
“Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбоо сүүлийн үед залуучуудад зориулсан ямар үйл ажиллагаа явуулж байна. “3Р” хэлэлцүүлэг дууссаныг мэдэх юм байна?
-“ЗР” хэмээх энэ аргачлалын судалгааг олон улсын түвшинд, төслийн болон олон улсын байгууллагууд ихээхэн ашигладаг. Манай НАМЗХ-ноос өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн 5 сарын хугацаанд 13 аргачлалаар 21 аймаг, 365 сум, нийслэлийн есөн дүүргийн 37 мянга гаруй залуусыг хамруулж энэ судалгааг хийсэн. Манай орны нийт залуучуудын 66 хувийг 35 нас хүртэлх залуучууд эзэлдэг. Энэ залууст тулгамдаж байгаа асуудал юу байна, хамгийн гол нь манай залуучуудын холбооноос явуулж байгаа бодлого хаашаа чиглэх ёстой гэдгийг тодорхойлж байж бодлгоын хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Тэр утгаараа “3Р” хэлэлцүүлгээс гарсан үр дүнд тулгуурлаж, цаашдын үйл ажиллагааны хөтөлбөрүүд гарч эхэлж байна. Бид өнгөрсөн оны аравдугаар сараас хуучин нэрээ “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо хэмээн өөрчилсөн. Манай залуучуудын холбооноос дунд хугацааны зорилтын үечлэлийг гаргаж дөрвөн үечлэлд хуваасан. Эхнийх нь буюу 2010 оны 09 сараас 12 сарын хугацааг бид суурь судалгааны үед хамруулж судалгааны ажлуудыг эхлүүлсэн. Энэ үед “3Р” гарц маань эхэлсэн. Дараагийн үе нь стратеги төлөвлөлтийн үе. Энэ үед бид хэлэлцүүлгээ ч явуулж, залуучуудын холбооныхоо стратеги төлөвлөлтийг боловсруулсан. Хэрэгжилтийн үе гэсэн гуравдугаар үед нь бид дээрхи хэлэлцүүлгээ дуусгаж, залуучуудад ямар бодлогоор ямар үйл ажиллагаа явуулбал зүгээр вэ, тэдэнд өнөөдөр юу хэрэгтэй байна, тулгамдаад байгаа асуудлууд юу байна гэдэг дээр анхааран ажиллаж эхэлсэн. Яг үнэндээ энгийн залуу хүн өнөөдөр нийгэмээс юу хүсч байна, тэр хүний амьдралд юу хэрэгтэй байна, залуусын хүсэл сэтгэл юунд хөтлөгдөж байна гэдгийг бид мэдрэх хэрэгтэй. Тэр ч утгаараа тэр бүхэнд хүрч, тулж ажиллах зорилготой байна. Жишээ нь бид өнгөрсөн хугацаанд “Монгол омогшил” хэмээх уран илтгэлийн тэмцээнийг Улаанбаатар телевизтэй хамтран хийсэн. Энэ нэвтрүүлэгт дандаа залуучууд хамрагдсан. Улс эх орондоо болон хөгжлийн гарцыг тодорхойлох, залуучуудын асуудал юунд байна гэх мэтээр манай уран илтгэгч залуучууд өөр өөрийн өнцгөөр илтгэлээр дамжуулан дуу хоолойгоо хүргэсэн гэж бодож байгаа. Мөн үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэсэн. Бүгд залуучууд хамрагдсан. Энэ бол бас нэг ололт гэж бодож байгаа.
Дөрөвдүгээр үе маань 2014 оноос эхний гурван шатлал үечлэлийнхээ дүгнэлтийг гаргаж, дахин төлөвлөлтийн үеийг эхлэх ёстой байгаа.
-Энэ хэлэлцүүлгийн үр дүн юу байв?
-Дээрхи хэлэлцүүлгийн үр дүн гарсан. Бид өнөөдөр юу хийх хэрэгтэй, залуучуудын төлөө юуг эхлэж хийх хэрэгтэйг бодлогын түвшинд дэд хөтөлбөрүүд болгон гаргаж эхлээд байна. Тухайлбал судалгааны дүнд залуучуудын сэтгэл ханамжийн байдал, биеийн эрүүл мэндийн байдал, өнөөдрийн олж буй орлого, эрхэлж байгаа ажил гэх мэт нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг бид олж авсан байгаа. Мөн залуучуудын хамгийн хэрэгтэй үйл ажиллагааны хэлбэрүүдийг тодорхойлсон. Удахгүй “3Р” гарцын дэд хөтөлбөрүүдээр дамжуулан бид үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ.
-“3Р” гэж яг юу гэсэн утгатай үг вэ. Яагаад үүнийг сонгох болов?
-Энэ бол англи үгийн товчлол л доо. Parthnership, private, public гэсэн. Утга нь төр, хувийн хэвшил, олон нийт гэсэн харилцааг хооронд нь холбон гаргадаг аргачлал гэсэн үг л дээ. Энэ хэлэлцүүлгийн үр дүн юун дээр гардаг вэ гэвэл төрийн хэмжээнд асуудлыг хэрхэн авч үзэх ёстой, хувийн хэвшлийнхэн яах вэ, олон нийт яаж тархаж байна гэдэг нь санал асуудлаар гарсан бүх үр дүнг нэгтгэж ажиллана гэсэн үг. Тухайлбал бидний санал асуулгад оролцсон 37 мянган хүний 60-70 хувь нь ямар асуудалд сэтгэл зовниж, анхаарлаа хандуулж байна. Түүнийг гаргаж ирээд, бодлогын хэмжээнд төр засагт яаж хүргэх, хувийн хэвшлийнхэн хэрхэн ажиллах ёстой. Дараа нь олон нийтэд яаж зөв мэдээлэл хүргэх зэргээ ярих ёстой. Ингэхийн тулд “3Р” аргачлалыг ашиглах нь илүү үр дүнтэй байдаг.
-Санал асуулгад оролцсон залуучуудын төмнө тулгамдсан гол асуудал нь яг юу байх юм?
-Нийт 37852 хүн судалгаанд хамрагдсан. Гэхдээ энэ бол манай холбооноос дангаараа хийсэн судалгаа биш. Суурь судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсэн. Судалгаанаас харахад нийт залуучуудын 67 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэдэнд өнөөдөр хамгийн түрүүнд орон байр хэрэгтэй байна. Төрийн ч бай хувийн ч бай аливаа ажил эрхэлж байгаа залуу хүн одоо авдаг цалингаараа орон сууц худалдаж авна гэвэл хэцүү. Энэ талаар манай холбоо тодорхой хэмжээнд төр засагтай залуучуудын дуу хоолойг хүргэе, үүнд дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа. Бид шууд өнөөдөр байр орон сууцаар хангаж өгч мэдээж чадахгүй. Харин бодлогын түвшинд яаж энэ бүхнийг нээлттэй болгоход ажиллах юм. Хэлэлцүүлгийн дүнд хөдөө орон нутгийн ч тэр, төв суурин газрын ч тэр залуус маань байгаль орчин, гол усаа хамгаалья гэдэг санал гаргасан. Нийслэлийн залуучууд Сэлбэ голоо сэргээе, урсдаг болгоё гэж байна, харин хөдөө орон нутгийхан маань өөрийн нутагт байгаа гол нуураа хамгаалья гэсэн бодолтой байдаг юм байна. Энэ мэтчилэнгээр олон санал, дүгнэлт гарсан байгаа.
-Эрүүл мэнд боловсролын чиглэлээр ямар ажил хийх гэж байгаа бол…
-НАМЗХ-ны таван бодлого бий. Үүний нэг нь “Эрүүл Монгол залуу” гэсэн хөтөлбөр байгаа. Эрүүл Монгол залууг хамгаалах, эрүүл монгол залуучуудыг бий болгох хэрэгтэй. Залуучуудынхаа бодлоготой уялдуулахыг хичээж байна. “Эрүүл Монгол залуу” хөтөлбөрийн хувь залуучуудын дунд өвчлөл хэр байна, Залуучуудад зориулсан эрүүл мэндийн ямар үйл ажиллагаа явуулбал зүйтэй зэрэг хөтөлбөр боловсруулж байна. Тухайлбал НАМЗХ-ны дэргэд хүмүүнлэгийн сан байгуулагдаж байгаа. Тэр сангаараа дамжуулан эрүүл зөв амьдрах, хооллолт, мөн эрүүл мэнддээ анхаарах талаар, за тэгээд цаашлаад хөтөлбөртэйгөө холбоод олон үйл ажиллагааг явуулна. Одоо ингээд телевиз, сонин радиогоор дандаа залуу хүмүүсийн өвчлөлийн талаар их ярьж байна. Энэ залуу өвдлөө ингэж хандив өргөөч гэх мэтээр. Залуу хүн яагаад өвддөг вэ? Үүнийг бид бодох л хэрэгтэй. Тийм ч учраас залуучуудын холбооныхоо нэг том бодлогод “Эрүүл монгол залуу” гэж оруулж ирсэн. Залуу хүн мэдээж эрүүл байх ёстой, эрүүл байж чадаж гэмээ нь улс эх орондоо их зүйлийг бүтээнэ ш дээ. Тэр хүний эрүүл мэнд хамгийн чухал асуудал. Залуучуудын холбооныхоо хамгийн чухал хөтөлбөрийн нэг болгоод бид ажиллаж байна.
-Залуучууд байгаль орчноо хамгаалья. Нийслэлийн залуус Сэлбэ голоо аврая гэсэн гэлээ. Үүнийг тухайлбал бодлогын түвшинд хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Нийслэлийн НАМЗХ-ныхон энэ тухай төслөө боловсруулаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хүргүүлсэн. Сэлбэ голыг хэрхэн урсгах вэ, аль түвшинд яаж ажиллах вэ гээд олон төлөвлөсөн олон зүйл тэнд бий. Бидний хувьд түүнийг ажил хэрэг болгох ямар боломж байгааг хайж байна. Сэлбэ голыг бид урсгахын төлөө ажиллах болно. Санхүүгийн хувьд асар их хөрөнгө шаардлагатай. Гэхдээ аль болох залуучуудын хүчийг ашиглаад энэ ажлыг хийнэ. Сэлбэ голоос гадна бид өнгөрсөн намар Хатан туулаа аврая хөтөлбөрийг бас хэрэгжүүлсэн. Гол ус гэдэг хүний хамгийн хэрэгцээтэй зүйл. Бид гол усаа авран хамгаалах хэрэгтэй. Ялангуяа залуучууд энэ уриаг гарган ажиллаж байгаад би залуу хүнийхээ хувьд их баяртай байгаа.
-Та ч гэсэн Монголын залуучуудын нэг. Тиймээс эх орноо хөгжүүлэхийн төлөө юу хийж байна, залуусыг ямар байгаагай гэж хүсдэг вэ?
-Өнөөдрийг хүртэл миний амьдрал шулуун дардан байгаагүй. Хоолны мөнгөгүй оюутны өдөр олон байсан. Тэр үедээ жишээ нь би ном л уншдаг байлаа даа. Одоо тэр маань их хэрэг болж байнаа. Залуу хүний хувьд залуучуудыг ухамсартай байгаасай, залуусын ухамсрыг сайжруулах юмсан гэж боддог. Ухамсартай байснаар боловсролтой, өөрөө өөрийгөө аваад явчих чадалтай, ирээдүйн амьдралын төлөвлөгөөтэй болчих болов уу гэж би хувьдаа боддог. Залуус маань үнэндээ өнөөдөр хүний санаанд хүртэл ажиллаж, боловсролдоо анхаарч байгаа зүйл харагдахгүй л байна. Нийгэмээ дагаад дутмаг зүйл байдаг л байх. Гэхдээ бид залуу хүн шүү дээ. Бид мэдэхгүй байж болно. Харин чадахгүй байж болохгүй. Ялангуяа мэдэхгүй юмаа мэдэхийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөх хэрэгтэй.
Би олон орны залуучуудыг харж явдаг. Ажлын шугамаар ч тэр, аялалаар ч гадаад оронд явж байхдаа залуучуудыг нь их ажигладаг. Жишээ нь манай хамгийн ойр бараг хөрш болсон Солонгос улс байна. Тэдний залуучууд ямар их ном уншиж, шөнө дөл болтол хичээл хийж, өөрийн хаана хүрэх цэгээ тавиад түүнийхээ төлөө ажиллаж байна гэж санана. Бас л нэг бидний хувьд жишээ болгомоор л газар. Намайг дунд сургуульд байхад өвөл, зуны амралтаараа ном унших даалгавар өгдөг байсан. Одоо манай залуучууд ном унших нь бараг алга болжээ. Тэр утгаараа ч залуучуудыгаа ном уншаад, ухамсараа сайжруулаад сурч боловсроод сайн ажиллаасай гэж хүсэж байна.
Манай холбооноос зүгээс ч бас залуучууддаа дэм болох үүднээс энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Ирэх долоо, наймдугаар сараас залуучуудад зориулсан том төв нээгдэх байх. Залуус тааваараа ном уншиж, сурч боловсорч, интернэтээр дэлхийн хөгжилтэй танилцах гээд олон зүйлийг хийж болох байх. Хамгийн гол нь залуусыг өөрийн гэсэн ухаантай байж, амьдралаа хүнээр заалгахгүй авч явдаг байгаасай гэж уриалья даа. Ингэж чадвал улс эх орны маань хөгжилд бага ч гэсэн хурд нэмнэ гэж хэлмээр байна.