Найман хувийн хүүтэй зээлийн найдвар

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Найман хувийн хүүтэй зээлийн найдвар

Засгийн газраас дуулгасан орон сууцны зээлийн хүүг найман хувьд хүргэх боломжийн талаарх баярт мэдээний араас тавьж буй олон асуултын тэмдгийн зөвхөн эхнийх нь зээлийн хүү тухайн боломж нөхцлөөс хамаараад найман хувиас ялимгүй их эсвэл ялимгүй бага байх боломжтой гэсэн мэдэгдэл. Засгийн газрын дөрөвдүгээр сарын 13-ны хуралдаанаас шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 ам.метрээс дээшгүй талбай бүхий орон сууц, эсвэл ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас худалдан авахаар хүсэлт гаргасан, орон сууцны нийт үнийн дүнгийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн иргэдийг жилийн 8 (-,+1) хувийн хүүтэй, 20 хүртлэх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг баталж, ипотекийн зээлийг арилжааны бүх банкуудаар дамжуулан иргэдэд олгох ажил эхлэхээр болсныг зарласнаас өмнө нь хоёронтаа хууртсан иргэдэд дахиад л нэг итгэл найдварын гал сүүмэлзэж эхлээд байгаа юм. Гэхдээ үүний араас үнэхээр найман хувийн хүүтэй зээл олгох боломж байна уу, байгаа бол яаж, хэзээ, хэрхэн, хэнд олгох вэ гэх мэт асуултууд хариултгүй бүрхэг хэвээр байна. Бүтээсэй гэсэн сулхан мөртлөө дийлдэшгүй хүчтэй байгаа итгэл найдварыг эс тооцвол…

Монголд ийм хэмжээний зээл олгох санхүүгийн эх үүсвэр чадамж байна уу, ашиглалтад орсон орон сууц хэдий байгаа, ойрын хугацаанд хэчнээн орон сууц босгож чадах вэ, басхүү өмнө нь сонгуулийн гайхам амлалт болгон зургаан хувийн зээл олгоно хэмээгээд өнөөдөр үүнийг дамжуулсан Төрийн банкны удирдлагууд нь дээлээ нөмрөх дээрээ тулаад байгаа шиг ажил болчих вий гээд олон олон асуулт эргэлдсээр. Асуултын эхний учгийг ч гэсэн гаргачих санаатай иргэд, хэвлэл мэдээллийнхний эрлийн үзүүр “Холбогдох яамд ажлын хэсэг гарган ажиллаж, журам баталсны дараа…” гэсэн хариултад хүрээд бүдэрч байна. Эндээс уг нь хэзээ, яаж, хэрхэн зээлийг олгох вэ гэх мэт эхний асуултууд тодрох учиртай. Ямар ч байсан Монголбанкны зүгээс санхүүжилтийн эх үүсвэрийг олох боломжтой, цаашдаа Орон сууц санхүүжилтийн корпорациар бус эхний ээлжинд Төрийн банк, цаашилбал бусад арилжааны банкууд буюу Монголын ипотекийн корпорациар дамжуулан зээл олгох гэж эхний байдлаар яригдж байгаа гэсэн сураг л сонсогдож байна. Энд бас журам гаргах гэсээр байтал “зуун дамжих”-аар хугацаа өнгөрдөг гашуун туршлага байдгийг сануулах юун.

Өнөөдөр нийслэлчүүдийн дийлэнх нь гэр хороололд бүгэж, эцэг эхийнхээ гэрээс өрх тусгаарлах гэсэн залуу гэр бүл бүү хэл насаараа хөдөлмөрлөсөн жирийн дундаж орлоготой өрхүүд ч цалин, хуримтлалаараа орон сууц авах нь бүү хэл орон сууцны зээл авахад ч хүч мөхөсдөж буй. Өмнөх Засгийн газрын амласан зургаан хувийн зээлд горилоод гудамжинд гараад байгаа 2000 гаруй өрхийн гомдол тасраагүй байгаа болохоор найман хувийн зээл мөн л үлгэр мэт сонсогдсон хэвээр. Гэвч өнөөдөр хамгийн доод тал нь жилийн 18 хувийн хүүтэй зээл авч чадахгүй байгаа иргэдийн хувьд 8 /-,+1/ буюу долоо эсвэл есөн хувийн хүүтэй зээл гэдэг бол олдошгүй алтан боломж. Нийслэлийн утаа, түгжрэлийг бууруулахаас эхлээд иргэдийн суурь амьдралын төвшинг зарчмын хувьд өөрчилж чадах орон суужцуулалтын хөтөлбөрийн хамгийн том гацаа тээг нь иргэдийн худалдан авах боломж буюу зээлийн нөхцөл гэдгийг улстөрчид ч, ард иргэд ч ойлгохын дээдээр ойлгож байгаа. Тэр тусмаа иргэд бэлэн амлалт, тусламж гуйх бус зээлийн тогтолцоог бий болгож чадвал хөдөлмөр, орлогоороо хүн шиг нөхцөлд амьдрах боломжтой болохыг хүсч байна. Улс төрчдийн хэрүүл уруул, хэн Ерөнхий сайд байх, хэний буруугаас өмнөх хөтөлбөр бүтэлгүйтэж байсан хийгээд хэн гэгч сайд дарга нар Монголд ирэх гэж байгаа тэргүүтэн иргэдийн хувьд төдийлөн сонин биш. Тэдний ихэнх нь өнөөдөр найман хувийн хүүтэй зээл бүтэх эсэхийг л найдан хүлээж байна.

Тиймээс орон сууцжуулалт хэмээх том хөтөлбөр хэдэн жилийн турш яригдсан ч өнөөдөр Монголд үл гүйцэлдэх мөрөөдөл мэт хэвээр байгаа энэ үед Шинэчлэлийн хэмээх Засгийн газар иргэдийнхээ хүсэл мөрөөдлийг ч өөрсдийнхөө амлалтыг ч биелүүлээсэй гэж хүсэх найдах, магадгүй шаардах хамгийн том зорилт гэдэг нь маргашгүй үнэн юм. Дахин сануулахад гүйцэтгэх засаглалынханд орон сууцны гоё хөтөлбөр гаргаж, амласан бас бүтэлгүйтсэн хангалттай туршлага бий. Тэгэхээр энэ удаад өмнөх Засгийн газрын алдаа хэмээн гоншигнох бус биелүүлэх, бий болгохын төлөө зүтгэх ёстой гэж сануулцгаая. Та бүхэнд ухрах газар үгүй гэж өглөө бүр сануулан шаардсуу. Эхний асуулт болох Орон сууцны найман хувийн зээлийн талаарх журам хэзээ гарах вэ, гүйцэтгэх засаглалынхаан. Энэ асуултын хариуг бид мөн дараагийн дугаартаа хүргэхийг хичээх болно. 

А.АЛТАНТУЯА

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №008

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж