Намууд тоглолтод хэнийгээ гаргах бол?

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Намууд тоглолтод хэнийгээ гаргах бол?

Сагсан бөмбөг, хөлбөмбөг гээд багийн тоглолтонд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж, итгэл найдвар хүлээлгэсэн тоглогчдоо эхэнд гаргаж өрсөлдүүлдэг. Үүнийг гарааны тоглогчид гэдэг. Тэд багийн нүүр царайг илтгэдэг бөгөөд ялалтыг авчрах итгэл найдварыг тээдэг. Мэдээж багт сэлгээний тоглогчид бий. Сэлгээнд мэдээж боломжийн тоглогчид байлгахгүй бол бас л хортой. Гэхдээ л нэрнээсээ эхлээд л үндсэн тоглогчдын “сэлгээнд” зориулагдсан үүрэгтэй. Тэдгээр сэлгээний тоглогчид үндсэн тамирчдыг тэмцээнд оролцох боломжгүй болсон, ядарсан, гэмтсэн, тоглогчийн онцлог тал, багийн тоглолтын байдал зэргээс шалтгаалан талбайд гарцгаадаг. Өөрөөр хэлбэл үндсэн тоглогчдоо амраахад, торгуулийн хугацаанд нь орлуулахад чухал үүрэгтэй.  Мөн сэлгээний тамирчид тоглолтонд гардаг өөр нэг шалтгаан нь тухайн баг ялагдлаа хүлээн зөвшөөрсөн, эсвэл ялах нь 100 хувь тодорхой болчихсон тохиолдол. Энэ боломж сэлгээнийхэнд өөрийгөө харуулах боломжийг олгохоос хэтрэхгүй. Хувийн тоглолт, бусдад өөрийгөө таниулах, “том” тоглолт “үзэх” нь алсдаа багт хэрэгтэй.

Улс төрд ч үндсэн тоглогчид, сэлгээний тоглогчид гэж бий. Том тоглолт ч гэж бий. Ийм тоглолтыг нэрлэвэл, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг болно. УИХ-д үндсэн тоглогчдоо листээр авч гарах, “ялахгүй нь тодорхой” тойргуудад сэлгээний тоглогчдыг гаргах гээд багийн стратеги аль ч намуудад байв. Орон нутгийн сонгуулийн хувьд бараг бүгд л сэлгээнийхэн байсан тул танай манай гэлтгүй ижил нөхцөлд өрсөлдсөн. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд намуудын хэн нь үндсэн тоглогчоо, хэн нь сэлгээний тоглогчоо гаргаад байгаа нь одоог хүртэл ойлгомжгүй хэвээр. Намуудын нэр дэвшигчид арав хүрэхгүй хоногийн дараа жинхэнэ утгаар 100 хувь тодорхой болно. Тодруулбал, хуулинд “Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам, хамтарсан намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш арав хоногийн дараа эхлүүлж, 10 хоногийн хугацаанд дуусгана” гэх заалтын дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн л бол тавдугаар сарын 12-ноос өмнө нэр дэвшигчээ тодруулчихсан байх ёстой болж буй хэрэг. Ардчилсан нам өмнө ялалтыг авчирсан тоглогчдоо гараанд гаргахаар шийдсэнээ нам дотроо зарлачихсан. Харин МАН –ын хувьд яг хэнийгээ вэ гэдгээ нам дотроо шийдээгүй л байна. “Эв нэгдлийн элчийг ард түмнээрээ тодруулья” гэх уриан дор тодорч эхлээд байгаа нь намын дарга гэдгээрээ Ө.Энхтүвшин, эмэгтэй гэдгээрээ Д.Оюунхорол, аварга бөхийн жудагтай гэдгээрээ брэнд хийх зорилготой Б.Бат-Эрдэнэ нар тунаад буй гэнэ. Эдгээр нэр дэвшигчдийн хэн нь намын үндсэн тоглогч байж чадах, хэн нь сэлгээний тоглогч вэ гэж шууд дүгнэх эрх байхгүй. Мөн эдгээрээс өөр хувилбар байхыг ч үгүйсгэхийн аргагүй. МАХН-ын хувьд аль эрт  Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга Л.Цог нарыг нэр дэвших боломжтой гэж зарласанаас хойш ахиж энэ талаар юу болоод байгаа нь таг чиг. Энэ дөрвөөс аль нэг нь тодорч цойлсон зүйл ч ажиглагдсангүй. Тэд МҮАН-тайгаа ч хамтрах гээд байгаа юм шиг, МАН-тай ч эвсэх гээд байгаа юм шиг магадгүй бүр Ардчилсан намыг ч дэмжих гээд байгаа юм шиг “тийм гэхийн тэмдэггүй” хэвээр. ИЗНН-д уг нь өрсөлдөх боломж нь нээлттэй. Тэдний хувьд хэнийгээ өрсөлдүүлэх вэ гэдгээс илүү энэ боломжийг ашиглах уу, үгүй юу л гэдэг болж буй бололтой. Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг үндсэн тоглогчдийн л өрсөлдөөний талбар. Гэвч намуудын сонголт үндсэн тоглогч байх нь уу, сэлгээнийхэн байх уу гэдгийг хүлээж суухаас өөр сонголт алга.

Б.ШАРХҮҮ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж