Стратегийн ордуудыг төрийн өмчид авна гээд байдаг. Гэтэл эхнээсээ төрийн мэдэлд авсан ордынх нь байгаа байдлыг дэлхий нийтээрээ харж байна. Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд төмөр зам, цахилгаан станц, усны хангамж, баяжуулах үйлдвэр гээд дэд бүтцийн төслүүд маш чухал. “Эрдэнэс МГЛ” энэ дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх талаар юу хийж байна вэ?
Манай гол зорилго бол яаж уул уурхайн ордуудын уялдаа холбоог сайжруулж, эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулж, үр ашгийг сайжруулах вэ гэдэг асуудал юм. Засгийн газар, яам, манай компани энэ чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр яагаад Тавантолгой ийм байдал орчихов, Оюутолгойн гэрээ ийм болчихов гэдгийн үндсэн шалтгаануудыг гадна, дотногүй бүгд л мэдэж байгаа. Төр муу менежер гэдгээс гадна төрийн оролцоо бизнест хэтэрхий их байгаа болохоор ийм байдалд хүргэж байна. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрснийхээ урьдчилгаа төлбөрийг өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулсан бол өнөөдөр ингэж санхүүгийн хүндрэлд орохгүй байсан. Энэ талаасаа төрийн оролцоо бизнест байж болохгүй гэдгийг бүгд ойлгож байгаа.
Нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн энэ өр зээл Тавантолгой шиг ийм том төсөлтэй харьцуулахад дааж давшгүй, дампууруулах хэмжээний том хүндрэл биш. Яагаад гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил 7 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. Гэтэл тавьсан өр нь ганцхан жилд олборлох нүүрснийхээ 30-40 хувиар дарах боломжтой байгаа. Хойшдоо 20-40 сая тонн нүүрс олборлоно гээд тооцвол бизнесийн хувьд нэг их айхтар нөлөөлөл биш.
Төрийн бодлого гараад хэрэгжүүлэх шатанд орохоор янз бүрийн асуудал үүсдэг юм болов уу. Бүр томоор нь харж үзье л дээ. Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд бид юу хийх ёстой вэ? Нийт нөөц нь 7 тэрбум тонн, цаашдаа нарийвчилсан хайгуул хийхэд нэмэгдэнэ. Жилдээ 40 сая тонныг олборлоно гээд үзэхэд нөгөө усны хэрэглээ, тээвэрлэлт, хилийн нэвтрүүлэх чадвар гээд олон зүйлийг шийдэх хэрэгтэй. Энэ бүхнийг ганц “Эрдэнэс Тавантолгой” өнөөдөртөө хүчрэхгүй. Тэгэхээр Тавантолгойн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бүгд тусдаа төмөр зам, авто зам тавиад л, цахилгаан станц байгуулаад, усны асуудлаа шийдээд байх нь үр дүнгүй болно. Дээр нь нэг бассейнаас нүүрс олборлочихоод хилээр гаргаад Хятадын 100 хувийн төрийн өмчит нэг компанид бүгдээрээ үнээ буулгаж, өрсөлдөж өгөөд байвал юу болох вэ. Энэ бүхнийг зохицуулах үүрэг “Эрдэнэс МГЛ”-д бий.
Тавантолгойд 100-200 жил ашиглах нүүрсний нөөц байна. Үүнийг чинь би ухаад гаргая, би угаая, би тээвэрлэе, би худалдаж авъя, шаардлагатай бол би урьдчилгаа төлбөрийг нь өгье гэсэн саналууд тавьж байна. Ийм бизнес дэлхий дээр байна уу. Энэ нүүрс чинь газар дор нэг ч төгрөгийн үнэгүй байж байгаа шүү дээ. Гагцхүү энэ олон санал дундаас улс төрийн шийдвэр ч гэх юм уу, амлалтын гайгаар ч гэдэг юм уу, аль болохгүйг нь сонгочихсон. Хамгийн том алдаа энэ. Одоо ч гэсэн Тавантолгойд боломжууд байна. Гол нь ухаалаг шийдвэр л хэрэгтэй.
Тавантолгой ийм байгаа бол Оюутолгой бас дутахгүй асуудалтай байх шиг байна. Оюутолгойн гэрээнд тусгагдаж чадаагүй ямар асуудлуудыг Та харж байна вэ? Хүдэр дэх дайвар бүтээгдэхүүний үнэлэмж, хөндлөнгийн лаборатори ч гэдэг юм уу?
Одоо эргээд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг харахаар хэн ч, хэзээ ч хийлээ гэсэн төгс төгөлдөр зүйл хийж чадахгүй. Тухайн үедээ амьдралаас хэний ч санаагүй эрсдэлүүд гарч ирж болно. Тэр эрсдэлүүдийг аль болох багасгах нь талуудын асуудал. Энэ талаасаа хөөгөөд үзвэл гэрээнд олон асуудал бий. Бид ийм том хэлэлцээрийг анх удаа байгуулсан. Энэ төсөл удаашрах тусам хөрөнгө оруулагч талд ч, манай талд ч учир дутагдалтай. Гэхдээ нэгэнт тодорхой болсон зөрчлүүдийг арилгаж шийдэхгүйгээр цааш явна гэвэл цаашдаа их хор хөнөөлтэй. Тиймээс шийдээд явах ёстой.
Бид нэг туйлшрахаараа хэтэрхий туйлшрах юм. Лабораторийн асуудал яригдаж эхлэнгүүт Геологийн төв лаборатори Оюутолгойн баяжмалд хяналт тавина гээд шийдвэр гаргачихсан. Үүнийг манай компани учир дутагдалтай гэж үзэж байгаа. Уул уурхайн үйлдвэрлэлийг цаашид зохистой байдлаар авч явахын тулд хяналт тавих үйл ажиллагааг жаахан томоор харах ёстой. Хүдрийн уурхай дээр ямар агууламжтай хүдэр гарч ирж байна, баяжуулах үйлдвэр рүү ороод ямар хэмжээний хаягдал гарч байна. Хаягдалд нь ямар элемент агуулагдаж байна, ямар агуулгатай хүдэр ороод ямар агуулгатай баяжмал гарч ирж байгааг тогтооё л доо. Ийм агуулгатай хүдэр ороод, ийм ийм дагалдах элементийн агууламжтай ийм баяжмал, ийм үнээр гарч байна гэдгийг нээлттэй болгоё. Үүн дээр үндэслэн авах ёстой татвар хураамжаа авъя. Нэмээд, сорчилж ашиглаж байна гэх мэт элдэв хардлага төрүүлэхгүйн тулд нээлттэй болгоё. Ингэхийн тулд лаборатори бүх юмны эх сурвалж болно.
Нөгөө талаасаа уул уурхайн олон улсын хурал зөвлөгөөнүүд дээр хүмүүсийн ярихыг сонсож байхад Оюутолгойн хэлэлцээрийг хуучин маягаараа тааж яриад байна. Анх манайд ирэхдээ 1800 тонн алт, 45 сая тонн хүдэр ашиглана гэж ярьж байснаа одоо 800 тонн алт болчихлоо, сорчилж ашиглах гэж байна, ТЭЗҮ нь худлаа байна гээд зүгээр л таагаад яриад байдаг. Тэр нь олон нийтэд үнэн юм шиг санагддаг болчихсон. Үнэндээ биднийг уурхай руу оруулсан ч бид хэдийг нь ашиглаж байгааг мэдэхгүй. Тийм болохоор үүнийг мэддэг, хянадаг, удирддаг систем дэлхийд гараад хэзээний ашиглаад эхэлчихэж. Уурхайн үйл ажиллагаан дээр өдөртөө хэдэн метрээс ямар хүдэр олборлоод ямар тээврээр зөөж, яаж баяжуулаад юу гаргаж байгаа, хэдэн хүн ажиллаж байна, төлөвлөснөөс илүү зардал гаргаж байгаа эсэх, төлөвлөсөн хэмжээгээр олборлож байна уу, хаягдал их гарч байна уу гээд бүгдийг хянаж байдаг нэгдсэн систем бий болж, ашиглаж байна.
Энэ асуудлыг бид гаргаж тавьж байгаа юм. Толгой компани дээр ямар программ хэрэглэх ёстой, дата баазыг яаж бүрдүүлэх, салбар охин компаниудын мэдээллийг яаж цуглуулж, үйл ажиллагааг нь яаж хянах ёстой юм гэдэг асуудал орхигдчихсон. Өнөөдөр Оюутолгой ямар программ ашиглаж, Канад, Англи, Австрали дахь төв оффисууд нь түүнийгээ яаж хянаад байгаа юм, түүн шиг бид ч бас тэднийг хянаж байх ёстой. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны нэгдсэн системд оръё гэсэн үг. Лабораториор бид баяжмалд хяналтаа тавьчихна, үйл ажиллагааны программаар бүх асуудлаа хяначихъя, хэлэлцээрт ороод санхүүгийн нэгдсэн программд орчихъё. Ингэвэл өнөөдрийнх шиг Оюутолгой мэдээллээ гаргаж өгөхгүй, бид гуйх нь холгүй байх явдал дахиж гарахгүй. Ер нь бид Оюутолгойг аймаар том гэж хараад, Засгийн газар л орж хэлэлцээр хийхгүй бол болохгүй гэж ойлгодог. Монголд бүртгэлтэй гадны хөрөнгө оруулалттай жирийн л нэг компани шүү дээ.
Лабораторитой холбоотой хоёр дахь том асуудал бол инженерийн лаборатори. Өнөөдөр манайх гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр барина гээд яриад л байдаг. Орост сургууль төгссөн нь нэг өөрийг, Германд төгссөн нь бас өөрийг, Хятадыг судалсан нь бүр өөрийг ярьдаг. Дээрээс нь гадны олон улсын байгууллагууд, компаниуд өөрсдийнхөө төлөөллөөр дамжуулаад тэс хөндлөн зүйл ярьж байх жишээтэй. Гэтэл энэ олон зүйлээс алийг нь авч хэрэгжүүлбэл Монгол улсад боломжтой ашигтай байх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлаад, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар шийдвэр гаргах түвшинд байдаггүй. Жишээ нь Монголд хэдэн тонн төмрийн хүдрийн нөөц байгаа, ямар агуулгатай юм, тэр нөөцөд тулгуурлаад ямар хүчин чадалтай, ямар төрлийн үйлдвэр барих ёстой юм, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол дотооддоо хэдийг нийлүүлэх, илүү гарснаа хэнд зарах вэ гэдгийг судалж байх газар манайд хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, Инженерийн алба лаборатори байгуулах ёстой. Өнөөдөр Монгол улсад уул уурхайн салбар хөгжиж байна гэдэг ч баяжмалд химийн шинжилгээ хийдэг ганцхан төрлийн лабораторийг эс тооцвол ямар ч лаборатори байхгүй. Дэлхийн түвшний үйлдвэрлэл явуулж, хэдэн арван тэрбум долларын асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бид бүх асуудлаа дандаа хүний амаар шийдэж байгаа. Түүнд үнэлэлт дүгнэлт өгөөд, мэргэжлийн түвшинд судалдаг инженерийн мэргэжлийн баг, лаборатори байдаггүй. Хүссэн нэг нь хүссэн ашгаа бодон нэг үйлдвэрийн төсөл бариад ороод ирдэг. Зөв бурууг нь хэлээд өгөх мэргэжлийн байгууллага байдаггүй. Зарим сайн төслийг буруу яриад унагааж байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Ийм нөхцөлд манай улсад лабораторийн асуудлыг өргөн хүрээнд харж, шийдвэрлэх ёстой. Дэлхий дээр гарчихсан, ашиглаж байгаа технологийг бид адилхан л ашиглах ёстой. Манай компани энэ чиглэлээр нэлээд ажил хийх төлөвлөгөөтэй байгаа.
Хувь нийлүүлэгчдийн хуралд хоёр талаас тавьсан асуудлуудыг харахад хоёр тал хоёулаа Хөрөнгө оруулагчдын гэрээгээ өөрчилье гэсэн саналтай байна уу даа гэж ойлгогдохоор байна?
Асуултад хариулахаас өмнө нэг зүйл хэлмээр байна. “Эрдэнэс МГЛ” компанийн хувь нийлүүлэгч нь Монгол улсын Засгийн газар. “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгч нь “Эрдэнэс МГЛ”. Монгол улсад бүртгэлтэй нэг компанийн Хувь нийлүүлэгчдийн хуралд Засгийн газар өөрөө ороод байгаа нь Оюутолгой компанийн гадны хөрөнгө оруулагчдыг өөр түвшний болгож харагдуулаад байгаа юм. Нэг нь нэг улсын компани, нөгөө нь нэг улсын Засгийн газар. Ийм тэнцвэргүй байдлыг бид өөрсдөө бий болгочихоод байна. Манай тал яг гэрээгээ хариуцаж байгаа компанийн оролцоог багасгаж, үнэлэмжийг нь бууруулаад байна. Мэдээж сайд нар оролцож байгаа нь ач холбогдолтой, шийдвэр гарахад дөхөм л байх. Гэхдээ компани компанитайгаа ямар зарчмаар харилцдаг, тэр зарчмаар шулуухан л үзэх хэрэгтэй. Манай Засгийн газар нэр хүндээ бодсон ч тэр.
Гэрээг өөрчлөхийн тухайд бол хэн дуртай нь гэрээгээ өөрчлөөд байвал тэр гэрээний үнэлэмж, утга учир алдагдаж байна гэсэн үг. Энэ талаараа буруу үзэгдэл. Нөгөө талаасаа “Рио Тинто”-гийн тавьж байгаа санал бол бараг гэрээгээ өөрчилье, санхүүжилтээ гэрээний дагуу хийх боломжгүй боллоо гэсэн утгатай байгаа. Харин манай талаас тавьж байгаа санал бол танайх гэрээнд заасан үүргээ биелүүл. Биелүүлж чадахгүй бол гэрээгээ өөрчилье гэж байгаа юм. Ингээд харвал хоёр тал хоёулаа гэрээг өөрчилье гэдэгт санал нэгдэж байна гэж ойлгож болно. Гэтэл энэ процедурыг тайлбарлаж байгаа тайлбар, гадаад орчинд цацагдаж байгаа мэдээлэл нь Монгол улсын Засгийн газар гэрээгээ өөрчилнө гээд байн байн санал тавьдаг юм шиг ойлгогддог. Үүнд бид зөв тайлбар өгч байх ёстой юм шиг байна.
“Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс МГЛ” ч юм уу, хувьцаа эзэмшиж байгаа компаниуд хэлэлцээр хийгээд, гэрээндээ янз бүрийн санал тавиад зөвшилцөлд хүрээгүй л биз. Компани хоорондын асуудал шүү дээ. Юм болгон дээр Засгийн газрын нэр гараад байх нь тийм ч зөв зүйл биш. Сая “Оюутолгой” ХХК-ийн дансыг хаасныг Монгол улсын Засгийн газар хаалаа гэж ярьж байна. Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж татварын зөрчилтэй бол Татварын ерөнхий газар дансыг нь хаагаад, зөрчлөө арилгахыг шаардах нь байдаг л нэг процедур. Гэтэл хаа байгаа Засгийн газрын нэр энд ороогдоод явж байдаг.
Төслийн дараагийн санхүүжилтийг батлахаас Засгийн газар яагаад цааргалаад байгаа юм бэ? Тийм болж бүтэхгүй зүйл байгаа юм уу?
Гэрээнд зааснаар бол анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа ногдол ашиг хуваарилах ёстой. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам түүнийг нөхөх хугацаа нэмэгдэж, ногдол ашиг хуваах хугацаа хойшилно.
Гэрээнд хөрөнгө оруулалтыг “Рио Тинто” компани хийнэ гэж заасан. Гэтэл хоёр дахь хөрөнгө оруулалт буюу төслийн дараагийн хөрөнгө оруулалтыг олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудаас зээлээр санхүүжүүлье гээд байгаа.Тэр зээл өгөх банкууд өөрсдийн эрсдэл, ашгийг тооцоод үзэхээр тэр санхүүжилтийг буцаан төлөх хугацаа уртсаад байгаа юм. Үндсэндээ бараг 2033 онд “Оюутолгой”-д оруулсан бүх санхүүжилт, хөрөнгө оруулалтыг төлж дуусахаар байна. Ингэх юм бол энэ хэлэлцээрийг Монглын ард түмэн хүлээж авахгүй. Ядаж л олон нийтэд ямар ойлголт байна гэхээр Оюутолгойг 30 жил ашиглаад л дуусна гэж боддог. Гэтэл 20 жил ямар ч ногдол ашиг авахгүй байна гэхээр бөөн асуудал босно биз дээ. Тийм болохоор Засгийн газар “Рио Тинто”-гийн танилцуулсан төслийн дараагийн санхүүжилтийг хэзээ ч зөвшөөрч чадахгүй.
Ер нь өнөөдрийн байдлыг харахад Монгол улс энэ түвшингээ хадгалаад явах нь зөв байх. Одоогийн гэрээний заалтууд дээрээ хатуу зогсоод, гэрээнд заасан шаардлагуудаа тавиад, авах ёстой татваруудаа аваад явах хэрэгтэй.