүүж бамбай булчирайгаа эмчилдэгийг мэдэхгүй хүн үгүй биз. Мөн нялх хүүхдэд маш их ивээлтэй чулуу билээ: орон дотор нь хийчихвэл эрүүл чийрэг өсөж торнихоос гадна муу хорлолд өртдөггүй гэнэ. Уушигны цус алдалтыг зогсоох, амьсгаа давчдахыг болиулах зэрэг үйлчилгээтэй. Жирэмсэн эмэгтэй хув эдлэл зүүж байвал хэвийн сайхан төрдөг юм байна.

Монголчуудын гоёлдоо хэрэглэдэг чулуунуудын тухай ярихад товчхондоо ийм л байна. Энэ бүх увидас зөвхөн байгалийн чулуунд л байхаас Монголд өргөнөөр худалдагддаг “бадмаараг”, “маргад”, “индраанил” мэтийн хиймэл чулуунуудад огт хамаагүй тул ийм чулуунуудаас “юм горьдоод” ч хэрэггүй, муу нөлөө болчих вий гэж айгаад ч хэрэггүй…

 

Ё.ОДОНЧИМЭГ

www.orosshkolton.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж