
Уулзалтын үеэр Элчин сайд С.Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Катар Улсын Эрхэм Дээд Эмир Шейх Хамад Бен Халифа Аль-Тани-д уламжлахыг хүсч, Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Катар Улсын Эмир урилгын дагуу тааламжтай цагтаа Монгол Улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлж, айлчлалын хугацааг хоёр тал дипломат шугамаар тохиролцох боломжтойг дурдав. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Катар Улсад хийх албан ёсны айлчлалын талаар санал солилцож, энэхүү айлчлал хоёр орны харилцаанд түлхэц өгч, ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Итгэмжлэх жуух бичиг барихад Катарын Эмирийн Ордон, ГХЯ-ны холбогдох албаны хүмүүс, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан байлцлаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.